| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/02030/И |
| Дугаар | 1801 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1801
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/01801 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүргийн ...дугаар хороо, ... тоотод оршин суух В.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Б.Б-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.О , хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би хариуцагчтай 1998 онд танилцсан. 2000 онд гэр бүл болсон. 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин О.А төрсөн. Хамтран амьдарч байх хугацаанд буюу 2009 онд Солонгос улс руу явж ажиллаж байгаад 2014 онд эргэж ирсэн юм. 2009 оноос хойш тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрээгүй. Хан-уул дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж хариуцагчийг олж шүүхэд дуудсан байгаа. Бид хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ дуудсан байгаа. Бид хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ хариуцагчийн асрамжид үлдээхээр болсон. Одоохондоо биеийн байдлаас болж ажил хийх боломжгүй байгаа. Гэхдээ цаашдаа хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 оноос хойш хамтран амьдарч байсан. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр охиныг би өөрийн асрамжинд авч, нэхэмжлэгч нь 2018 оноос эхэлж тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцсон. Одоо бол тусдаа удаан байсан учраас дахин хамт амьдрах боломжгүй. Хүүхдээ би өөрийн асрамжид авна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч В.О , хариуцагч Б.Б нар 2000 онд гэр бүл болж, 2001 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин О.А төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүсэж, улмаар 2009 оноос хойш 8 жилийн хугацаанд тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан охин О.А-г эх Б.Б ын асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин О.А-г эцэг В.О нь тэжээн тэтгэх үндэстэй байна.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... овогт В.О-т, ... овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.А-г эх Б.Б-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү охин О.А-г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.О нь тэжээн тэтгэсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч В.О аас нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.528 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР