Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга А.Болор,

 

улсын яллагч Г.Эрдэнэ,

 

шүүгдэгч Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Г-т холбогдох эрүүгийн 1706 01228 0221 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, гавъяа шагналгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ч-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г- нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх газрын талбайд хохирогч О.Д-ыг хүргэж өгч, буулгахдаа түүний машинд нь орхиж буусан “Самсунг Галакси Нөт-5” загварын гар утсыг авч, завшсаны улмаас 600.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г- мэдүүлэхдээ: “Би 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Цайз” захын “Петровис” шатахуун түгээх станцаас хоёр хүн аваад “Дарь-Эх”-ийн “М-Ойл” шатахуун түгээх станц дээр буулгаж буцаад явсан. Сансар дээр хүн хүлээж зогсохдоо утас байхыг нь харсан. Утсыг нь аваад үзэхэд утасны цэнэг нь дуусаад унтарчихсан байсан.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ы мэдүүлэг /хх-9-10/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай

 

2

 

тэмдэглэл /хх-13/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21-22/, шүүгдэгч Ч.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41-42/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г- нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх газрын талбайд хохирогч О.Д-ыг хүргэж өгч, буулгахдаа түүний машинд нь орхиж буусан “Самсунг Галакси Нөт-5” загварын гар утсыг авч, завшсаны улмаас 600.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Д-ы өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 15-ны орой 21 цаг дөнгөж өнгөрч байхад “Цайз” захын цаад талын “Петровис”-ийн колонкийн урд талын зам дээрээс ах Болдбаатарын хамт зам дээрээс такси бариад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Дарь эх”-ийн уулзварын хойд талын “М-Ойл” шатахуун түгээх газрын урд талын талбай дээр ахын хамт буухдаа “Самсунг Галакси Нөт-5” маркийн шаргал өнгийн гар утсаа мартаж буусан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Жолооч нь туранхай 40 гаран насны хүн байсан. Машин нь мөнгөлөг саарал өнгийн “Тоёота карина” маркийн автомашин байсан. Тухайн үед такси бариад явж байхдаа жолоочоос уг автомашины талаар ярьж байхад 1998 онд үйлдвэрлэсэн, 2008 онд Монголд орж ирсэн автомат кроптой машин байсан. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. Би 2017 оны 4 дүгээр сард “Теди” төвөөс 1.200.000 төгрөгөөр “Самсунг Галакси Нөт-5” голд маркийн шаргал өнгийн гар утсаа мартаж буусан. Алдсан зүйлээ одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Г-ийн яллагдагчаар өгсөн: “…Миний бие 2017 оны 8 дугаар сарын 15-ны оройн 21 цагийн үед таксинд явж байгаад Цайз захын орчмоос 2 эрэгтэй хүн суулгаад “Дарь Эх” рүү эргээд “М-Ойл” шатахуун түгээх станц дээр буулгасан. Тэгээд буцаад Сансарын тэнд зам дээр зогсоод мөнгөө тоолчихоод заалны гэрлээ унтраах гээд арагшаа хартал арын суудал дээр нэг шар өнгийн гар утас байсан ба аваад харсан чинь цэнэг нь дуусч байсан. Тэгээд урагшаа тавьчихаад таксиндаа явж байгаад харьсан. Маргааш нь утсыг цэнэглээд асаагаад өөрийн 91635577 гэсэн дугаартай сим картаа хийсэн юм.

 

Мөн 8 дугаар сарын 29-ний өдөр 80503805 дугаараа хийж ашиглаж байгаад баригдсан юм.” /хх-41-42/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12/, Эл зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, Эд зүйлийн үнэлгээ /хх-21-22/,

 

“Скайтел”, “Юнител” ХХК-ийн албан бичиг /хх-25-26/, Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан

 

3

 

шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч О.Д- “…Надад ямар нэгэн гомдол санал алга, гар утсыг минь буцаагаад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” /хх-38/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Г-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч Ч.Г-т ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан

 

Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  17.5  дугаар  зүйлийн  1-д зааснаар  торгуулийн  ял

 

шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт Ч-ын Гийг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Г-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Г- нь шүүх оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
 

4

 

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

    1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                              Э.ЧИНГИС