| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0374/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/335 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэнгэр овогт Д.Б холбогдох эрүүгийн 1711002020016 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тэнгэр овогт Д.Б , 1973 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 37 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 973 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 830.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт О.Г г шалтгаангүйгээр нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Б оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм байдал гаргахгүй, зохих байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг ойлгосон. Торгуулийг төлж барагдуулна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2015 оны 02 дугаар сараас эхэлж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 37 дугаар байрны 2 дугаар орцонд байх “Код” нэртэй ресторанд менежерээр ажиллаж байна. Өнөөдөр буюу 2017.07.13-ны өдөр 16:30 цагаас 23:00 цаг хүртэл хугацаанд ажиллах хувиартай байсан хувиарын дагуу ирж ажиллаж байхад 17:30 цагийн үед би өрөөндөө сууж байхад манай өрөөний хаалгыг нэг хүн аймар балбаад байсан юм. Тэгээд би гараад харахад уг орцонд оршин суудаг зүс таних бүдүүн ах үүдэнд зогсож байхаар нь яасан юу болсон талаар асуухад би та нарт хэлээд байгаа биздээ манай гэрт хиншүү үнэртээд байна энэ хиншүүний үнэрээ гаргалдаа гээд ална шүү гээд орилоод байсан. Тэр хүний эхнэр болох нэг эмэгтэй түүний авч явах гээд л хажуугаар ороод байсан. Тэгээд би хаалгаа хаагаад орох гэтэл тэр залуу миний толгой руу гараараа цохиод авсан. Ингээд цохиулснаас болоод толгойгоо хаалганд давхар цохьчихсон юм тэгээд хэсэг манараад эвгүй байдалд орсон. Ингээд би уйлаад дотогш ороход тогооч Жанчивдорж хараад намайг цохьчихсон уу гэж асууж байсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..” гэжээ /хх-11-12/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9037 дугаар дүгнэлтэд:
“1. О.Г гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34, 36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт О.Г г шалтгаангүйгээр нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь О.Г нь “...гомдолтой...” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэнгэр овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН