Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1042

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч: Б.А-,

Шүүгдэгч: О.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030251679 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Г-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 16а байрны орцны гадна иргэн Б.А-ыг үл ялих зүйлээр шалтаглан хутга хэрэглэж биед нь халдаж, түүнд зүүн нүдний доод зовхины дотор булангийн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, мөрний зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Г- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.А- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр найз охинтойгоо пабад сууж байгаад хүргэж өгөхөөр явсан. Найз охин бид хоёр өмнө нь цуг амьдардаг байсан. Манай найз охин их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан эрэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг тул надад найз охиныхоо гэр рүү орох санаа байгаагүй зөвхөн найз охиноо орц руу нь оруулж өгөх санаатай байсан. Бид манай найз охины байрны орцны гадна 1 асуудлаас болоод бага зэрэг маргалдсан. Ингэхдээ бид их дуу чимээтэй маргалдаж, хашхирсан зүйлгүй байхад Г- цонхоор бид нарт шаардлага тавьсан. Үүний дараа 3 хүн гарч ирэхэд нь би болъё гээд найз охинтойгоо маргалдахаа болиод орц руу орох гэтэл намайг орц руу оруулахгүй гээд 3 хүн над руу зэрэг бүлэглэж дайрсан. Миний толгой руу цохиж байсан. Тухайн үед намайг хэн хутгалсан болохыг би сайн мэдэхгүй байна. Тэгээд найз охиныхоо гэр рүү нь ороод хартал миний хоолой зүсэгдэж цус гарч байсан тул би цагдаа дуудсан. Би Макс молл худалдааны төвд ахлах тогооч ажилтай. Энэ гэмт хэргийн улмаас 2 сар ажилгүй байсан. Тиймээс би Г-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон 2 сар ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 2.900.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед өөрийн найз охин Баярцэцэгтэй гадуур явж байгаад гэрт нь хүргэж өгөх гээд Богд-Ар хорооллын 16-р байрны гадаа ирсэн. Тухайн үед би найз охинтойгоо бага зэрэг асуудалтай байсан болохоор бага зэрэг маргаан үүссэн. Тэгэхэд тэр байрны гадаа жижүүрийн путикны цонх нь онгорхой байсан ба дотроос нь унтуулж амраагаач пизда нар минь гээд хүн орилоод байсан. Тэгэхээр нь гараад ир гэхэд дотроос нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь найз охиноо орц руу нь оруулж өгөөд нөгөө хэдэд хандан одоо больцгоо гэхэд тэнд байсан нэг эрэгтэй нь чи манай байрны хүн биш байна гээд намайг оруулахгүй байсан. Тэгээд тэд нар над руу дайраад би нэг залуутай нь заамдалцаж аваад муудалцсан. Тэгэхэд нэг мэдсэн чинь миний хоолой мөрнөөс цус гараад салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/,

Гэрч Ч.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед өөрийн найз Г-ийн гэрт Богд-Арын 5а байрны жижүүрийн өрөөнд амрах гэж байхад гадна эрэгтэй, эмэгтэй хоёр орилоод маргалдаад байсан. Тэгээд Г- босоод цонхоороо унтаж амармаар байна гэхэд нөгөө эрэгтэй чи хэн юм гараад ир гээд Г- түрүүлээд гарсан. ...нөгөө залуутай нь Г- маргалдаад барьцалдаад авсан. ...тэгээд тэр хоёр орцны 1 давхарт хоорондоо зууралдаж ноцолдоод бие биенийгээ харилцан цохилцоод нэг мэдсэн чинь нөгөө залуугийн цээж нь цус болсон найз охин нь орилоод байхаар нь би салгасан. Тэгэхэд Г- гадаа хар машин доогуур хутга байгаа хаячих гэхээр нь би үгүй гэхэд Г- өөрөө гарч яваад буцаж орж ирэхдээ хутга хаячхаад ирлээ гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...чи ямар овоо юм бэ гээд манай найз залуугийн нүүрэнд нь 2-3 удаа цохиод байсан. Нэг мэдсэн чинь манай найз залуугаас цус гараад байхаар нь тухайн үедээ хамарнаас нь цус гараад байх гэж бодсон чинь хамарнаас нь биш хүзүүнээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээчийн 12255 тоот дүгнэлтэд: “...Б.А-ын биед зүүн нүдний доод зовхины дотор булангийн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, мөрний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний доод зовхины дотор булангийн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүү, баруун дал, мөрний зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цохих, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 34-35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд /хх-н 44-45/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-60, 64-71, 80, 96-119/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 16а байрны гадна орцонд иргэн Б.А-ыг орцонд маргалдаж унтаж амраасангүй гэснээс үүдэн маргалдаж хутга хэрэглэж биед нь халдаж, түүнд зүүн нүдний доод зовхины дотор булангийн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, мөрний зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг онц харгис хэрцгий аргаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.А-ын: “...би найз охинтойгоо бага зэрэг асуудалтай байсан болохоор бага зэрэг маргаан үүссэн. Тэгэхэд тэр байрны гадаа жижүүрийн путикны цонх нь онгорхой байсан ба дотроос нь унтуулж амраагаач пизда нар минь гээд хүн орилоод байсан. Тэгэхээр нь гараад ир гэхэд дотроос нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь найз охиноо орц руу нь оруулж өгөөд нөгөө хэдэд хандан одоо больцгоо гэхэд тэнд байсан нэг эрэгтэй нь чи манай байрны хүн биш байна гээд намайг оруулахгүй байсан. Тэгээд тэд нар над руу дайраад би нэг залуутай нь заамдалцаж аваад муудалцсан. Тэгэхэд нэг мэдсэн чинь миний хоолой мөрнөөс цус гараад салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, гэрч Ч.Э-ы: “...Г- босоод цонхоороо унтаж амармаар байна гэхэд нөгөө эрэгтэй чи хэн юм гараад ир гээд Г- түрүүлээд гарсан. ...нөгөө залуутай нь Г- маргалдаад барьцалдаад авсан. ...тэгээд тэр хоёр орцны 1 давхарт хоорондоо зууралдаж ноцолдоод бие биенийгээ харилцан цохилцоод нэг мэдсэн чинь нөгөө залуугийн цээж нь цус болсон найз охин нь орилоод байхаар нь би салгасан. Тэгэхэд Г- гадаа хар машин доогуур хутга байгаа хаячих гэхээр нь би үгүй гэхэд Г- өөрөө гарч яваад буцаж орж ирэхдээ хутга хаячхаад ирлээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч У.Б-ийн: “...чи ямар овоо юм бэ гээд манай найз залуугийн нүүрэнд нь 2-3 удаа цохиод байсан. Нэг мэдсэн чинь манай найз залуугаас цус гараад байхаар нь тухайн үедээ хамарнаас нь цус гараад байна гэж бодсон чинь хамарнаас нь биш хүзүүнээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, шинжээчийн 12255 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулахдаа хутгаар хоолой, дал мөрийг нь зүсэж гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болсон гэж үзэн онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд хохирогчийн амь насанд ч хүрэх аюултай, уг гэмтлийн улмаас хохирогч нь зовж зүдрэхээр байдал бий болсон бодит үр дагавартай болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Г- нь хохирогчтой унтуулж амруулсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар хутгаар хоолой, дал мөрийг нь зүсэж буюу онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардал 126.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.А-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчид баримтаар учирсан хохирлыг шүүх хуралдааны үед өгөх гэсэн боловч хохирогч Б.А- хохирлыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь 2 сар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн тухайн компанид ажилладаг, ажилдаа ирээгүй гэсэн албан тоот байх боловч, тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн баримт болон бусад шаардлагатай нотлох баримт байхгүй тул тухайн хохирлыг шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах боломжгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.А- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Г-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэглэсэн, хувийн байдал буюу урд удаа дараа ял шийтгүүлж байсан, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан 02 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцов.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн урьд баривчлагдсан 02 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 484 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г- нь 484 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-оос 126.650 төгрөг гаргуулж хохирогч Б.А-т олгосугай.
  8. Хохирогч Б.А- нь хохирол хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР