Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0343 |
Огноо | 2014-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0343
“Х” ТББ-ЫН
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Авто тээврийн үндэсний төвийм захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай тушаалын 8 хувийн шимтгэлтэй холбоотой нэг дэх хэсэг болон хавсралтын 2 дахь хэсгүүдийн “А”, “Г” ХХК, “Ш”, “Б” ХХК, “М”, “Х”, “Т”, “А” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Авто тээврийн үндэсний төв нь Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд өөрийн үйлчилгээгээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.9-д заасны дагуу өөрөө үнэлэн борлуулах эрхтэй. Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилладаг. Нийслэл дэх авто вокзалуудын үйл ажиллагааны 647 сая төгрөгийн зардлыг манайхаас санхүүжүүлдэг. Мөн Тээврийн хэрэгслийн хяналтын систем 24 цагийн турш ажиллаж, нийт 900 сая төгрөгийн зардал гардаг. Иймд өөрийн үйл ажиллагааг нөхөх зарчмаар ажилладаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр: Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 17.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК, “М” ХХК, “Газрын Од" ХХК, “Т” ХК, "Шуудан тээх" ХХК, “А” ХХК, "Бид Анд нар" ХХК, “Х” ХХК зэрэг 8 аж ахуйн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х” ТББ-аас Автотээврийн үндэсний төвийн захиралд холбогдуулан гаргасан "Автотээврийн үндэсний төвийн захирлын 2014 оны 19 тоот тушаалын 8 хувь шимтгэлд холбогдох нэг дэх хэсэг болон хавсралтын хоёр дахь хэсгүүдийн нэр бүхий найман аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1.Шүүх Авто тээврийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар
Маргаан бүхий захиргааны акт болох хариуцагчийн 2014 оны 02 сарын 05-ны өдрийн 19 тоот тушаалын дагуу Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос 8 хувийн шимтгэлийг шууд суутган өөрийн дансанд авч байна.
Энэхүү үйлдэл нь авто тээврийн салбарын эрх зүйн үндсийг тодорхойлдог Авто тээврийн тухай хууль, түүнтэй уялдуулан гаргасан Авто тээврээр ачаа зорчигч тээвэрлэх дүрэм зэрэг тус салбарын болон татварын хууль тогтоомжуудад үндэслэгдээгүй ба энэ хураамжийн талаар ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй юм. Мөн авто тээврийн салбарын хууль тогтоомжоор тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд ямар нэг үйлчилгээ үзүүлэх, түүнийхээ төлөө хураамж авах эрх хариуцагчид олгогдоогүй.
Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хариуцагчийг Авто тээврийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа мэтээр түүний хууль бус үйлдлийг зөвтгөсөн ба үүнийгээ нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болгожээ. Тодруулбал, ... Шүүх Авто тээврийн тухай хуулийн 17.1,17.2,17.3 болон 15.2 дахь гэсэн заалтуудын дагуу Авто тээврийн үндэсний төвөөс тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж дүгнэсэн байна. Гэтэл шүүхийн хэрэглэсэн Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйл нь бүхэлдээ авто тээврийн хэрэгслийн хяналт буюу бидний хэлж заншсанаар автомашины үзлэг
оношилгоо хийх асуудлыг, мөн тус хуулийн 15.6 дахь заалт нь тус хуулийн 15.1-т заасан "Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй гэрээ байгуулах асуудал буюу бидний маргаж байгаа үйл баримтаас огт өөр асуудлыг тус тус зохицуулсан байна
Шүүхийн шийдвэрт дурьдсан шиг Авто тээврийн үндэсний төв нь Засгийн газрын гишүүний эрхлэх ажпын хүрээнд хот хоорондын тээвэрлэгчдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн зохицуулалт хуульд огг байдаггүй юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналт, үзлэг оношилгоо хийх эрхийн талаар огт маргаагүй байхад үүнтэй холбоотой заалтуудыг шүүх шийдвэртээ заасан байх юм. Түүнчлэн Авто тээврийн тухай хуульд 2011 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр хот хоорондын зорчигч, шуудан тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад тус хуулийн 15.6-г буруу тайлбарлаж биднийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болгон хуулиар хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой гэсэн байдлаар шийдвэрт бичжээ.
Ийнхүү нэхэмжпэгчийг хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ байгуулдаг мэтээр, Авто тээврийн тухай хуулиар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс зөвшилцөн тохиролцохгүйгээр 8 хувь гэж хатуу хувь хэмжээ тогтоох, үйлчилгээ үзүүлэх эрх хэмжээ хариуцагчид олгогдсон байдаг мэтээр хуулийг буруу тайлбарласан ба шийдвэрийн Тогтоох хэсэгт Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 17 3 ...тус тус баримтлан ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тухайн буруу тайлбарласан хуулийн заалтуудаа маргааныг шийдвэрлэхдээ шууд хэрэглэсэн байна. Ийнхүү хуулийг буруу хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.2-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.
2. Хариуцагчид 019 тоот актыг гаргах эрх хэмжээ байхгүй талаар Автотээврийн үндэсний төв нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын 336 тоот тогтоолоор аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж өөрчлөн зохион байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд гэж тодорхойлсон байдаг.
Авто тээврийн үндэсний төв нь иргэний гүйлгээнд бие даан оролцоно гэдэг нь бусад иргэн аж ахуйн нэгжүүдтэй ижил тэнцүү эрх хэмжээнд иргэний эрх зүйн харилцаанд оролцож үйл ажиллагаагаа явуулна гэсэн утгатай. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн захирал нь тушаал гаргаж тооцоо судалгаагүй хатуу хувь хэмжээ тогтоож бусад аж ахуйн нэгжүүдээс хураамж авч байгаа нь тус байгууллагын бие даан
иргэний гүйлгээнд оролцох үндсэн шинжтэй зөрчилдөж байна.
Хэрвээ бид Авто тээврийн үндэсний төвд ямар нэгэн төлбөр төлөх ёстой бол гэрээгээрээ тээвэрлэгч, тээвэрлүүлэгч талууд тохиролцож тогтоох ёстой ба одоогийч байдлаар Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээний төлбөр төлөх тухай ямар ч гэрээ хэлэлцээр байхгүй байгаа.
Түүнчлэн Авто тээврийн тухай хууль, Татварын хууль тогтоомжуудаар үйлчилгээ үзүүлсний төлөө төлбөр хураамж хураах эрх Авто тээврийн үндэсний төвд олгогдоогүй гэдгийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шийдвэрт заасан Авто тээврийн тухай хуулийн дөрвөн заалт (17.1, 17.2, 17.3, 15.6) маргааны зүйлд хамааралгүй болох нь өмнө дурьдсан тайлбараас тодорхой харагдах ба үүнээс өөр эрх хэмжээ олгосон гэх заалт шүүхийн шийдвэрт байхгүй байна.
019 тоот актад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 гэсэн ганцхан хуулийн заалтыг баримталсан байдаг боловч тус хуульд 20.9 гэсэн заалт байдаггүй юм байна.
Харин Шүүх 019 тоот тушаал дээр байгаа 20.9 гэсэн заалтыг "20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт" гэж өргөжүүлэн өөрөө тайлбарлаж (Шийдвэрийн 9 дэх тал) шийдвэртээ заажээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.4-т 'Үндэслэх хэсэгт . .захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана' гэж зааснаас бус хууль зүйн алдаатай үндэслэлийг зөвтгөж буюу дэлгэрүүлж тайлбарлана гэж заагаагүй байдаг.
Мөн Шүүхийн хэрэглэсэн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал нь улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн ажил, үйлчилгээн үнэ, тарифыг тогтоох аж ахуйн нэгжүүдээс авч буй энэ их мөнгийг Хариуцагч юунд зарцуулдгийг тодорхой болгосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэгчээс дээрх хүсэлтийг гаргасан боловч хариуцагч 2013 он дууссан байхад 2013 оны төсвийн төсөөлөл гэсэн баримтыг гарган өгч, улмаар шүүх өмнөх хүсэлтийг бүрэн хангахгүйгээр хуралдааныг хийснийг давж заалдах шатны шүүх анхаарна уу.
Аливаа аж ахуйн нэгж борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг тухайн үйлчилгээг хүртсэн этгээдээс 100 хувь хүлээн авч түүнээсээ холбогдох зардлаа хассаны үндсэн дээр татвар хураамж төлдөг. Гэтэл хот хоорондын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 100 төгрөгийн борлуулалтын орлогод Авто тээврийн үндэсний төв шууд татвар ногдуулан суутгал хийж аж ахуйн нэгжүүд өөрийнхөө дансандаа 92 төгрөгийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, энэ найман хувийн шимтгэлд авч байгаа мөнгө бидний дансанд орлого гэж бүртгэгддэггүй шууд Авто тээврийн төвийн дансанд орж байгаа нь биднийг борлуулалтын орлогоо ч гүйцэд авах боломжгүй болгож байна.
Өөрөөр хэлбэл, хот хоорондын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс жил бүр Авто тээврийн үндэсний төв болон орон нутгуудын тээвэр авто замын газрын авч буй
тус бүрийн 8 хувийн шимтгэл буюу жилд авч буй 3 тэрбум орчим төгрөг татвар ногдох орлогоос гадуур бүртгэгдэж байгааг Давж заалдах шатны шүүх анхаарна уу.
Нэхэмжлэгч байгууллагууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, жолооч нарын нийгмийн даатгал, албан журмын даатгал зэрэг олон татвар, төлбөр, хураамж төлдөг ба эдгээртэй давхцан хариуцагч хуульд заасан үндэслэлгүйгээр 8 хувийн татвар авч бидний аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг ноцтой хохироож хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байна.
Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
“Х” ТББ нь нэр бүхий хуулийн этгээдүүдийг төлөөлөн “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 тоот тушаалын 8 хувийн шимтгэлтэй холбоотой нэг дэх хэсэг болон хавсралтын хоёр дахь хэсгүүдийн “Ач Буян Травел” ХХК, “Г” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК, “М” ХХК, “Х” ХХК, “Т” ХК, “А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиралд холбогдуулан гаргажээ.
“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал “Ажил, үйлчилгээний үнэ, хөлсний хэмжээг тогтоох” тухай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тушаалыг хавсралтын хамт гаргажээ.
Хариуцагч нь дээрх маргаан бүхий тушаалыг гаргаж, “Улсын хоорондын зорчигчийн тогтмол /байнгын/ тээвэрлэлтийн ажил үйлчилгээний үнэ, хөлс” 10 хувь, “Хот хоорондын зорчигчийн тогтмол /байнгын/ тээвэрлэлтийн үйлчилгээний үнэ, хөлс” /том болон дунд оврын автобуснаас 8 хувь, суудлын жижиг автомашин буюу таксинаас 4 хувь гэж тооцон, үйлчилгээ үзүүлсний үнэ гэж зорчигч тээвэрлэсэн тасалбар бүрийн үнээс шууд суутгаж авахаар болжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох” гэжээ.
“Ажил” гэдэг нь ямар нэгэн юмыг бүтээн бий болгох, бэлтгэх, боловсруулах биеийн болон оюуны үйл ажиллагаа:
“Үйлчилгээ” гэдэг нь хүний хэрэгцээг хангах ажил:
“Үнэ” гэдэг нь мөнгөөр үнэлсэн таваарын бодит өртөг:
“Үнэ тогтоох” гэдэг нь юмны өртгийг тогтоох:
“тариф” гэдэг нь үнэ хөлсний хэмжээ:
“татвар хураамж” гэдэг нь алив нэгэн орлогоос өгвөл зохих мөнгөн хувь: гэж Монгол хэлний хураангуй тайлбар толь бичигт дурджээ.
Тиймээс “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь “Ажил, үйлчилгээний үнэ, хөлсний хэмжээг тогтоох” тухай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тушаалын хавсралтыг батлан автотээвэр эрхлэгчийн зорчигч тээвэрлэсэн тасалбар бүрийн орлогоос шууд хувь тооцон авч байгааг татвар хураамж гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, “татварыг шууд болон шууд бус татвар гэж ангилах бөгөөд шууд татварыг татвар төлөгчийн орлогоос шууд ногдуулан авч байгааг хэлэх бөгөөд шууд татварын эцсийн төлөгч нь орлогын эзэмшигч өөрөө байна” гэснээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргаж бусдын орлогоос шууд хатуу хэмжээ тоггоон хувь авах нь хууль бус юм.
Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь “авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанид зориулж, тэдний үйлчилгээг сайжруулах зорилгоор авто вокзал, билетийн кассаар үйлчилдэг, эдгээр компани нь зөвхөн хүнээ тээвэрлэдэг. Тиймээс манай төрийн өмчит үйлдвэрийн газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д зааснаар үйлчилгээний үнийг авах эрхтэй” гэж (( тайлбарлаж байгаа боловч хариуцагчтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээр маргаан бүхий актад дурдсан үнийг төлөх үүргийг “Х” ТББ болон нэхэмжлэгч компаниуд хүлээгээгүй байхад тэдний орлогоос үйлчилгээний үнэ гэж шууд суутгаж байгаа нь захиргааны байгууллагын давуу байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.
“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9, Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 681 дүгээр тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.8 дахь хэсэгт зааснаар “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифыг тогтоох” эрхтэй хэдий ч бусдын ажил, үйлчилгээний орлогоос шууд хувь тооцож, татвар хураамж авах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар
сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан “Х” ТББ-ын нэхэмжлэлийг хангаж, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тушаалын 8 хувийн шимтгэлтэй холбоотой нэг дэх хэсэг болон хавсралтын хоёр дахь хэсгүүдийн "Ач буян Травел" ХХК, “Газрын Од" ХХК, "Шуудан Тээх" ХХК, "Бид анд нар" ХХК, “М” ХХК, “Х” ХХК, “Т” ХК, “А" ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.