Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1991

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/01991

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршиин суух Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух Э.Г-д холбогдох,

     худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г-ийн автомашины урьдчилгаанд төлсөн 10000 ам.доллар буюу 19.846.900 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн төлөөлөгч Б.М , хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Х.Б өөрийн эзэмшлийн “Хаммер Эйч 1” маркийн ...УБЯ улсын дугаартай автомашиныг 100.000 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцож 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  автомашин худалдах, худалдан авах гэрээг Э.Г-тэй байгуулсан ба автомашины өмчлөлийг Э.Г-ийн  нэр дээр шилжүүлсэн. Э.Г нь 10000 ам.долларыг гэрээ байгуулсан даруйд, 40000 ам.долларыг бартераар буюу  кран өгөхөөр, 50000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ББСБ-д 30000 ам.долларын барьцаанд тавиад 10000 ам.долларыг Х.Б-нд өгсөн. Гэвч хариуцагч нь гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул талууд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай дахин нэмэлт гэрээ байгуулж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч Х.Б нь төлбөр төлөх нэмэлт хугацааг хариуцагч Э.Г-д тогтоож өгсөөр байтал хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дараа Э.Г өөрөө холбогдож, таны автомашины төлбөрийг  төлж чадахгүй юм байна, таны автомашиныг буцааж өгье, та алданги тооцохгүй байх юм бол би гэрээний урьдчилгаанд төлсөн 10.000 ам.долларыг буцааж авахгүй. Харин та цагдаад гаргасан өргөдлөө татаад авчих. Би таны машиныг 1 жил 6 сар ашигласны төлбөрт 60 сая төгрөг өгье гэсэн. Энэхүү саналыг Э.Г өөрөө гаргасан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гурав дахь гэрээг байгуулж, талууд шинээр эрх зүйн  харилцаа үүсгэсэн. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ мөн биелүүлээгүй учир гэрээний үүргийн биелэлт 60.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл алданги тооцож 30.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгийг Э.Г-ээс гаргуулан өгнө үү гэв.

          Хариуцагч Э.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу “Хаммер Эйч 1” маркийн ...УБЯ улсын дугаартай автомашиныг 1 жил 6 сар өмчлөлдөө байлгаж, эзэмшиж байсны нөхөн төлбөр 60.000.000 төгрөг, алданги 30.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгийг нэхэмжилжээ. 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний бие болон Х.Б бидний хооронд автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж төлбөр болон алдангийг харилцан тохиролцсон боловч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х.Б нь дээрх автомашиныг буцаан өмчлөлдөө бүртгүүлэн авч  автомашиныг бүрэн бүтэн хүлээн авснаар хоёр тал  уг гэрээнээс татгалзсан. Ийнхүү гэрээнээсээ хоёр тал татгалзаж гэрээ дуусгавар болсон тул уг гэрээний дагуу алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн дагуу эзэмшиж ашигласны нөхөн төлбөрийг  нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр гэж нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол уу, эд хөрөнгийн хохирол уу, эсхүл олох ёстой байсан ашиг гэж үзэж  нөхөн төлбөр шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэх эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байна. Түүнчлэн гэрээнээс татгалзсан тохиолдолд хуулийн дагуу гэрээний хоёр тал өгсөн авсан зүйлүүдээ буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь гэрээний зүйл болох “Хаммер Эйч 1” маркийн ...УБЯ улсын дугаартай автомашиныг  буцаан бүрэн бүтэн хүлээн авсан боловч Э.Г миний бие гэрээний төлбөрт өгөн 10000 ам.доллараа буцаан аваагүй байхад ийнхүү хуульд зааснаас өөр зүйл буюу нөхөн төлбөр, алданги нэхэмжлэх  хууль зүйн үндэслэлгүй. Мөн гэрээнээс татгалзаж, гэрээ байхгүй болсон байхад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгаа нь  хэн ч харсан хуульд нийцэхгүй зүйл бөгөөд  харин ч миний Х.Б-нд өгсөн 10000 ам.долларыг буцаан төлөх үүрэгтэй, үүнийгээ ч буцаан нэхэмжлэх болно. Миний бие уг машиныг  өөрийн өмчлөлд байх хугацаанд тогтмол засвар, үйлчилгээг нь  хийлгэж, нэмэлт тоноглол болон агааржуулагч, амортизатор зэргийг нэмэлтээр суурилуулсан. Иймд нэхэмжлэгч Х.Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд ...УНЯ улсын дугаартай, “Хаммер Эйч 1” маркийн автомашиныг 100.000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Э.Г нь цаг үеийн нөхцөл байдлын улмаас төлбөрийг  төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ тухайгаа Х.Б-нд удаа дараа мэдэгдэж, би төлбөрөө төлөх боломжгүй болчихлоо, та машинаа буцааж авч болно. Хэрвээ та машинаа буцааж авахгүй гэвэл би таньд бага багаар мөнгийг нь төлье гээд төлбөр барагдуулах гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй гэдгээ манай талаас зөвшөөрч байна. Х.Б нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсэж, Э.Г-ийг шалгаж байгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Үндэслэл нь Х.Б-нд  Э.Г  та машинаа буцааж ав гэдэг саналыг тавихад Х.Б би гомдлоо татаж авч болно, гэхдээ чи 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хэлцлийн дагуу чи надад эдгээр төлбөрийг төлөх юм бол гомдлоо татаж авна гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хэлцлийн  зорилго нь цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдлыг татаж авахаар уг хэлцлийг байгуулсан.  Э.Г нь маргаан бүхий автомашиныг эвдэж гэмтээсэн зүйл байхгүй.  Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцэл нь талуудын хүсэл сонирхлыг тэгш эрхийн үндсэн дээр ямар нэгэн албадлага байхгүй эрх зүйн харилцаа үүсдэг. Х.Б нь  эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байх явцад чи энэ хэлцэл дээр зурах юм бол би өргөдөл гомдлоо татаж авна  гэсэн учраас  Э.Г уг хэлцэлд гарын үсэг зурсан. Мөн талууд гэрээнээс татгалзсан бол гэрээтэй холбоотой учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл Х.Б-ийн машинд ямар нэгэн байдлаар элэгдэл, хорогдол үүсээгүй. Манай зүгээс гэрээнээс татгалзаж, түүнтэй холбоотойгоор Х.Б-ийн автомашиныг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.М  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Э.Г болон Х.Б нарын хооронд  автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөр болон алдангийг харилцан тохиролцсон боловч  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  Х.Б нь автомашиныг буцаан өмчлөлдөө бүртгүүлэн авч автомашиныг бүрэн бүтэн хүлээн авснаар 2 тал уг гэрээнээс татгалзсан. Уг гэрээний дагуу төлбөрийг урьдчилан 10000 ам.долларыг бэлнээр өгөх, үлдэгдэл 90 хувийн 40 хувь буюу 40000 ам.долларт нь  бодож кран өгөх, 50 хувь буюу 50000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу  урьдчилан 10000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар  19.846.900 төгрөгийг Х.Б-нд бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл уг гэрээнээсээ 2 тал татгалзаж гэрээ дуусгавар болсон тул  дээрх автомашиныг Х.Б-нд бүрэн бүтэн буцааж, хүлээлгэж өгсөн боловч уг автомашины төлбөр гэж урьдчилан өгсөн 10000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 19.846.900 төгрөгийг  буцаан өгөөгүй болно. Харин ч бүр нэмж нөхөн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар гэрээний аль нэг тал эсхүл 2 тал гэрээнээс татгалзсан  тохиолдолд  гэрээний зүйл болон өгсөн авсан зүйлээ буцаах ёстой байтал  Х.Б нь  гэрээний зүйл болох автомашинаа буцааж авчихаад  автомашины  үнэнд төлсөн  19.846.900 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд Х.Б-аас  автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 19.846.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Э.Г нь автомашиныг худалдаж авсаны дараа 10000 ам.долларыг урьдчилгаанд өгсөн нь үнэн. Гэхдээ үлдэгдэл төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч талаас төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч мөн л төлбөрөө төлөөгүй тул хариуцагч Э.Г нь машиныг чинь буцааж өгье, өөрийн өмчлөлдөө 1 жил 6 сар байлгаж, эзэмшиж ашиглаж байсны нөхөн төлбөртөө 60 сая төгрөг өгье, гэрээний урьдчилгаанд өгсөн 10000 ам.долларыг би буцааж авахгүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлье гэсэн санал гаргаж Х.Б зөвшөөрснөөр талууд гэрээнээс татгалзаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шинээр хэлцэл байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гурав дахь гэрээнд гэрээний урьдчилгаанд төлсөн 10000 ам.долларыг буцааж төлөхгүй. Өмнөх гэрээний алдангийг тооцохгүй гэдэг байдлаар гэрээний хоёр тал харилцан тохиролцсон тул өмнөх гэрээний урьдчилгааг хариуцагч талаас нэхэмжлэх үндэслэл байхгүй.  Иймд хариуцагч Э.Г нь 10000 ам.долларыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

      Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Э.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10000 ам.доллар буюу 19.846.900 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 60.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 30.000.000 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

          Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч Х.Б-аас ...УБЯ улсын дугаартай, “Хаммер эйч 1” маркийн автомашиныг 100.000 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож, нийт төлбөрийн 10 хувь буюу 10000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр худалдагчид бэлнээр төлж,  нийт төлбөрийн 50 хувь буюу 50000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, нийт төлбөрийн 40 хувь буюу 40000 ам.долларыг бартераар буюу кран өгөхөөр тохиролцжээ.

            Хариуцагч нь гэрээний дагуу нийт төлбөрийн 10 хувь буюу 10000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч Х.Б-нд төлсөн байх боловч нийт төлбөрийн 40 хувь буюу 40000 ам.долларт кран өгөх, нийт төлбөрийн 50 хувь буюу 50000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаанаандаа гүйцэтгээгүй тул талууд  2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр буюу 90000 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаагаа сунгасан байна.

            Гэвч уг хугацаанд хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул  хариуцагч Э.Г нь  тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй,  гэрээний үүрэг биелэгдэх нь  тодорхой болсон гэсэн үндэслэлээр  гэрээнээс татгалзаж, талууд 2016 оны 12 дугаар сарын 19-ний хэлцэл байгуулсан байна.

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхийн дагуу Э.Г-д худалдсан ...УБЯ улсын дугаартай, “Хаммер эйч 1” маркийн автомашиныг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар,  тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

            Харин талууд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  гэрээнээс татгалзахдаа байгуулсан хэлцэлдээ хариуцагч Э.Г-ийн урьдчилгаанд өгсөн 10000 ам.долларыг  нэхэмжлэгч Х.Б буцаан өгөхгүй, нэхэмжлэгч Х.Б нь гэрээний хугацаа хэтэрсний алданги тооцож хариуцагч Э.Г-ээс нэхэмжлэхгүй, Х.Б-ийн  автомашиныг Э.Г өөрийн өмчлөлдөө 1.6 жил байлгаж, эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр болох 60.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлнээр болон бартераар төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

            Хариуцагч талаас дээрх хэлцэлийг цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдлыг татаж авах зорилгоор байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Х.Б-ийн  Э.Г-д холбогдуулан гаргасан  гомдлыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын маргаантай асуудал гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2831 дүгээр прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

            Үүний дараа зохигчид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзаж, хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Дээрх хэлцэлээр тохиролцсон  автомашиныг өөрийн өмчлөлдөө 1.6 жил байлгаж, эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр болох 60.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь  гүйцэтгэлийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

            Энэхүү нөхөн төлбөр нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцогдохгүй боловч хариуцагч Э.Г 60.000.000 төгрөгийг автомашины тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр гэж үзэн нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч  хуулиар хориглоогүй буюу  хуульд шууд заагаагүй эрх, үүргийг  өөрийн хүсэл зоригийн  дагуу хэрэгжүүлж болно гэснийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөрт шаардсан 60.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Харин нэхэмжлэгч нь хариуцагч Э.Г-тэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан авсан атлаа автомашиныг эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр 60.000.000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцон шаардсан алданги 30.000.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй болно.

            Хэдийгээр талуудын хооронд байгуулсан хэлцэлийн 5-д “хэрэв тохирсон хугацаандаа нөхөн төлбөрийг  төлөхгүй хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж  заасан боловч талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Э.Г-ээс гаргасан автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10000 ам.доллар буюу 19.846.900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.

Учир нь зохигчид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзаж байгуулсан хэлцэлийн 1 дэх хэсэгт автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10000 ам.долларыг хариуцагч Э.Г-д буцаан өгөхгүй байхаар тохиролцсон бөгөөд дээрх хэлцэлийг шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

Иймд хариуцагч урьдчилгаанд өгсөн 10.000 ам.доллар буюу 19.846.900 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 60.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  457.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Э.Г-ээс 60.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-нд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 19.846.900 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Э.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 607.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 457.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-нд олгосугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР