Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ц.Хашбаатар,

шүүгдэгч Ц.Д- түүний өмгөөлөгч Д.Даваадорж,

иргэний хариуцагч Б.Алтанцэцэг,

хохирогч Н.Сунарав түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Ц.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000550103 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  1999 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ..  дугаар хороолол ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.Д-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд “Нэт капитал авто” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 84-34 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Н.Сунаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сунарав  мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 25 дугаар эмийн сангийн гарц дээр 17 цаг 50 минутын үед намайг мөргөсөн. Би Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон. 10.000.000 төгрөгийн хохирол гарсныг нэхэмжилж байна. Үүнд эм тариа болон бусад эмчилгээний зардал орсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “Миний хүү бид хоёр Сунарав ахын эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Бид хоёр түүнийг хагалгаанд ороход төрсөн ах дүү шиг хүлээж байсан. Ар гэрт нь шатахууны зардлыг өгсөн, эмчилгээний зардлыг төлсөн. Сүүлдээ сая саяар нь мөнгө нэхэмжилсэн учраас очихоо больсон. Цаашид эмчилгээтэй холбоотой бодит зардлыг төлнө” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Ц.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд “Нэт капитал авто” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 84-34 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Н.Сунаравыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 3-4 дүгээр хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-9 дүгээр хуудас/

 

Хохирогч Н.Сунаравын “2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн урд замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч яваад замын 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан 8434 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд мөргүүлээд газар унаад босож ирсэн. Машинд мөргүүлээд унахдаа толгойнхоо зүүн хэсгээрээ цемент мөргөж унаад толгойдоо хагалгаа хийлгээд гарч ирсэн байгаа. Намайг мөргөсөн автомашины жолооч ганцаараа явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, зам халтиргаа, гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн их, удааширсан, цаг агаар таатай байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ дараа баримтаар гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

“Одоогоор гаргасан зардлаа баримтаар гаргаж өгсөн. Одоогийн байдлаар эм тариа эмчилгээндээ 2.632.600 төгрөг, унааны зардал /бензин/ 224.500, 10 хоног сахисан сахиурын зардал 300.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 200.000 төгрөг, би өөрөө улирлын чанартай Төв аймгийн Аргалант сумын Анхбаярын тариалан дээр трактор барьдаг сард 900.000-1.500.000 төгрөг авдаг. Энэ жил ажиллаж чадахгүй болохоор 7 сарын цалингаа хамгийн багаар бодоход 6.300.000 төгрөг болж байна. Ингээд  нийт 9.657.100 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Улиралд 1-2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хэрэгтэй гэж  эмч хэлсэн. Шүүх хуралд өөрийн биеэр сууна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Б.Алтанцэцэгийн “Осол болох үед манай төрсөн хүүхэд Ц.Д-ын унаж явсан 8434 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин миний нэр дээр байдаг юм. ... Харин нөгөө гэмтсэн хүний төлбөрийг чадлынхаа хэрээр төлж барагдуулж байгаа. Одоогоор эмчилгээнд нь нийт 2.610.744 төгрөг зарцуулаад байгаа. Баримтаар гарсан мөнгийг нь төлж барагдуулах болно. Энэ машиныг төрсөн хүү Ц.Д-ын хамтаар унаж хэрэглэдэг юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай:

“1. 8434 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Ц.Д- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Явган зорчигч Н.Сунарав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” магадлагаа. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1873 дугаартай:

“1. Н.Сунаравын биед зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархай ясанд цооног гаргаж цусан хурааг авсан мэс ажилбар /2019.01.10/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” дүгнэлт. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  өвчний түүх №00141 дугаартай хуулбар. /хэргийн 42-53 дугаар хуудас/

 

Ц.Д-ын яллагдагчаар өгсөн “... 8434 УБУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай автомашиндаа ганцаараа явж байгаад явган хүний гарц нэвтрэх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг тулж хараад л тоормос гишгээд амжаагүй. Автомашиныхаа баруун урд гупер хэсгээр мөргөөд унагаасан юм. Тэгээд машинаасаа буугаад иртэл нөгөө мөргүүлсэн ах газарт унаад босоод ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь та яаж байна, бие чинь зүгээр үү гэж асуугаад өөрийнхөө 88840209 утсаар эмнэлэг, цагдаа дуудсан юм. Би энэ хүний эмчилгээнд одоогийн байдлаар 2.610.744 төгрөг зарцуулаад байна. Ямар ч байсан баримтаар гарсан мөнгийг төлж барагдуулах болно. Явган хүний гарцан дээр хүн мөргөсөн нь миний буруу. Ийм асуудал гаргасандаа их харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-64 дүгээр хуудас/

 

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 86-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Ц.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Ц.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Д-ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Сунаравт зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хохирогч Н.Сунараваас шүүхийн хэлэлцүүлэгт “нийт 9.657.100 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хэрэгт цугларсан хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судлаад хүний өдөр тутмын болон ахуйн хэрэглээний зүйлс болох “шатахуун худалдаж авсан болон ариун цэвэрийн цаас, оо, сойз, сальфетка, бэлтгэлийн хувцас, гар нүүрийн алчуур, ор хөнжлийн даавуу, оймс, футболк, дотуур хувцас зэргийг гэмт хэргийн улмаас учирсан гэж үзэх боломжгүй юм.

Харин “Монос, Агар шим ХХК, Монфа трейд ХХК, Альфа  долгион мэдрэлийн эмнэлэг” зэрэг байгууллагаас худалдан авсан эм, эмчилгээний зүйлсийн үнэ нийт 132.108 төгрөг болжээ.

Шүүгдэгч Ц.Д- болон иргэний хариуцагч Б.Алтанцэцэг нараас хохирогчид эмчилгээний зардалд нийт 2.610.744 төгрөг төлсөн байна. /хэргийн 108 дугаар хуудас/

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж энэ тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаруулах төлбөргүй гэж үзэв.    

Хохирогч Н.Сунарав нь цалин, хөлс нэхэмжилсэн боловч түүний цалин, хөлс авч байсан баримт байхгүй, татвар, нийгмийн даатгал төлж байсан баримт байхгүй тул түүний цалин орлогыг тогтоох боломжгүй.

 

Хэрэгт авагдсан “Аргалант сумын газар тариалан, мал аж ахуй эрхлэгч” гэсэн “Нанзадын Сунарав нь 2004 оноос манайд тракторын жолоочоор ажиллаж сард 900.000-1.500.000 төгрөгийн цалин хөлсөөр ажлын түр байранд хавар 4-6, намар 8-11 саруудад ажилладаг ажилчин юм” гэсэн иргэн С.Анхбаярын тодорхойлолт нь Н.Сунаравын цалин орлогыг тогтоосон  хууль ёсны баримт болж чадахгүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь “өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Өмгөөллийн хөлс нь хохирогчид хууль зүйн үйлчилгээ үзүүлсэний төлбөр бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн хэрэгт хохирогч Н.Сунарав нь “Ачтан Элит” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 1.320.000 төгрөгийн баримт, 1.005.400 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт тус тус авагджээ. /хэргийн 92 дугаар хуудасны ар тал, 99 дүгээр хуудас/

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтанд “Н.Сунгарав нь Ачтан Элит эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэж нэхэмжлэх авсан боловч хэвтээгүй нь үнэн болно. Нябо Сарантуяа” гэсэн ба хохирогч Н.Сунарав нь уг эмнэлэгт 1.320.000 төгрөгийн зардлаар хэвтэж эмчлүүлээгүй, 1.005.400 төгрөгийн эмчилгээний хийлгээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул уг мөнгөнүүдийг хохиролд тооцож боломжгүй.

Харин хохирогч Н.Сунарав өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Д- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос сайн дураар 2.610.744 төгрөг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан“шүүдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул хорих  ялыг биечлэн эдлүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж хуульчлаагүй, мөн шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхан овогт Цэдэндоржийн Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ц.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Д-ын жолоочийн 1249816 дугаартай түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

4. Ц.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Н.Сунараваас өмгөөлөгч Ж.Энх-Амгаланд төлсөн 800.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосуай.

 

6. Хохирогч Н.Сунарав нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ