Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 71/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-хохирогч Б.Н

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн

-шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гдад холбогдох эрүүгийн 1934011700037 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 34 настай, тусгай дунд боловсролтойтоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Гд

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 19-нд Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ Мон-Эгг “ ХХК-ны ажилчдын байранд Б.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “2019 оны 12 сарын 13-ны өдөр ажлынхаа хувцас солих өрөөнд хувцасаа сольж байсан юм. Би Нансалмаатай муудалцах шалтгаан огт байгаагүй, хамт ажилладаг хүмүүс. Манай ажлын Зул гээд хүн хов живний асуудал үүсгэж ярьсан байсан. Зул надад гомдоллоод байсан юм. Ажил дээр ажилчдын зүгээс их дарамт байдаг. Нансалмаа намайг их буруу ярьж явдаг байсан. Зул намайг хэд хоног дугарсангүй гэж гомдоллосон. Тэгэхээр нь би Зулд хов жив битгий ярь, Нансалмаа та 2 намайг битгий муул гэж хэлсэн. Гэтэл Нансалмаа намайг 4 хүүхдээ бөгсөө худалдаж тэжээдэг, эгч, ах, дүү нар чинь чамайг муу хэлдэг гэж олны дунд их эвгүй байдалд оруулсан. Намайг ажлын 15-16 хүний дунд эвгүй байдалд оруулсан. Намайг ихэвчлэн эрэгтэй ажилчид их дарамталдаг. Энэ асуудлаас болж зодоон болсон” гэв.

Хохирогч Б.Н мэдүүлэхдээ: “Энэ хүн хэрэг гарснаас хойш одоо болтол надтай уулзаагүй. Миний хамар одоо хүртэл битүү амьсгалахад хүнд байна. Би өчнөөн эмнэлгээр яваад байхад нэг ч уулзаагүй хэрнээ цагаан сарын өмнө 2 удаа л мессеж бичсэн. Энэ хүн хэл амаараа надаас уучлал гуйж яагаад болдоггүй юм бэ. Би энэ хүнээс болж ажлаасаа гарсан байхад яагаад уучлалт гуйхгүй байгаа талаар ойлгохгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч Б.Нгийн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч Г.Зулын мэдүүлэг /хх-ийн 14 тал/, шинжээчийн №20 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, шүүгдэгч Т.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/  зэрэг болно.

Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 19-нд Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ Мон-Эгг “ ХХК-ны ажилчдын байранд Б.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Б.Нансалмагийн биендээ гэмтэл авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, хрхирлын баримтууд /хх-ийн 47-50 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 20 тал/
  • Шинжээч эмчийн №20 дугаартай“ Б.Нгийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун хацар, хүзүүнд зулгаралт, эрүү, зүүн гуя, умдаг, цээж, баруун даланд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/
  • Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед ажил тарж байх үед хувцас солих өрөөнд хувцасаа солиод байж байтал манай ажлын Т.Г, Г.Зул гэх хоёр эмэгтэй хоорондоо маргалдаж байгаад Сувдаа гарахдаа хувцас солих өрөөний хаалга хүчтэй түлхээд хаалга савагдаад миний баруун гарыг цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд хаалга хүчтэй түлхэж хаасан. Тэгтэл Т.Г над дээр ирээд намайг хаалга савлаа гээд намайг барьж аваад хувцас солих өрөөний шүүгээ мөргүүлээд, нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод намайг газарт уначихсан байхад үсдэж чирээд байхад манай ажлын газрын залуу бид хоёрыг салгасан...намайг үсдээд доош дараад нүүр рүү өшиглөөд хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь нөхөр лүүгээ залгаад намайг Сувдаа зодчихлоо хэсгийн төлөөлөгч дагуулаад ир гэсэн...бид нар ажилтай байсан учраас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...нүүр нүд рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, шүүгээ мөргүүлсэн биеийн бүх хэсэгт хөхөрсөн, хавдсан гэмтэл учирсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
  • Гэрч Г.Зулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мон эгг” ХХК-д ажил дээрээ байсан. Ойролцоогоор 16-17 цагийн хооронд байх манай ажил тараад хувцас сольдог өрөөнд Сувдаа, Нансалмаа бид гурав хувцасаа солиод байж байх үед Сувдаа бид хоёр хувийн асуудлаа яриад байж байсан. Тэгтэл Сувдаа та нар дандаа нэгнийхээ ар хударгаар муулж ярьдаг биз дээ гэж хэлсэн чинь Нансалмаа хувцасаа сольж зогсож байгаад чи хүүхдээ бөгсөө худалдаж тэжээдэг биз дээ гэж хэлсэн чинь Сувдаа Нансалмааг барьж аваад хэд хэдэн удаа цохиод авсан, ... Нансалмаагийн нүүр хавьцаа нь цохисон, хамарнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Гэхдээ яг хэдэн удаа цохисон эсэхийг нь сайн хараагүй, ... Нансалмаа нь Сувдааг нэг удаа нүүр лүү нь цохиж байхыг харсан. Тэгээд зодоон дууссаны дараа харахад дух, хүзүү хэсэгт нь майжсан харагдаж байсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
  • Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон Эгг” ХХК-ны байранд ажил дээрээ хувцас солих өрөөнд өөрийн найз Зул бид хоёр хоорондоо юм яриад байж байтал Нансалмаа Зул бид хоёрын яриан дундуур орж ирээд намайг янз бүрээр доромжилж харааж зүхээд муухайгаар хэлээд байсан. Бид хоёр хоорондоо маргалдаад байж байгаад бид хоёр үсдэлцээд муудалцаад зодолдсон. Би Нансалмааг толгой хэсэг рүү нь гараараа цохисон, цээж рүү нь түлхэхэд шкаф мөргөсөн. Эрэгтэй ажилчид орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд над руу дайраад байхаар нь би хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Зул салгасан...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Гын “...би Зулд хов жив битгий ярь, Нансалмаа та 2 намайг битгий муул гэж хэлэхэд Б.Н намайг 4 хүүхдээ бөгсөө худалдаж тэжээдэг, эгч, ах, дүү нар чинь чамайг муу хэлдэг гэж олны дунд их эвгүй байдалд оруулсан. Энэ асуудлаас болж зодоон болсон... Б.Нгийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, хохирлын 476316 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,  

- Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Нгийн: “Энэ хэргээс болж миний хамар битүүрээд амьсгалж чадахаа больдог. Үүнээс болоод чих битүү болсон...” гэх мэдүүлэг зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Гын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Б.Нгийн биед “хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун хацар, хүзүүнд зулгаралт, эрүү, зүүн гуя, умдаг, цээж, баруун даланд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух, хамарт зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан Т.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Нгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Т.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.Гын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд 476.318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Т.Гаас  476.318 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нь “Гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, өрх толгойлсон эмэгтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 450 нэгжээр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.  

Шүүгдэгч Т.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Т.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

            

             Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Гдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Гдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Гаас 476.318 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА