Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/678

 

.:

 

 

 

 

 

 

2020             10            16                                          2020/ШЦТ/678

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/, 

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн О овогт И-ийн Бд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, - тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О овогт И-ийн Б /РД:-/.

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч И.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19 дүгээр гудамжинд иргэн М.М-тэй “ажлын хөлсөө өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний хөмсөг рүү мөргөж биед нь зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч И.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйсан бөгөөд эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Прокурортой сайн дураараа ял тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.  

 

2. Хохирогч М.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө манай гэрийн хажууханд Заводын байрны гадаа урд хамт ажилладаг байсан И.Бгийн машин зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс үлдэгдэл цалингаа авъя гэж бодоод очтол И.Б машин дотроо сууж байсан бөгөөд хойно нь 2 залуу сууж байсан. Тэгээд би түүнээс мөнгөө авъя, ээжийг эмнэлэгээр авч явах хэрэгтэй байна гэтэл тэрээр “чиний ээж надад ямар хамаатай юм бэ” гэхээр нь би юу гээд байгаа юм бэ гээд тонгойгоод толгойгоо машин руу оруултал намайг татаж байснаа гараараа зүүн шанаа руу 1 удаа цохиж, толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал нагац эгч М- гарч ирээд Бтэй маргалдсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин И.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15 х/,

 

3. Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би яг хэдэн сарын хэдний өдөр тухайн үйл явдал болсон талаар санахгүй байна. Тухайн өдрийн өглөө би охин Мөнхцацралын гэрт очоод цайны дээж өргөөд гадаа гараад байж байтал хашааны гадаа хүүхдүүд уйлах чимээ гарсан. Тэгээд би хашаанаас гараад очтол манай  нагац дүү М-ийн хамарнаас нь цус гараад доошоо дусаж байсан. Түүний хажууд М-ийн бага насны 3 хүүхэд нь орилоод байж байсан. Тэгсэн нэг залуу жолооны ард сандал дээрээ хэвтээд тамхи татангаа М-ийг гуйлагчингаар нь дуудаад байсан. Би тэр залууд хандан “чи хэн бэ, яагаад хүүхдүүдийнх нь хажууд эцгийг нь зодоод байгаа бэ” гэтэл чамд хамаагүй гуйлгачин минь гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад дуудлага өгсөн. Удалгүй тэр залуу машинтайгаа явах гэхээр нь би явуулахгүй гээд хаалганых нь хажууд зогстол тэрээр намайг машины хаалгаараа 2-3 удаа савсан. Хэсэг хугацааны дараа дараа цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-16 х/,

 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн - дугаартай “...М.М-ийн биед зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-25-26 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгч И.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч И.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт И-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Б нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч И.Бд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй И.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР