Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

 

                                                           

 

 

 

 

 

2020         12          23                                   2020/ШЦТ/15

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц.Г-д холбогдох эрүүгийн 2011 0138 91013 дугаар хэргийг  2020 оны 12 дугаар сарын 08-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Чулуунбаатарын нүүр рүү гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Д.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би 20-н цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Зам гүүрний автобаазын автобусны буудал дээр буугаад тэнд зогсож байсан зүс таних хүнээс Учрал гэдэг хүний утасны дугаарыг өгөөч гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хүн би мэдэхгүй гэхээр нь би чи мэднэ ш дээ гэхээр нь өө пизда гэж хэлээд машиныг нь дээд хэсэгт нэг удаа цохичихоод явах гэсэн чинь тэр эрэгтэй хүрч ирээд миний зүүн нүд рүү цохиж аваад багалзуурдаад боохоор нь би зөрүүлээд тэр залуугын цамцнаас нь татаж зулгаахад цамц нь урагдсан бөгөөд тэгээд намайг боохоо больсон юм. Тэгээд эргээд харахад тэр миний муудалцсан залуугийн танил нь бололтой нэг залуу намайг мөргөөд миний хиймэл 3 шүд өөрийн үүдэн дээд 2 соёо шүд санжигнаад унасан юм. Тухайн үедээ би цагдаагийн алба хаагчдийг дуудсан бөгөөд миний нүдийг цохидог залуу хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. ...миний нүд рүү цохисон залуугаас би Учрал гэдэг хүний утасны дугаарыг асуусан чинь тэр залуу мэдэхгүй гэсэн бөгөөд би дахин асуухад тэр залуу мэдэхгүй гэхээр нь би тэр залуугийн машиныг цохисноос болж намайг зодо болсон юм. ...миний зүүн нүд хөхөрч хавдсан бөгөөд үүдэн 2 шүд унасан байгаа юм”

“...Сансараад гомдолтой зүйл байхгүй. Тухайн үед бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би автомашиныг хүчтэй гараараа цохисноос болоод тухайн үедээ бухимдаад ийм асуудал болсон. Сансараатай холбоотой ямар нэг гомдол санал байхгүй. Харин Ц.Г-с болж миний шүд хугарч гэмтсэн асуудалд гомдолтой байсан. Надад Ц.Г эмчилгээний зардал гаргаад өгвөл би гомдолгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 11-12-р хуудас/

Гэрч Д.Сансар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны орой би зам гүүрийн автобааз дээр таксинд явах гээд ирсэн. Буудал дээр зогсож байтал нэг согтуу хүн байсан бөгөөд намайг машинаа арчаад зогсож байтал над дээр ирээд Учралын дугаарыг өгчих гэж байсан би мэдэхгүй байна утсан дээр байсан байхгүй болсон байна лээ гэж хэлтэл чи яахаараа мэддэггүй юм чи мэдэж л таараа чи шоронд очих юм бол тамхины акурк ч олж чадахгүй ш дээ гэж хэлээд миний нүүрэн дээр тамхи унтраах гээд дайраад байсан. Би машинаа тойроод эсрэг талд нь гараад машинаа арчаад зогсож байтал миний машины оройг цохиод байсан. Би тэр залууг чи яагаад байгаа юм бэ гэтэл би приус цохиогүй верна цохиж байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай зууралдаад намайг боогоод зодоод байсан би хэсэг манараад машины хажууд сууж байгаад босоод иртэл согтуу залуу цустайгаа холилдсон байсан. Би яасан гэж асуутал тэнд зогсож байгаа таксинд явдаг жолооч Ганбаа ах мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд байж байтал согтуу залуу нэг хүн дуудаад тэгээд хамт ирээд намайг миний шүдийг цохисон гээд дайраад байсан. Ингээд цагдаа ирээд би нар бүгдээрээ цагдаа дээр ирсэн. Цагдааг ирсний дараа миний машины оройг мөн цохиод байсан. ...миний хувьд боолгуулж зодуулсан асуудалд гомдол санал байхгүй”

“...миний автомашинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн үедээ бие биедээ бухимдаад гомдол саналтай талаар ярьж байсан. Одоо уг асуудалтай холбоотой ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 18-19-р дугаар хуудас/,

Гэрч Н.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагт бааз дээр очсон. Ингээд тэнд ганц нэг хүн зөөгөөд байж байтал 22 цаг болоод баазын буудал дээр байж байсан бөгөөд миний хажуу талд Сансар ирээд машинаа арчаад зогссон. Ингээд байж байтал дугуй засварын нэрийг нь мэдэхгүй ах Сансар ах дээр очоод 50.000 өгчих гэмтэл хүргээд өгчих маргааш өгье гэж хэлсэн. Тэгтэл Сансар ах байхгүй би сая гарч ирлээ гэж хэлтэл Учралын дугаарыг өгчих гэж хэлсэн. Учрал гэдэг хүн нь бааз дээр таксинд явдаг хүн байгаа юм. Тэгтэл Сансар ах би мэдэхгүй өөр хүнээс асуучих гэж хэлтэл чи шорон санаа гаргалаа нүүрэн дээр чинь тамхиа унтраана гэж хэлсэн. Тэгээд Сансар ах зугтаагаад жолоочийн эсрэг талын урд талаас тойроод жолоочийн хаалган дээр очсон тэгтэл дугуй засварын согтуу ах жолооочийн эсрэг урд талын машины дээвэр хэсгийг гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгтэл Сансар ах тойрч очоод та яагаад байгаа юм бэ миний эд хөрөнгө ш дээ би дугаарыг нь мэдэхгүй гэж хэлсэн ш дээ гэж хэлтэл дугуй засварын согтуу ах Сансараа ахыг боогоод авсан. Тэгээд тэр 2 зууралдаад Сансараа ахын нүүр нь улайгаад байхаар нь би тэнд байсан таксины жолоочтой нийлээд салгасан. Салгаад байж байтал 4449 гэх дугаартай Цоодолын хар гээд дугуй засварын ахын дуудаад байсан ах гарч ирээд чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм гээд дугуй засварын ахыг барьж аваад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл дугуй засварын ах хиймэл шүдээ бариад намайг мөргөчихлөө гээд зогсож байсан. Тэгтэл Сансар ах дугуй засварын ах 2 цагдаа руу залгасан. Ингээд дугуй засварын ах Сансар ахын машины дээвэр дээр гараа атгаж байгаа цохиод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №8660 дугаартай дүгнэлтэнд: “ 1. Д.Чулуунбаатарын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, дээд уруулын дотод салстад зулгаралт, дээд хоёр талын 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автобаазын автобусны буудлыгн эцэс дээр байдаг зогсоол дээр би өөрийн автомашин болох 4449 УБР улсын дугаартай автомашинтайгаа таксинд яваад хүн хүргэж өгчихөөд ирээд зогсож байхад миний танил Чулуунбаатар таксины жолооч Сансараатай маргалдаад Сансараа тэр хоёр хоорондоо ноцолдоод байсан. Чулуунбаатар Сансарааг үсчингийн хаалганы мухар луу газар хэвтүүлчихээд дороо оруулаад нүүр лүү нь цохиод байсан тэр үед манай бас таксинд явдаг жолооч Даваасүрэн болон нэрийг нь сайн санахгүй байна жолооч хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Чулуунбаатар дээр очоод нуруунаас нь татаад би одоо болиочээ гэж хэлэхэд Чулуунбаатар над руу дайраад тан нарыг бүгдийг чинь ална шаана шүү хутгална шүү гээд согтуу орилоод намайг Цоодолын хараа чамайг ална таньж байна шүү гээд Сансараагийн автомашины дээврийг нүдээд дайраад намайг хэл амаар доромжлоод байхаар нь тухайн үед миний уур хүрээд Чулуунбаатарын нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөчихөөд автомашин руугаа суусан ба Чулуунбаатар амаа дараад үлдсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дуудна гээд байсан ...ямар ч байсан нүүр лүү нь толгойгоороо 1 удаа мөргөсөн. Гэхдээ Чулуунбаатар надаас өндөр болохоор би толгойгоороо мөргөхдөө нүүрний ам, хацар хэсэг рүү мөргөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-52-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45-р хуудас/

Шүүгдэгч Ц.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 39-41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Чулуунбаатарын  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, дээд уруулын дотод салстад зулгаралт, дээд хоёр талын 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Чулуунбаатар, гэрч Д.Сансар, Н.Даваасүрэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №8660 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Г-н мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Шүүгдэгч Ц.Г нь хэдийгээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч шүүгдэгч Ц.Г-г гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн илтэд хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд хохирогч Д.Чулуунбаатар “...өө пизда гэж хэлээд машиныг нь дээд хэсэгт нэг удаа цохичихоод явах гэсэн чинь тэр эрэгтэй хүрч ирээд миний зүүн нүд рүү цохиж аваад багалзуурдаад боохоор нь би зөрүүлээд тэр залуугын цамцнаас нь татаж зулгаахад цамц нь урагдсан бөгөөд тэгээд намайг боохоо больсон юм. Тэгээд эргээд харахад тэр миний муудалцсан залуугийн танил нь бололтой нэг залуу намайг мөргөөд миний хиймэл 3 шүд өөрийн үүдэн дээд 2 соёо шүд санжигнаад унасан юм”,  гэрч Д.Сансар “...Учралын дугаарыг өгчих гэж байсан би мэдэхгүй байна утсан дээр байсан байхгүй болсон байна лээ гэж хэлтэл чи яахаараа мэддэггүй юм чи мэдэж л таараа чи шоронд очих юм бол тамхины акурк ч олж чадахгүй ш дээ гэж хэлээд миний нүүрэн дээр тамхи унтраах гээд дайраад байсан. Би машинаа тойроод эсрэг талд нь гараад машинаа арчаад зогсож байтал миний машины оройг цохиод байсан. Би тэр залууг чи яагаад байгаа юм бэ гэтэл би приус цохиогүй верна цохиж байна гэж хэлсэн” гэрч Н.Даваасүрэн “...Сансар ах дээр очоод 50.000 өгчих гэмтэл хүргээд өгчих маргааш өгье гэж хэлсэн. Тэгтэл Сансар ах байхгүй би сая гарч ирлээ гэж хэлтэл Учралын дугаарыг өгчих гэж хэлсэн. Учрал гэдэг хүн нь бааз дээр таксинд явдаг хүн байгаа юм. Тэгтэл Сансар ах би мэдэхгүй өөр хүнээс асуучих гэж хэлтэл чи шорон санаа гаргалаа нүүрэн дээр чинь тамхиа унтраана гэж хэлсэн. Тэгээд Сансар ах зугтаагаад жолоочийн эсрэг талын урд талаас тойроод жолоочийн хаалган дээр очсон тэгтэл дугуй засварын согтуу ах жолооочийн эсрэг урд талын машины дээвэр хэсгийг гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгтэл Сансар ах тойрч очоод та яагаад байгаа юм бэ миний эд хөрөнгө ш дээ би дугаарыг нь мэдэхгүй гэж хэлсэн ш дээ гэж хэлтэл дугуй засварын согтуу ах Сансараа ахыг боогоод авсан. Тэгээд тэр 2 зууралдаад Сансараа ахын нүүр нь улайгаад байхаар нь би тэнд байсан таксины жолоочтой нийлээд салгасан” шүүгдэгч Ц.Г“...Чулуунбаатар таксины жолооч Сансараатай маргалдаад Сансараа тэр хоёр хоорондоо ноцолдоод байсан. Чулуунбаатар Сансарааг үсчингийн хаалганы мухар луу газар хэвтүүлчихээд дороо оруулаад нүүр лүү нь цохиод байсан тэр үед манай бас таксинд явдаг жолооч Даваасүрэн болон нэрийг нь сайн санахгүй байна жолооч хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Чулуунбаатар дээр очоод нуруунаас нь татаад би одоо болиочээ гэж хэлэхэд Чулуунбаатар над руу дайраад тан нарыг бүгдийг чинь ална шаана шүү хутгална шүү гээд согтуу орилоод намайг Цоодолын хараа чамайг ална таньж байна шүү гээд Сансараагийн автомашины дээврийг нүдээд дайраад намайг хэл амаар доромжлоод байхаар нь тухайн үед миний уур хүрээд Чулуунбаатарын нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөчихөөд автомашин руугаа суусан“ гэж тус тус мэдүүлсэн байна. Хохирогч Д.Чулуунбаатар нь гэрч Д.Сансарын эд хөрөнгө, хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан, гэрч Д.Сансарын автомашин руу цохих, хүний биед халдах болон бусадтай бүдүүлэг харьцсан, нийтийн дунд тогтсон биеэ авч явах соёл, зан суртахууны болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусдыг хэл амаар доромжилсон, сүрдүүлсэн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нь хохирогчийн илтэд буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна. Шүүгдэгч Ц.Г-г гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн илтэд хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн боловч хохирогч Д.Чулуунбаатарын үйлдэл нь бусдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийн эсрэг хийгдсэн болох нь нотлогдоогүй, гэрч Д.Сансарын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй, хууль бус, тулгарсан довтолгоон байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Г-н гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч И.Энхманлайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Чулуунбаатар нь “...Ц.Г-с болж миний шүд хугарч гэмтсэн асуудалд гомдолтой байсан. Надад Ц.Г эмчилгээний зардал гаргаад өгвөл би гомдолгүй” гэж мэдүүлсэн боловч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Чулуунбаатар гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж  Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй  байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Ц.Г нь анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Чулуунбаатар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээд жич нэхэмжлэх эрхтэй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР