Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/800

 

 

 

 

 

 

 

 

 2020       09         04                                   2020/ШЦТ/800                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ªÌͪªÑ

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

Улсын яллагч: Я.Мөнхзаяа;

Иргэдийн төлөөлөгч: н.Сумъяа-Эрдэнэ

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Соронзонболд,

Шүүгдэгч Д.Баярсайхан, түүний өмгөөлөгч Р. Булгамаа, М. Билгүтэй

íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “А” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíààð,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн би Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Дармаагийн Баярсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овгийн Чүлтэмийн Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 2009000000579 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1955 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, охин, зээ охины хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамж, 125 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн Шүүхийн 1-ийн задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэрээд овгийн Чүлтэмийн Мөнхбаатар /РД: ЖЯ55050173/,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр байрны 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Сартуул овгийн Дармаагийн Баярсайхан /РД: ХМ70071571/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Д.Баярсайхан нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн Шүүхийн 1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон сандлаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “Дух ясны хугарал, духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зулайн төвгөрт цус хуралт, духанд зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн Шүүхийн 1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Баярсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хэвлий тус газар нь хутгалж улмаар, хэвлийн урд хананы хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /500мл/, хэвлийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009000000579 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ 2020 оны 04 сарын 05-ны өдөр би дүүгийн лагер дээр очсон бөгөөд Сайннямбуу гэж айлд орсон. Намайг ороход Сайннямбуу ах, Энхбат ах болон Мөөгий гэх нэг залуу байсан ба бид 3 хамт архи уусан. Би буцаж гараад гэртээ орж байж байгаад 20-30 минутын дараа ороход өөр нэг танихгүй ах ирсэн байсан. Тэр ах Сайннямбуу ахад 5000 төгрөг өгөөд нэмж архи ав гээд Сайннямбуу ах Мөөгий гээд залууг архинд явуулахаар нь би араас нь гарахад Мөөгий бид 2 архи аваад Мөөгий явлаа гээд буцахаар нь би архийг авч буцаж гэрт орж архийг уусан юм. Ингээд ууж байгаад би тэр хөгшин настай танихгүй ахад хандаж одоо болно гэртээ харьцгаа гэхэд чамд ямар хамаатай юм гэж уурлаад миний гэдэс рүү нэг юмаар хатгасан бөгөөд би  та яаж байна гэж хэлээд бор сандал аваад тэр ахруу шидэхэд тэр ахын толгой орчим оноод унасан. Дахиад надруу дайрахаар нь би хутгатай гар руу нь өшиглөөд тэгээд миний гэдэснээс цус гарахаар нь би доош суухад Сайннямбуу ах даавуу авч өгөөд би гэдсээ ороосон...” гэх мэдүүлэг / хх-ийн 7-8 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Мөнхбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 сарын 05-ны өдрийн орой 7 буудалд айлд юм хийж байхад манай хадам дүү надруу залгаад би хөдөлж чадахгүй байна, намайг нэг эргэх арга байна уу би нэг тантай уулзмаар байна гэж ярьсан. Тухайн үед Энхбат надад байгаа айлаа хэлсэн бөгөөд би айлд юмаа хийж дуусчихаад Энхбатын байгаа газар болох Сайннямбуу гэх айлд очсон юм. Би Сайннямбуугийн гэрт ороход Энхбат тэр айлын зүүн орон дээр хэвтэж байсан. 2 хөл нь хавантай байсан. Тухайн үед намайг ороход Сайннямбуу Энхбат нар хамт байсан бөгөөд нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би тухайн архинаас нь хамт уугаад дахин 0.5л-ийн Монгол стандарт архи авсан юм. Ингээд миний авсан архийг уугаад бид 3 сууж байхад гаднаас танихгүй согтуу залуу орж ирсэн ба бид нартай хамт архи ууж сууж байгаад юу хийж байгаа юм гэхээр нь би архи ууж байна гэж хариу хэлэхэд өдөөд байна уу чи гэж надад хэлэхээр нь би чамайг өдөөд байх насны хүн мөн үү гэж хэлээд бид 2 маргалдсан. Тухайн танихгүй залуу сууж байсан модон сандлаар миний толгой дух орчим цохиод сандал бутраад би болиулах гэтэл намайг үргэлжлүүлээд  хугархай хэсгээр цохиод байсан. Нэг мэдэхэд би гэмтэл судалалын эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 дугаар хуудас/

Хохирогч Ч.Мөнхбаатарын “...Тухайн үед намайг орход Сайннямбуу, Энхбат нар хамт байсан бөгөөд нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би архинаас нь хамт уугаад би дахин 0.5 литрийн Монгол Стандарт архи авсан юм. Ингээд миний авсан архийг уугаад бид гурав сууж байхад гаднаас танихгүй согтуу залуу орж ирсэн. Бид нартай хамт архи уугаад сууж байгаад юу хийж байгаа юм гэхээр нь би архи ууж байна гэж өөдөөс нь хариу хэлэхэд тухайн залуу өдөөд байна уу чи гэж надад хэлэхээр нь би чамайг өдөөд байх насны хүн мөн үү гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр танихгүй залуу сууж байсан бор өнгийн модон сандлаар миний толгой дух орчим цохиод би болиулах гэтэл намайг үргэлжлүүлээд цохиод байсан. Нэг мэдэхэд би Гэмтэл Согог судлалын эмнэлэгт сэрсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Хохирогч Д.Баярсайханы “2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дүүгийн хадам Сайннямбуугийн гэрт очиход Энхнасан болон өөр нэг ах хамт байсан бөгөөд бид дөрөв 0.75 литрийн архи хувааж уусан. Тэнд байсан өмнө харж байгаагүй ах согтуурхаад янз бүрийн юм яриад тэгээд би тэр ахтай маргалдаж байсан. Гэтэл нэг мэдэхэд миний гэдсээр халуу оргиж би эвхэрч унаад, Сайннямбуу ах эмнэлэг яв гээд би эмнэлэгт ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэр танихгүй хүн гартаа юм барьчихсан байсан.” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Сайннямбуугийн “...Тэгээд Мөнхбаатар, Баярсайхан, Энхбат бид дөрөв хоёр шил архиа хувааж уугаад дуусч байтал гэнэт Мөнхбаатар, Баярсайхан хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь Баярсайхан гэрт байсан сандлын хугархай хөлний модоор Мөнхбаатарыг цохиж унагаасан чинь Мөнхбаатар уурлаж босч ирээд Баярсайханы хэвлий орчим жижиг хутгаар зүсэх шиг болсон. Тэгээд Баярсайханы хэвлий орчмоос цус гараад, Мөнхбаатарын толгой хэсгээс цус гарч эхэлсэн. ...Ямар шалтгааны улмаас маргалдсан болохыг мэдэхгүй байна. Гэнэт хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. ...Хаанаас ямар хутга гаргаж ирээд Баярсайханыг хутгалсан болохыг мэдэхгүй байна. Өөрт нь байсан хутга байх. Жижигхэн эвхдэг хутга байсан. Манайд тийм хутга байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Энхбатын “...Ингээд Мөнхбаатар, Сайннямбуу, Баярсайхан нар тэр архийг уугаад гэнэт Баярсайхан би 20 жил шоронд явсан гэж хэлээд Мөнхбаатартай маргалдаад байсан бөгөөд нэг мэдсэн Баярсайхан Мөнхбаатарыг мөргөж хойш унагаагаад модон сандалаар дээрээс нь маш олон удаа цохиод Мөнхбаатар нь гараараа хаагаад байсан юм. Энэ үед би босож чадахгүй хөл өвдөөд байсан ба Сайннямбуу хойноос нь Баярсайханыг татаад дийлээгүй юм. Нэг мэдсэн Баярсайхан намайг хутгалчихлаа гээд орилоод хэвлий орчмоос нь цус гарчихсан орилоод байсан. Ингээд Сайннямбуу юмаар гэдэсийг нь ороох гэтэл Баярсайхан босож гүйгээд гарч ороод байсан. Харин Мөнхбаатар баруун буйдан дээр толгойноос нь цус гарчихсан хөдлөхгүй суугаад байсан. Ингээд эмнэлэг цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Даваахүүгийн “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажилладаг бөгөөд тухайн өдөр ээлжийн ажилтай байсан бөгөөд ээлжийн ахлагчаас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн Шүүхийн 1-1 тоотод манай ахыг хүн хутгалчихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авсан бөгөөд тухайн дуудлага мэдээлэлд очиход гэрийн гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Дуудлагын дагуу гэрт ороход нэг нь зодуулсан нэг нь хутгалуулсан гэх хоёр хүн байсан бөгөөд хутгалуулсан гэх иргэн гал тогооны хэсэгт уурласан байдалтай зодуулсан гэх настай хүн гэрийн баруун хойд буйдан сандал дээр хойш налаад энгэр хэсэгт нөжирсөн цус тогтсон байдалтай сууж байсан... Ингээд хутгалуулсан гэх иргэний биед үзлэг хийхэд хэвлий урд хүйснээс баруун дээд хэсэгт нэвтэрсэн шархтай гадна шарх 1 см орчим шархнаас гадагш гарах цус тогтсон байсан ба шархны гадна талд даралттай боолт хийгээд амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн тогтвортой байсан тул эмнэлэг рүү тээвэрлэн гэж хэлээд дараагийн иргэн болох зодуулсан гэх настай хүний биед үзлэг хийсэн юм. Үзлэг хийхэд зодуулсан гэх иргэний духны дээд хэсэгт 5 см орчим гүнзгий шархтай шархнаас цус гарсан цамц хувцас цус болж нэвтэрсэн эгэмний хэсэгт цус нөжирч тогтсон байдалтай байсан бөгөөд шархыг цэвэрлэж цэвэр боолт хийж биеийн байдал амин үзүүлэлт хэвийн учир эмнэлэг тээвэрлэхээр болж тухайн хоёр өвчтөнг эмнэлэгийн автомашины хойд зааланд цуг суулгаж замын турш биеийн байдлыг хянаж ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн эмчид хүлээлгэн өгсөн. Тухайн иргэний биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчны харьцаатай, байрлал идэвхитэй, хэл яриа хэвийн амнаас архи үнэртсэн байдалтай уурлаж бухимдаж боолт хийхэд эсэргүүцэж уурлаж боолтыг авч байсан. Биеийн байдал хүндэвтэр ухаан санаа саруул орчиндоо харьцаатай, байрлал албадмал үг яриа асуултанд цөөн үгээр хариулна амнаас архи үнэртэн нүүр царай зовиурлангуй байсан. ...Хутгалуулсан гэх залуу тэр намайг хутгалчихлаа гэж зодуулсан гэх настай хүнрүү заагаад хэлж байсан. Харин зодуулсан гэх настай хүн намайг энэ залуу сандалаар зөндөө их зодсон гэж уйлангуй ярьж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4542 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Ч.Мөнхбаатарын биед дух ясны хугарал, духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зулайн төвгөрт цус хуралт, духанд зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4332 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Д.Баярсайханы биед хэвлийн урд хананы хатгагдаж зүсэгдэж нэтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /500мл/, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-112 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч. Мөнхбаатарыг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн Шүүхийн 1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ иргэн Д. Баярсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.     

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ч. Мөнхбаатар нь иргэн Д. Баярсайханы хэвлийн тус газар нь хутгалж хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  Харин хэргийн үйл баримтуудаар шүүгдэгч Ч. Мөнхбаатарын үйлдэлд “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх гэм буруугийн санаатай субьектив байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Ч. Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч Ч. Мөнхбаатар нь хохирогч Д. Баярсайханы хууль бус бодит халдлагын эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирогч Д. Баярсайханы биед хүнд гэмтэл учруулсан болох нь:  Д. Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт “ Мөнхбаатарын толгой руу сандлаар цохиж байх үед Мөнхбаатар намайг хутгалсан. Эхэлж сандлаар цохьсон нь миний буруу” гэх мэдүүлэг, гэрч Ж. Энхбатын “...Баярсайхан Мөнхбаатарыг мөргөж хойш унагаагаад модон сандлаар дээрээс нь маш олон удаа цохиод Мөнхбаатар нь гараараа хаагаад байсан юм. Энэ үед би босож чадахгүй хөл өвдөөд байсан ба Сайннямбуу хойноос нь Баярсайханыг татаад дийлээгүй юм. Нэг мэдсэн Баярсайхан намайг хутгалчихлаа гээд орилоод хэвлий орчмоос нь цус гарчихсан байсан...Сайннямбуугийн гэрт хагархай бутархай сандал харагдаагүй намайг харахад сандлаар цохиод байсан. Маргааш нь Сайннямбуу энд тэндээс түүгээд галруу хийгээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Н. Сайннямбуугийн “Мөнхбаатар, Баярсайхан нар нь эхлээд маргалдсан хэрэлдсэн хэрүүл нь даамжраад Баярсайхан модон сандал аваад шидэж харагдсан. Нэг мэдсэн Баярсайханы гэдэснээс цус гарчихсан чи хутгалчихлаа гэж байсан.  ” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч. Мөнхбаатарын  “ ...бид 2 маргалдсан ба тухайн танихгүй залуу сууж байсан бор өнгийн модон сандлаар миний толгой дух орчим цохиод сандал бутраад би болиулах гэтэл намайг үргэлжлүүлээд бутархай хэсгээр цохиод байсан. Нэг  мэдэхэд би гэмтлийн эмнэлэгт сэрсэн... ” гэх, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ ...намайг сандал хэмхэртэл үргэлжлүүлээд цохиод байсан болохоор өөрийгээ хамгаалахын тулд багажны цүнхэнд байсан хутгаа гаргаж ирээд хутгалсан...” гэх мэдүүлэг,  гэрч Э. Зоригийн “ Хэрэг учрал болсон гэх газар бор хүрэн өнгийн сандлын хэсгүүд байсан бөгөөд хэргийн газрын үзлэгийн зурагт хэсгүүд тодорхой харагдаж байгаа” гэх мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 04 сарын 14-ны өдрийн №4542 дугаартай “. 1. Мөнхбаатарын биед дух ясны хугарал, духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зулайн төвгөрт цус хуралт, духанд зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ” гэх дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д. Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “  ...Мөнхбаатар ах надтай маргалдаж миний гэдэс рүү цохих шиг болсон бөгөөд удалгүй миний гэдэснээс доош халуу оргиод цус гарах шиг болохоор нь би хажууд байх сандал авч шидэхэд Мөнхбаатарын мөр орчим онох шиг болсон. Тэгээд надруу дахиад дайрахаар нь би хутгатай гарнаас нь гараараа бариад цааш нь өшиглөж Мөнхбаатарыг буйдан дээр унагасан...” гэх мэдүүлэг нь гэрч Ж. Энхбат, Н. Сайннямбуу нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус үгүйсгэгдсэн болно.

Эдгээр болон бусад байдлыг шүүхээс дүгнэхэд : Шүүгдэгч Ч. Мөнхбаатарын үйлдэл нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан Аргагүй хамгаалалтын үйлдэл хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл: Д. Баярсайхан нь Ч. Мөнхбаатарын хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтолж өөрийн сууж байсан модон сандлыг хугарч хэмхэртэл  хохирогчийн толгой руу хүчтэй цохиж буй үйлдлийн эсрэг тухайн үед өөрийн биед байсан буюу  багажны цүнхэндээ авч явсан хутгаар Д. Баярсайханы хэвлийн тус газар хутгалж өөрийн эсрэг хийсэн хууль бус довтолгоог таслан зогсоожээ. Хууль тогтоогчоос хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийсэн аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрч тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхигүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон байна.

Ийнхүү Ч. Мөнхбаатараас өөрийн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрх эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалж халдагч этгээдийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж , шүүгдэгч Ч. Мөнхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Д. Баярсайханы гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Баярсайхан нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн Шүүхийн 1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон сандлаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “Дух ясны хугарал, духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зулайн төвгөрт цус хуралт, духанд зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д. Баярсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч Ч.Мөнхбаатар, Гэрч Н.Сайханнямбуу, Ж.Энхбат, Б.Даваахүү нарын мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн шинжээчийн №4542 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д. Баярсайханы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д. Баярсайханыг  бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу Ч. Мөнхбаатар нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй болохыг дурьдлаа .

 Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар :

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй  буюу шүүгдэгч   Д. Баярсайханд   1 / нэг /жил 3 / гурав / сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д. Баярсайханы хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Өмгөөлөгч Р. Булгамаа, Н. Билгүтэй нараас шүүгдэгч Д. Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан торгуулийн ял оногдуулах талаар санал дүгнэлт танилцуулж хэрэгт “ Арслан цохио ” ХХК-ны ажил эрхлэлтийн тодорхойлолтыг ирүүлжээ. Уг тодорхойлолтод Д. Баярсайхан нь 2017 оны 5 сараас 2020 оны 09 сар хүртэл тус компанид дотоод засалчин үндсэн ажилтанаар ажилладаг бөгөөд сард 3000.000 төгрөгний  цалин авдаг  болохыг тодохойлсон байх боловч тодорхойлолтод тусгагдсан цалин хөлсийг бодитойгоор олгодог талаарх баримтыг ирүүлээгүй байхаас гадна шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмиийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохируулан шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 180*40*35 мм-ийн  хэмжээтэй бор хүрэн будагчтай мод 1 ширхэг, Морьтон гэх бичиглэлтэй 0,75 л-ийн багтаамжтай архины шил 1 ширхэг, 135*175 см-ийн хэмжээтэй зах ирмэгээр цацагтай цэцгэн хээтэй шар хүрэн өнгийн бүтээлэг 1 ширхэг, нийт 16 см урттай , эвхэгдсэн байдал 9 см урттай , ineco бичвэр бүхий иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  .

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д. Баярсайхан  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч. Мөнхбаатар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй тухайгаа илэрхийлсэн  болохыг  тус тус дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 –т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хэрээд овгийн Чүлтэмийн Мөнхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Сартуул овгийн Дармаагийн Баярсайханыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Баярсайханыг  1  / нэг / жил  3 / гурав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Шүүгдэгч Д.Баярсайхан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 180*40*35 мм-ийн  хэмжээтэй бор хүрэн будагчтай мод 1 ширхэг, Морьтон гэх бичиглэлтэй 0,75 л-ийн багтаамжтай архины шил 1 ширхэг, 135*175 см-ийн хэмжээтэй зах ирмэгээр цацагтай цэцгэн хээтэй шар хүрэн өнгийн бүтээлэг 1 ширхэг, нийт 16 см урттай , эвхэгдсэн байдал 9 см урттай , ineco бичвэр бүхий иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж,  түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч. Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                         Б. ДУЛАМСҮРЭН

 

                                                               Б. МӨНХЭРДЭНЭ