Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

  2019            01             09                                                2019/ДШМ/06

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/299 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Эт холбогдох, эрүүгийн 1819002350151 дугаартай, 1 хавтас, 122 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн ...... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн ..... сумын 1 дүгээр баг, ....гэх газарт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Шарнууд овогт Доржпагмын Э /ЕБ92041911/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

                                                                                                          

Яллагдагч Д.Э нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө Дорноговь аймгийн ...... сумын ..... багийн нутаг дэвсгэрт өөрийн малд нийлсэн хохирогч С.П-ийн 3 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж түүнд бага хэмжээний буюу 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Д.Эт  холбогдох эрүүгийн 1819002350151 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг 2018.11.13-ны өдрийн 299 дүгээр захирамжаар хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байгаа. Эсэргүүцлийн тухайд гэвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг байгаа. Яллагдагч хэргээ хябаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийг үндэслэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдэ шийтгэх болон цагаатгах тогтоолоор шийдвэрлэх байтал шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж хууль зөрчсөн. Мөн шүүгдэгч Д.Эын 3 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг нь нотлогдсон байхад шүүх хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоолгохоор, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэдэг байдлаар хэргийг буцаасан. Хэргээс харахад ноцтой зөрүү харагддаггүй. Хэрэв хохирогч, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэвэл оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулаад шийдвэрлэх боломжтой. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гучингурав дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй гэж заасан байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа гэсэн хуулийн заалтыг дурдаж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэргийг анх эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа мал хулгайлах гэмт хэргээр  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх явцад Э нь бусдын малыг хулгайлсан нь тогтоогдоогүй. Өөрийн 3 тооны малыг зарсан болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/299 дугаартай, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний байдлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутаг дэвсгэрт байх өөрийн малд нийлсэн хохирогч С.Пгийн 3 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж заримыг нь Т.Анхбаярт зарж, заримыг нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн зэргээр завшиж, бусдад бага хэмжээний буюу 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтыг яллагдагчаар болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ /хх 57, 86-87/ хүлээн зөвшөөрдөг ба түүний үйлдлийг гэрч Т.Анхбаяр /хх12-13, 42, 51-52/, Баярхүү /хх-3/, хохирогч С.П /хх 36-38/ нар гэрчлэн мэдүүлсэн байдаг.

Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан ба яллагдагч болон хохирогч нарын зүгээс нэмж шалгуулах талаар санал хүсэлт гараагүй, яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан, хохирогч С.Пгээс хохирлоо бүрэн авсан, хэргийг мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн зэргээс үзэхэд мөрдөн шалгах болон шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” зарчмын дагуу явагдсан,  оролцогчдын “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан гэж тус тус үзэхээр байна.

Анхан шатны шүүх гэрч Г.Баярхүү, Т.Анхбаяр нарын мэдүүлгүүд яллагдагч Д.Эын мэдүүлгээс зөрүүтэй байдал нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрт яаж нөлөөлж байгаа талаараа анхан шатны шүүх тодорхойлоогүй буюу энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал болохгүй юм.

Мөн анхан шатны шүүх яллагдагч нь “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх”  тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “ ... иргэн алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэг”-ээ зөрчснийг шалгаж тогтоогоогүй гэсэн байх ба яллагдагч энэ үүргээ зөрчсөн үйлдэлдээ буюу түүний хохирогч С.Пгийн нийт 4 тооны бог мал малд нь нийлснийг мэдсээр байж завшсан  үйлдэлд Прокуророос  Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад дээрх үйлдлийн шалтгаан, нөхцлийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай үндэслэл дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл боллоо.

Түүнчлэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Харин прокурор, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан журмуудыг зөрчсөн нь дараах байдлуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнх арван долдугаар бүлэгт  “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны тухай хуульчилсан ба энэ бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх 2 төрлийн буюу  17.1, 17.5 гэсэн 2 төрлийн ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь мөрдөн шалгах болон шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, богино хугацаанд хууль ёсны дагуу шударгаар явуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад чухал ач холбогдолтой ажиллагаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл нь яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргах, түүний хүсэлтийн дагуу богино хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, яллагдагчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 17.4-т зааснаар шүүхэд шилжүүлэх ба шүүх прокуророос гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргах юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан зарим хөнгөн гэмт хэргүүдийг хурдан шуурхай мөрдөн шалгах ажиллагааг 14 хоногт явуулж прокурорт шилжүүлж, прокурор 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, шүүх 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг гаргах гэсэн 2 өөр нөхцөлтэй, шийдвэрлэх хугацаа болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл зэрэг нь өөр хоорондоо ялгаатай ажиллагаанууд байгааг прокурор, анхан шатны шүүхийн аль аль нь анхаараагүй байна.

Прокурор нь яллагдагч хохирогч нар хоорондоо эвлэрч яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байхад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-д заасан яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамтай хольж мөн зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан журмыг зөрчсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/299 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС