Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 14 өдөр           Дугаар 128/ШШ2019/0687           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Ц.Б, Д.М, Л.С

            Хариуцагч: НЗД, ОСДБГ

            Гуравдагч этгээд: “Г” ХХК, /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг НЗД-аас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх залгамжлагч, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, тэдгээрийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч НЗДИТ С.М, хариуцагч ОСДБГИТ Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх залгамжлагч, нэхэмжлэгч  Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 9 дүгээр сард байранд орох нөхцлөөр газраа чөлөөлөн өгсөн боловч тухайн компани нь одоог хүртэл барилгын ажлаа эхлэхгүй, түрээсийн мөнгийг 700.000 төгрөгөөр тохирсон боловч сүүлийн 40 сарын хугацаанд тухайн мөнгийг төлөөгүй байна. Нэгэнт одоо барилгын ажлаа эхлүүлэхгүй юм бол газраа авч, түрээсийн мөнгөний хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэв. 

Хоёр. Нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бид газраа чөлөөлөөд өгсөн. Үүнээс хойш тухайн газарт хор илэрсэн гэсэн үндэслэлээр барилгын ажлыг удаашруулж байх явцдаа дээрх төслөө “Б” ХХК-д зарсан боловч одоогийн байдлаар ямар ч ажил хийхгүй бидний эрх ашгийг хохироож байгуу тул бид гүйцэтгэгч компанийг барилга барихыг хүлээхгүйгээр газраа буцаан авах хүсэлтэй байна. Бидний зүгээс түрээсийн мөнгийг нэхэмжилж байна. Бидэнд түрээсийн мөнгийг өгчихвөл өнгөрсөн хугацаанд айлын байр түрээслэн амьдарсан өр төлбөрөө төлөх бодолтой байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хандаж үзээгүй байгууллага албан тушаалтан байхгүй. НЗД-тай уулзах гээд удаа дараа өргөдөл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй. Иймд бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна...” гэв.

Гурав. Нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх залгамжлагч, нэхэмжлэгч  Ц.Б, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нарын өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Г” ХХК нь 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад уг төслийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ирсэн. Дээрх төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд НЗД болон түүний ажлын алба хяналт тавьж үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэхь заалтад заасныг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг НЗД-д даалгаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс газраа буцаан авахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зүй ёсны хэрэг. Учир нь тэдний хувьд гэр оронгүй, орох газаргүй болсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хохирлыг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах хүсэлтэй байна...” гэв.

Дөрөв.хариуцагч НЗДИТ С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд зааснаар “Төсөл хэрэгжүүлэгч компани, иргэн, орон сууц дэд бүтцийн газар нь 3 талт гэрээг байгуулсан” Үүнтэй холбоотой төлбөр мөнгөний асуудлыг төсөл хэрэгжүүлэгч компани бүрэн хариуцах ёстой. Миний харж байгаагаар энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан биш. Харин иргэний хэргийн журмаар шийдвэрлэсэн нь илүү оновчтой гэж үзэж байгаа юм. Газрын гэрчилгээг буцаан авах хүсэлтээ “Г” ХХК-нд гаргах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Тав. хариуцагч ОСДБГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг НЗД хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай зүгээс мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. 3 талт гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтүүдийг нэхэмжлэгч нар нь анх удаа гаргасан. Тухайн хүсэлтийг бид төсөл хэрэгжүүлч байгууллагад дамжуулаад тухайн байгууллага 3 талт гэрээг цуцлахыг зөвшөөрвөл манай зүгээс татгалзах зүйлгүй. Гэтэл нэхэмжлэгч нар өмнө нь хүсэлт гаргаж байгаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул манай зүгээс 3 талт гэрээг цуцлах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад уламжлах боломжгүй байсан. 3 талт гэрээг сайн дурын үндсэн дээр биелүүлдэг. Тухайн гэрээний 6.8 дахь хэсэгт талууд гэрээний эрх үүргээ бусдад шилжүүлэх, 6.3 дахь хэсэгт бусад тохиолдолд гэрээнээс дангаараа татгалзахыг хориглоно гэсэн байдаг. Манай зүгээс “Г” ХХК-ийг ажлаа хийхгүй байгаа гэдгийг үгүйсгэхгүй байгаа. Тухайн компани нь төсөл хэрэгжүүлэх эрхийг 2013 онд авахдаа 41 айлын газрыг чөлөөлөөд, 29 айлыг нь “Х” хотхонд байранд оруулсан байдаг юм. НЗД-д төсөл хэрэгжүүлэх эрхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамжаар зөвхөн “Г” ХХК-нд эрх олгосон байдаг.   Тухайн захирамжинд 236 иргэний аль нэгнийх нь нэр нь дурдагдаагүй учир эрх ашиг нь зөрчигдөөгүй, ямар нэгэн маргах эрх үүсэхгүй. 3 талт гэрээний гэм хорын төлбөрт нэхэмжилж байгаа 17.300.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байдаг. Захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны мөнгөн төлбөр гаргах боломжтой гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад гэм хор гэж тодорхойлсон байгаа юм. Сар бүрийн түрээсийн төлбөрийг хугацаанд нь өгөөгүйтэй холбогдуулан үүссэн мөнгөн төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас иргэний хэргийн журмаар нэхэмжлэх боломжтой. 2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан НИТХ-аас баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх журмын 3.11 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн. Тухайн компани нь газраа чөлөөлөөд тодорхой ажлыг эхлүүлчихсэн байсан болохоор манай зүгээс хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хүргүүлж байсан. Дээрх журамд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна гэж заасан байгаа тул тухайн байгууллагаас нэхэмжлэх нь зүйтэй юм...” гэв.

Зургаа. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Г” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны дагуу зохих шаардлагыг ханган БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХДТ/2013/7 багцад хамрагдах 15,4га талбайд “ТА” цогцолбор хорооллыг бий болгох зорилгоор дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

ТА цогцолбор хороолол нь 9500 орчим хүн оршин суух 3070 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 360 хүүхдийн бага сургуулийн цогцолбор, 450 машины ил зогсоол, 516 машины далд зогсоол, түүнчлэн оффис үйлчилгээний цогцолбор барилга болон нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар тус компани нь өөрийн хэрэгжүүлж буй төсөлдөө их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй чөлөөлөгдсөн төслийн талбайд 240 айлын 2 ширхэг орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ба тус барилгын дэд бүтцийн газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь гүйцэтгэж улмаар шугам сүлжээний ажлыг 85 хувьтай гүйцэтгэж байгаагаас гадна төслийн талбайд баригдах сургууль, цэцэрлэг, авто замын талбай, дэд бүтцийн талбайг 100 хувь бүрэн чөлөөлж холбогдох ажлуудыг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд тус ажлын хүрээнд эхний ээлжинд 40 гаруй иргэдийн газрыг чөлөөлж улмаар тус иргэдийн 90 орчим хувийг СБД 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 2 өрөө бүхий орон сууцанд бүрэн хамруулсан ба төслийн орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд газар чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар нь өнгөрсөн хугацаанд эхний ээлжинд олгосон дээрх орон сууцнаас татгалзаж байсан бөгөөд нэхэмжлэгч Л.С тус орон сууцанд хамрагдсан байгаа болно.

Гэвч нэхэмжлэгч нар нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс төсөл хэрэгжүүлэх захирамжийг хүчингүй болгуулах мөн төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахыг даалгахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба дээр дурьдсан хууль зүйл олон үр дагаврыг үүсгэх бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” мөн холбогдох хууль, тогтоомжоор зохицуулагддаг.

Тус журам, хуульд заасан үүргийг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь өнөөдрийн байдлаар биелүүлээгүй тухайлбал иргэний газар өмчлөх эрх нь өмчлөгч өөрт нь хэвээр байгаа, Н-ийн холбогдох байгууллага нь төслийн үйл ажиллагааг саадгүй явагдах боломж бололцоог хязгаарлаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “БЗД 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг НЗД-д даалгуулах, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300.000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300.000 төгрөгийг НЗД-аас гаргуулах” гэж өөрчилжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

            1. “БЗД 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч Г ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: НИТХ-ын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” 07/29 дүгээр тогтоолын 1.7 дахь хэсэгт БЗД 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “А орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15.2 газрыг захин төлөвлөлтөд оруулж мөн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталжээ. Уг журмаар “...НИТХ-аас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг буюу сонгогдсон талбайд төсөл хэрэгжүүлэгчтэй хийх гурван талт гэрээний загвар батлах болон төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий удирдах хорооны эрх хэмжээ, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажиллагаа”-г зохицуулжээ.

            Дээрх тогтоолыг үндэслэн НЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/533 дугаар захирамжаар “Н-ийн БЗД 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХДТ/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

            Үүний дагуу БЗД 12 дугаар хороо Ж-ы 21 дүгээр гудамжны 441 тоот байршилтай “гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 508м2 газрын хууль ёсны өмчлөгч Ц.Б, БЗД 12 дугаар хороо, Ж-ы 21 дүгээр гудамжны 442 тоот 506м2 газрын өмчлөгч Д.Ц, БЗД 12 дугаар хороо Ж-ы 18 дугаар гудамжны 239 тоот, 540м2  газрын өмчлөгч Д.М нартай “Г” ХХК  2013 онд “НИТХ-ын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 тоот тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт” гэрээ байгуулж, үүнийг үндэслэн ГХДТ2013/7/003, ГХДТ2013/7/004, ГХДТ2013/7/009 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г  нэхэмжлэгч нартай байгуулсан байна.

            Дээрх гэрээгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой Н-ийн Засаг захиргааны байгууллага, иргэн, төсөл хэрэгжүүлэгч  нарын хооронд үүсэх харилцааг зохицуулж, гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу иргэн “...заасан хуваарийн дагуу газраа чөлөөлөх, нүүн шилжих”, төсөл хэрэгжүүлэгч буюу “Г” ХХК “...төсөл хэрэгжих газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, захиргааны байгууллага болох НЕТГ ”...ерөнхий төлөвлөгөө боловсруулах, барилга байгууламжийн байршлыг тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгох, хүлээн авах”, НХОГ нь “...төсөл хэрэгжүүлэх байршилд төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалт гаргах”, Гэр хорооллын хөгжлийн газар нь “...төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох, газар үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, бүртгэлийг хаах, төслийн ажлын гүйцэтгэлийг мэдээг гаргуулж төслийн удирдах хороонд сар бүр тайлагнах” зэрэг үүргийг  тус тус хүлээжээ.        

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Журмын нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор НИТХ-ын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан журмын холбогдох заалтад өөрчлөлт оруулсан байна.

Дээрх гурван талт гэрээ нь  Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж зааснаар 52.2.1 -д “...болон бусад эрх зүйн харилцаанд”-нд хэрэглэсэн захиргааны гэрээ байна. Уг гэрээ нь Н-ийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбогдуулан боловсруулсан  НИТХ-ын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулагдсан гэрээнээс үүдэн гарах эрх зүйн үр дагавар нь нийтийн эрх зүйд хамаарахаар байна.

Гурван талт гэрээнд заасны дагуу иргэн  Ц.Б БЗД 12 дугаар хороо Ж-ы 21 дүгээр гудамжны 441 тоот байршилтай нэгж талбарын 18649309131965 дугаартай  гэр бүлийн хэрэгцээний 508м2 газар, иргэн Д.Ц БЗД 12 дугаар хороо Ж-ы 21 дүгээр гудамжны 442 тоот байршилтай  нэгж талбарын  18649309415966 дугаартай 506м2 газар,  иргэн Д.М БЗД 12 дугаар хороо, Ж-ы 18 дугаар гудамжны 239 тоот байршилтай нэгж талбарын 18649309452997 дугаартай  540 м2 газруудыг чөлөөлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлжээ.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20-д “НЗД энэ журмын 3.15 дахь заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно”, 4.11-д “төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эл хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг эхлүүлнэ” гэж заасны дагуу сонгосон талбай дахь газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, НЗД түүнийг төлөөлөгч байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч  “Г” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр нэхэмжлэгч нарыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн “...маргаан бүхий газрыг төмөр хашаагаар хашаалсан гурван тоосгон байшин, гурван жижиг дутуу барьсан сэндвичин байр, нэг ухсан том нүх...байв” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэг, Гэр хорооллын дэд бүтцийн газраас “Г” ХХК-д хүргүүлсэн удаа дараагийн “албан шаардлага”, “мэдэгдэл” зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Дээрх төслийн хэмжээнд 3318 айлын орон сууц, 18 үйлчилгээний төв, 800 хүүхдийн цэцэрлэг,1800 хүүхдийн сургууль барихаар төлөвлөгдсөн бөгөөд 48 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд орон сууцны барилгын ажил суурийн ажлаас өөр ажил хийгдээгүй байна.

Харин НЗД “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.19-д “НЗД инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, Н-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг эхлүүлнэ” гэсний дагуу орон сууцны хорооллын эхний ээлжийн  барилга угсралтын дэд бүтцийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, Н-ийн төсвөөс 9.163 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гэрээт ажлын явц нь 80 хувьтай явж байсан байна.

Дээрх захиргааны гэрээний хувьд төрөөс иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой зорилгод чиглэсэн НЗД, ИТХ-аас зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжид тодорхой эрх, үүргийг хүлээлгэсэн харилцаа үүсгэжээ. Энэхүү захиргааны гэрээ нь иргэний гэрээний нэгэн адил чөлөөт байдал үйлчлэхгүй бөгөөд захиргааны байгууллагад тухайн харилцааг зохицуулах журмыг баталж, хуульд нийцүүлэн гэрээ байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.

Гэвч гэрээний нэг тал болох иргэдийн хувьд тусгайлсан эрх зүйн хамгаалалт шаардлагатай бөгөөд иргэд төрийн захиргааны байгууллагад итгэж тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, уг гэрээ тэгш бус субъектүүдийн хооронд байгуулагдаж, иргэд тусгайлсан эрх бүхий субъекттэй захирах захирагдах харилцаанд ордог онцлогтой болно.

Иймээс захиргааны байгууллага  маргаан бүхий захиргааны гэрээний  биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг  учирсан бол ...арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж зааснаар НЗД маргаан бүхий гэрээг цуцлах боломжтой хэдий ч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээ байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”, 56.2-д “өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэсний дагуу байгууллага болон иргэн ч гэрээг цуцлах эрхтэй байна.

 2. “ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг НЗД-аас гаргуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1-т “төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах” үүрэгтэй гэж заажээ.

Төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зургаан жилийн хугацаанд нэхэмжлэгч нарыг орон сууцаар хангаагүй, иргэн Д.Ц, Ц.Б нартай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Түр оршин суух хугацаанд дахь орон сууцны  төлбөр олгох тухай” ГХ/10 дугаартай  гэрээгээр түрээсийн  орон сууцны  нэг сарын төлбөр 700000 төгрөг, иргэн Д.М-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 дугаартай гэрээгээр  сар бүр 450000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулжээ. Энэхүү төлбөрөө 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ц, Ц.Б нар 27,800.000 төгрөг, Д.М 15,300.000 төгрөгийн түрээсийн төлбөр нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гурван талт гэрээний төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь 2016 оны 4 дүгээр сараас хойш гэрээгээр тохирсон түр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд иргэн захиргааны гэрээнд итгэсний улмаас үүссэн хохирлыг арилгах нь захиргааны байгууллагын хувьд үүрэг болох юм.

Гэрээний нэг тал болох захиргааны байгууллага өөрөө гүйцэтгэж чадахааргүй зөвхөн гуравдагч этгээд хийж чадах зүйлийг тохиролцсон бөгөөд  тухайн гэрээний үүргийг биелүүлээгүй  бол гэрээний нөгөө тал болох иргэн нь түүнээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс  учирсан хохирлыг шаардах эрхтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй...” гэж зааснаар иргэн захиргааны гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй энэ бол тэгш бус  эрхийн  гэрээнд тавигддаг шаардах эрх юм.

Гурван талт гэрээний нэг тал болох иргэн уг гэрээнээс учирсан учирсан хохирлоо захиргааны байгууллагаас нэхэмжилж, захиргааны байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй “Г” ХХК-иас төрд учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны байгууллага гурван талт гэрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, иргэдийг хохироох нөхцөл байдлыг үүсгэсэн. “Г” ХХК нь 2013 оноос хойш гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээс, иргэд хохирч байнга гомдол санал гаргаж, зарим иргэд орон гэргүй зургаан жил явж байгаад нас барсан, тус компани цагдаагийн байгууллагад шалгагдан, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах хүртэл нөхцөл байдал илэрч байхад гэрээг цуцлах арга хэмжээ авалгүйгээр иргэдийг хохироосон байх тул гурван талт гэрээний нэг тал болох иргэн уг гэрээнээс учирсан хохирлоо захиргааны байгууллагаас нэхэмжилж, захиргааны байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй “Г” ХХК-иас төрд учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан түр оршин суух түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.С-гийн хувьд шүүхэд “НЗД-тай 2013 онд байгуулсан ГХДТ2013/7/11 тоот гурван талт гэрээний  эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 95,046,000 төгрөгийг НЗД-ын тамгын газраас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж  ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д “...хоёр удаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу холбогдох нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна.                                                                                                             

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.1 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, БЗД 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,300,000 /хорин долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-т, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17,300,000 /арван долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Д.М-т олгохыг хариуцагч нарт даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг баримтлан Л.С-ийн нэхэмжлэлтэй, НЗД, ОСДБГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байсан болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116900 төрөг, Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116900 төрөг, Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ