Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0344 |
Огноо | 2014-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0344
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч Ш.Б, Б.У нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Чимэддагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь улс хоорондын ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэгч, зуучлагчийн болон тээврийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан компани юм. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш компанийн үйл ажиллагаа жигд явагдаж байгаа бөгөөд Оюу толгой төслийн ачааг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Компанийн үйл ажиллагаа дахь импортын татвар ногдуулалт төлөлтийг Гаалийн улсын байцаагч нар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүрдүүлэлтийн дараах хяналтын журмаар шалгаж 90/13 тоот акт үйлдсэн. Энэхүү актад дурдсан зөрчил, нөхөн татвар, торгуулийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасны дагуу албан ёсоор тайлбар гарган уламжилж байсан. Мэдүүлэгч бид энэхүү актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул актыг хүчингүй болгуулах энэхүү нэхэмжлэлийг
гаргаж байна. “Э” ХХК нь ГЕГ-ын гаалийн улсын байцаагч Ш.Б, Б.У нарын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тогтоосон 90/13 тоот актыг эс зөвшөөрч Гаалийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, мөн хуулийн 17 дугаар зүйл, Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасны дагуу ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах хяналтын газар болон ГЕГ-ын даргад хандаж тайлбар, гомдол хүсэлтийг хүргүүлсэн. ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах хяналтын газар, ГЕГ-ын дарга бидний тайлбар, гомдол, хүсэлтийг хүлээн аваад 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 06/3907 тоот, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 01/4439 тоотоор тус тус албан хариу бичгүүдийг өгч 90/13 тоот акт тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж актыг хэвээр үлдээсэн байна. Дээр дурдсан захиргааны актууд нь “Э” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юм.
Тус компанийн 2010-2012 онд импортоор авсан бараа, материалыг гаалийн байгууллагад үнэн зөв, бүрэн мэдүүлсэн эсэхийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтад тулгуурлан шалгаад засвар, машинд суурилуулсан сэлбэгийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн актыг тогтоосон. Энэ актын тогтоох хэсгийн нэгд: гаалийн татвар 118045957 төгрөг нийт 476865814 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Ийнхүү “Э” ХХК нь дараах үндэслэлээр Гаалийн Улсын байцаагчийн 90/13 тоот актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд, нэгдүгээрт компанийн автомашинуудын ашиглалтын явцад хийгдэх засвар үйлчилгээг тэдгээр автомашиныг үйлдвэрлэсэн үйлдвэрээс тавигдах стандарт шаардлага хангасан, баталгаат засварын газраар хийлгүүлэх шаардлага хангасан, сэлбэг хэрэгслээр байнга тогтмол хангах хүчин чадалтай засвар үйлчилгээний газар байхгүйгээс автомашинд хийх засвар үйлчилгээ, техникийн байнгын бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргийг манай тээврийн маршрутын хилийн чанад дахь хэсэгт байрлалтай БНХАУ-ын компанийн засварын газрыг сонгож хамтарч ажилладаг. Ийнхүү БНХАУ-ын компани руу шилжүүлсэн мөнгө нь автомашиныг хэвийн ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай, ашиглалтын үед гардаг тослох материал, сэлбэг, багаж хэрэгслийн зардал, өөрөөр хэлбэл улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа юм. Энэ нь Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар "Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр ирүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна" гэсний дагуу гаалийн болон НӨАТ ногдуулахаар байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хоорондын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн авто тээврийн харилцааны тухай олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцын нэгдүгээр зүйлд 'энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хоорондын ачаа тээврийг харилцан тохиролцсон хилийн боомтоор нэвтэрч, тогтоосон тээврийн маршрутын дагуу Монгол Улс, эсхүл БНХАУ-д бүртгэлтэй тээвэрлэгч, түүнд харьяалагдах автомашинаар гүйцэтгэнэ гэжээ. Энэхүү хэлэлцээрийн дагуу манай компани байнгын ачаа тээвэрлэх олон улсын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хоёр улсын хоорондын авто замын тээвэрлэлтийн явцад бүх төрлийн тээврийн автомашины хөдөлгүүрийг ажиллуулахад тохирох, түлшний савны багтаамжийн хэмжээгээр авч яваа шатахуун, тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах хэмжээний тосолгооны материал, тээврийн автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг, багаж хэрэгсэл барааг гаалийн татвараас харилцан чөлөөлнө гэсний дагуу актаар тогтоосон сэлбэг хэрэгсэл чөлөөлөгдөнө.
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны 01/4439 тоотоор ирүүлсэн тоотдоо мэдүүлэгч нь сэлбэг хэрэгслийг мэдүүлээгүй учир чөлөөлөх боломжгүй гэжээ. Үүнээс харахад олон улсын гэрээний дагуу сэлбэг хэрэгсэл чөлөөлөх боломжтой, гагцхүү мэдүүлээгүй учир чөлөөлөх боломжгүй гэж ойлгогдож байна. Гэтэл Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэсний дагуу олон улсын гэрээг мөрдөхөөр байна.
Хэрэв машинд суурилуулсан сэлбэг, Монгол улсаас гадаад улсад шилжүүлсэн урсгал засвар, үйлчилгээний төлбөрийг үндэслэн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 3-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэхээр байна.
Гуравдугаарт, Гаалийн улсын байцаагч нар нь актаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан тогтоосон байна. 75 дугаар заалт нь захиргааны хариуцлага хүлээлгэх тухай заалт байна. 74 дүгээр заалтад дурдсан зөрчлүүдээс 74.1.1-д заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг “биетээр нуун дарагдуулах” гэсэн зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бололтой. Гэтэл бид энэ сэлбэг засварын зардлыг санхүүгийн тайлан тооцоондоо тусгасан, бүртгэсэн байсан тул орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан гэж үзэхгүй.
Дөрөвдүгээрт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна гэсэн байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13-д "хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа"-г татвараас чөлөөлөхөөр заажээ.
Иймд, гаалийн улсын байцаагч татвараас чөлөөлөгдсөн бараанд нөхөн татвар ногдуулж хураах эрхгүй гэж үзэж байна.
Тавдугаарт, ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 06/3907 тоот, ГЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 01/4439 тоотод дурдсан 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн 8 дугаар зүйлд заасан заалт нь татвараас чөлөөлөгдөх улс хоорондын тээврийн үйлчилгээний бараанд огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, гаалийн улсын байцаагчдын актыг үндэслэлгүйгээр хамгаалсан гэж үзэхээр байна.
Иймд, дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, 9 1.9 дахь заалтыг хангасан Гаалийн улсын байцаагчдын 90/13 тоот актыг илт хууль бус болохыг нотолж хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.Б, Б.У нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 74/13 тоот удирдамжаар “Э” ХХК- ийн 2010-2012 онд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэх, тур хугацаагаар нэвтрүүлсэн барааны горимын шаардлагын хэрэгжилтийг санхүүгийн үндсэн бичиг баримтад тулгуурлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор БДШГ-ын ГУБ Ш.Б, Б.У нар бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.
Дээрх онуудад БНХАУ-ын “В” компанитай 2010 оны 5 дугаар сард байгуулсан тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүний холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 2366579723 /хоёр тэрбум гурван зуун жаран зургаан сая таван зуун далан есөн сая долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх шийдвэртээ: Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэг, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “Гаалийн улсын байцаагч Ш.Б, Б.У нарын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тогтоосон 90/13 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар “Шийдвэр”-ийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
-Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн Улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90/13 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ шалгах зайлшгүй шаардлагатай зүйлийг шалгаагүй, мөн хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, түүнчлэн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтын удирдамжид шалгалт хийх болсон үндэслэл дурдагдаагүй Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Гаалийн Улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90/13 тоот акт үндэслэлгүй бөгөөд актад "... шалгахад сэлбэгийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн...” гэсэн мөн зөрчлийн талаар болон зөрчлийн үндэслэлээр тодорхой тусгаагүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 01/4439 тоот албан бичигт тээврийн хэрэгсэлд нэгэнт
суурилагдан тавигдсан байгаа сэлбэгийг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон мөн хуулийн 3.1.3-т заасан бараа гэсэн нэр төрөлд оруулсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь уг хуулийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгсэлд багтаж байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар “Шийдвэр”-т өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 74/13 тоот удирдамжаар “Э" ХХК-ийн 2010-2012 онд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэх, түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны горимын шаардлагын хэрэгжилтийг санхүүгийн үндсэн бичиг баримтад тулгуурлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор БДШГ-ын гаалийн улсын байцаагч Ш.Б, Б.У нар бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.
Дээрх онуудад БНХАУ-ын “В” компанитай 2010 оны 05 дугаар сард байгуулсан тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 2 366 579 723 /хоёр тэрбум гурван зуун жаран зургаан сая таван зуун далан есөн сая долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ш.Б, Б.У нар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг санхүүгийн баримтад тулгуурлан Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн байна.
Уг шалгалтаар нэхэмжлэгч компани нь БНХАУ-ын компанийн засварын газартай хамтран ажиллаж, хилийн чандаас тээврийн хэрэгслүүддээ шаардлагатай сэлбэг авч, засвар үйлчилгээг хийлгэн Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ нийт 2.366.579.722,69 төгрөгийн зардал гаргасан, үүнийгээ гаальд мэдүүлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
Гаалийн улсын байцаагчаас нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгслүүддээ хилийн чандад хийгдсэн сэлбэг, хэрэгсэл болон түүнтэй холбогдон гарсан ажил, үйлчилгээний өртгийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчил болох 2.366.579.722,69 төгрөгийн барааны үнийн дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 366.819.857 төгрөг, торгуульд 110.045.957 төгрөг, нийт 476.865.814 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тавьсан актыг нэхэмжлэгчээс зөрчлийн үндэслэлээ тодорхой тусгаагүй, татварын улсын байцаагчийн эрх аваагүй гаалийн байцаагч акт тавьсан, дутуу мэдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.
Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч компани нь БНХАУ-аас худалдаж авч, импортоор оруулж ирсэн автомашины сэлбэг хэрэгсэл, түүнтэй холбогдон гарсан үйлчилгээний зардлуудаа санхүүгийн баримтад бүртгэж, татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан болох нь санхүүгийн тайлангууд, гадаад өглөг авлагын тайлан, дотоод өглөг авлагын тайлан, сэлбэг, засвар үйлчилгээний анхан шатны баримтууд, харилцахын баримтууд болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй болохыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байна.
Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгнө”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ" гэж заасныг зөрчин гаалийн хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж үзэж, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж, акт тавьсныг нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж хүчингүй болгох боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байжээ.
Гаалийн улсын байцаагч гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан этгээдэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан тул нэхэмжлэгчийн татварын байцаагчийн эрхгүй байцаагч татвар ногдуулсан гэх гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагчаас тус компани тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр оруулахдаа гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимыг сонгож, гаалийн бүрдүүлэлт хийсэн. Энэ горим нь Монгол Улсын хилээр оруулж ирээд түр горимоор байршиж байсан бараа нь нэмэлт сэлбэг гаднаас тавиулж ирсэн бол түүнийг хуульд заасны дагуу гаальд мэдүүлэх ёстой, гаалийн хууль тогтоомжийг мөн зөрчсөн гэж үзсэн нь Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна", мөн 93.3-т “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно" гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч компани Гаалийн тухай хууль тогтоомжид заасны дагуу “бараа”-г гаальд мэдүүлээгүйгээс өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан мэдүүлэгчийн үүрэг болох гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг
баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх үүргийг хэрэгжүүлээгүйгээс акт тавигдсан бөгөөд дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.