| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0375/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/336 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт П.Гт холбогдох эрүүгийн 1711000390021 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт П.Г, Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, “Түмэн гал” ХХК-д жолооч ажилтай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 46-4 байрны 15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-125 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 09 сарын 24-ний өдрийн 372 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Давхар буудал”-ын орчим эхнэр Б.О тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Г оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.О гээс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн хамтран амьдрагч П.Г бид хоёр өглөө гэрээсээ гараад ажлаа хөөцөлдөөд эргээд гэртээ харих замдаа өөрийн нөхөр П.Г той гэр бүлийн маргаанаас болоод бас манай хүргэн Мөнх-Эрдэнэтэй хамтарч ажиллаад ирэхээрээ хоорондоо муудалцаад байдаг. Тэгээд бид хоёр тэрнээс болж муудалцаад машин дотроо явж байгаад Давхарын буудал дээр явж байгаад би өөрийн нөхөр П.Г ийн толгойн тус газарт нь цохисон тэгсэн чинь намайг Ганзориг үсдээд дархаар нь би мөчөөгөө өгөхгүй нүүрийг нь маажсан тэгсэн П.Г намайг татаад толгойгоороо миний нүүрэн тус газарт мөргөсөн. Би тухайн үедээ уурандаа цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Энэ асуудал даамжирвал хүндэрч магадгүй юм шиг байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандъя гэж бодоод хандсан юм.” гэжээ /хх-9-10/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9037 дугаар дүгнэлтэд:
“1. Б.О гийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29-38/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Давхар буудал”-ын орчим эхнэр Б.О тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь Б.О нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Г ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН