| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0306/И |
| Дугаар | 288 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг оршин суух, Н овогт Т.Ц-н
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Ц, гэрч Ц.Ц, А.Н, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие нь 1988 онд тэтгэвэрт гараад эргээд нэг сарын дараа эргэж ажилдаа орж 1995 оныг хүртэл ажилласан. Энэ асуудлаар олон удаа хөөцөлдөж ажиллаж байсан байгууллагатаа хэлж ярьж өргөдлөө өгсөн боловч таны хувийн хэрэг чинь манай архивт байхгүй тул энэ талаар ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн. Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Т.Ц би 1956 онд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар анги Улаан-Уулын хэсэгт ажилд орж ажиллаад 1988 онд тэтгэвэрт гарсан. 1989 онд эргэж ороод шаварчин, будагчин, ус түгээгчээр ажиллаж байгаад 1995 оны 10 сард гарсан. Энэ хугацааны 7 жил ажилласан жилээ тэтгэвэр дээрээ нэмж оруулах хүсэлтэй байгаа тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.
Гэрч Ц.Ц шүүх хуралдаанд: “...Миний бие нь 1992 оны 08 дугаар сарын 01-нд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар анги Улаан-Уулын хэсэгт шаварчинаар ажилд ороод 1995 оны 03 сард декритээ аваад 1996 онд Замын-Үүд суманд шилжиж ирсэн. Намайг ажилд ороход Т.Ц гуай ус түгээгчээр ажиллаж байсан. Намайг декритээ авахад ажиллаж байсан...” гэв.
Гэрч А.Н шүүх хуралдаанд: “... Миний бие нь Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар анги Улаан-Уулын хэсэгт 1987-1990 он хүртэл хэсгийн даргаар ажиллаж байсан. 1990 онд өвчний учир ажиллахаа больсон. Намайг хэсгийн даргаар ирэхэд Т.Ц гуай нь шаварчин, будагчин, ус түгээгч гээд олон ажил хийж байсан хий гэсэн болгоныг хийдэг хүн байсан. 1988 билүү 1989 онд тэтгэвэртээ гарна гээд эргээд сар ч бололгүй ажилдаа орж байсан. Намайг 1990 он хүртэл ажиллахад ажиллаж байсан дараа нь ч ажиллаж л байсан...” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Ц нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Ц нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сар хүртэл Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар анги Улаан-Уулын хэсэгт шаварчин, будагчин, ус түгээгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн тооцооны картны хуулбар, цалингийн тодорхойлолт, гэрч А.Н, Ц.Ц нарын мэдүүлэг болон тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.Ц-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Т.Ц-г 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сар хүртэл Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар анги Улаан-Уулын хэсэгт шаварчин, будагчин, ус түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ