Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 140 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2107000000181 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, охин, зээ охины хамт ******* тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж дуусгавар болгосон,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 30 хоногийн баривчлах, 50 цагийн албадан сургалтад хамруулахаар шийтгүүлж байсан,

овогтын ******* /РД:*******/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь ******* тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.*******ийг “Архи уулаа” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа алгадаж зодсон,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн орчимд эхнэр Ж.*******ийг зодох гэж дайран гэрээсээ хөөж гаргасан,

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.*******ийг “Ээмэг авсан” гэж хэллээ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон,

2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Э.*******г “Хаалга удаан тайллаа” гэх шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж зодон байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.*******ийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 07 дугаар сарын 09-нд би эхнэртэйгээ зах орж хүнсний юм авсан юм. Тэгээд нэг шил архи аваад хоёулаа хувааж уугаад дахиж нэг юм авна гээд байхаар нь алгадсан чинь цагдаа дуудсан.” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******ийн өгсөн: “...2021
оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Ж.******* хоол ундаа цуглуулах гээд өөрийнхөө ээмгийг ломбарданд тавьсан юм. Тухайн үед би эхнэрээсээ гуйж шалсаар байгаад өөртөө 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авхуулж Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ уусан. Тэгээд байж байтал манай эхнэр дахиад нэг ээмгээ ломбарданд тавина гээд надаас хаана байгааг нь асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ээмгээ хайгаад олохгүй болохоороо над руу “чи миний ээмгийг авчихсан юм биш үү” гэж асуухаар нь би үнэхээр тэр ээмгийг нь аваагүй болохоор уур хүрээд түүний уруул хэсэг рүү нь гараараа 1 удаа хальт цохисон юм...2021 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ иртэл гэрийн хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би нэлээн удаан хаалга тогшиход ерөөсөө онгойлгохгүй байж байтал удалгүй манай охин Э.******* надад
хаалга онгойлгож өгсөн юм. Тухайн үед бага зэрэг уучихсан согтуу байсан болохоор хаалга удаан тайлсанд уур хүрээд охин Э.*******тай “чи намайг гадаа хонуулах шахлаа” гээд түүнд уурлаад толгой руу нь 1 удаа хальт цохиод өнгөрсөн. ...Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

                 /хх-ийн 48 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.*******ийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би өөрийнхөө ээмгийг ломбардад тавьж хоол ундны зүйлс цуглуулсан. Тухайн үед манай нөхөр надаас ганц шил юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч түүнд 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авч өгөөд Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ харьцгаасан. Удалгүй би дахиад өөр нэг ээмгээ ломбарданд тавьчих гээд хайгаад олохгүй байхаар нь нөхөр Б.*******ээс “чи ээмэг аваа юу” гэж асуухад надад уурлаж согтуурхан миний уруул руу гараараа 1 удаа цохисон...тухайн орой би түрүүвчнээсээ өөрийнхөө хайгаад байсан ээмгийг олсон...Манай нөхөр ******* нь 2020 оны 07 дугаар сард Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ архи уучхаад миний толгой руу цохиж гэмтэл учруулж байсан. Энэ асуудлаар 2020 оны 10 дугаар сард шүүхээр орж байсан. Дараагаар нь 2021 оны 02 дугаар сард цагаан сараар Налайх дүүргийн 7 дугаар хороо, од бас архи уусан үедээ надад гар хүрч зодож байсан. Энэ асуудлаар бас шүүхээр орж 30 хоногийн баривчилгаа авч байсан. Саяхан буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ нөхөр Б.*******ийн хамт байхад түүнээс би хайгаад олохгүй байсан ээмгээ асуусан чинь миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан. Сүүлд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин *******г Налайх дүүргийн 7 дугаар хороо, од архи уучхаад толгой руу нь бас ямар ч шалтгаангүй согтуурхаж цохиж байсан...” гэх мэдүүлэг,

                 /хх-ийн 11 дүгээр тал/   

3. Мөрдөн байцаалтад хохирогчоор Э.*******гийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ унтаж байтал өглөө 05 цагийн үед хүн хаалга нүдээд байхаар нь очоод онгойлготол манай аав Б.******* архи уучихсан зогсож байсан. Тэгээд гэрт оронгуутаа надтай хаалга үүд удаан тайллаа гэх зэргээр хэрүүл маргаан хийж шууд миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаагаад хажуу өрөө рүүгээ орсон чинь араас дагаж ирээд намайг гэрээс хөөгөөд өөдөөс согтуурхаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм...Манай ээжийг 2020 оны 07 сард Налайх дүүргийн 7 дугаар хороо, гэртээ архи уучхаад толгой руу нь цохиж, зодож байсан асуудлаар 2020 оны 10 дугаар сард шүүхээр орсон. Дараагаар нь 2021 оны 02 дугаар сард цагаан сарын наана Налайх дүүргийн 7 дугаар хороо, од архи уучхаад агсам тавьж зодож байсан гэсэн. Харин намайг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад архи уучхаад агсам тавьж миний толгой руу гараараа 1 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг,

               /хх-ийн 17 дугаар тал/,

 

            4. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.ийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед манай аав ******* согтуу манай эгч *******г хөөж туугаад энэ гэрээс зайл гээд цохих гээд далайгаад байхаар нь би аавыгаа бариад орлуу түлхэж унагаасан...Манай аав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л манай эгч, ээжид агсам тавьж дарамталдаг...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр тал/

            5. Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн №08 шэ/417 дугаар: “Ж.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 32 дугаар тал/

            6. Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн №08 шэ/416 дугаар: “Э.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 37 дугаар тал/

             7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

                 /хх-ийн 50 дугаар тал/

             8.  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

                 /хх-ийн 76-84 дүгээр тал/

             9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /хх-ийн 85-89 дүгээр тал/

             10. Б.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 65-75 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч нараас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлтийн дагуу түүнд оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх болон 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сард ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******ийг “Архи уулаа” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн орчимд ******* тоот гэрээсээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******ийг зодох гэж дайран хөөж гаргасан,

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******ийг “Ээмэг авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар уруул хэсэгт нь гараараа 1 удаа цохисон,

2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Э.*******г “Хаалга удаан тайллаа” гэх шалтгаанаар толгой руу нь гараараа 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.*******ийн “...дахиж нэг юм авна гээд байхаар нь алгадсан чинь цагдаа дуудсан... “чи миний ээмгийг авчихсан юм биш үү” гэж асуухаар нь би үнэхээр тэр ээмгийг нь аваагүй болохоор уур хүрээд түүний уруул хэсэг рүү нь гараараа 1 удаа хальт цохисон юм...хаалга удаан тайлсанд уур хүрээд охин Э.*******тай “чи намайг гадаа хонуулах шахлаа” гээд түүнд уурлаад толгой руу нь 1 удаа хальт цохиод өнгөрсөн” гэх,

          Хохирогч Ж.*******ийн “...“чи ээмэг аваа юу” гэж асуухад надад уурлаж согтуурхан миний уруул руу гараараа 1 удаа цохисон... гэртээ архи уучхаад миний толгой руу цохиж гэмтэл учруулж байсан. Энэ асуудлаар 2020 оны 10 дугаар сард шүүхээр орж байсан. Дараагаар нь 2021 оны 02 сард цагаан сараар Налайх дүүргийн 7 дугаар хороо, од бас архи уусан үедээ надад гар хүрч зодож байсан. Энэ асуудлаар бас шүүхээр орж 30 хоногийн баривчилгаа авч байсан... төрсөн охин *******г Налайх дүүргийн 7 дугаар хороо, од архи уучхаад толгой руу нь бас ямарч шалтгаангүй согтуурхаж цохиж байсан” гэх,

Хохирогч Э.*******гийн “...хаалга үүд удаан тайллаа гэх зэргээр хэрүүл маргаан хийж шууд миний толгой руу гараараа 1 удаа цохисон.” гэх,  

Гэрч Э.ийн “...манай эгч *******г хөөж туугаад энэ гэрээс зайл гээд цохих гээд далайгаад байхаар нь би аавыгаа бариад орлуу түлхэж унагаасан” гэх мэдүүлгүүд,

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн №08 шэ/417 дугаар: “Ж.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.”, №08 шэ/416 дугаар: “Э.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******, Э.******* нар нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулан, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Харин Улсын яллагч Ц.Гэрэлчимэг нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” прокурорын саналдаа яллагдагч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тохиролцож уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай саналыг танилцуулан яллагдагч Б.******* нь зөвшөөрсөн тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуулийн ноцтой зөрчсөн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон бол ...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж ялын дээд хэмжээг 1 жил байхаар хуульд заасан байхад Улсын яллагчийн яллагдагчтай 1 жил 6 сарын хорих ял оногдуулахаар тохиролцсон зөрчлийг зөвтгөж  8 /найм/ сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар шүүх шийдвэрлэлээ.

 Улсын яллагч нь цаашид дээрхи ноцтой алдааг гаргахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй байна. 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг 8 /найм/ сарын  хугацаагаар тэнссүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулан, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ