| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0329/и |
| Дугаар | 384 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг Жаал-Уулын 1 дүгээр гудамжны 28а тоотод оршин суух, ******* овогт Хариуцагч: Өмнөговь аймаг Цогт-Овоо сум, Замын шанд багт оршин суух, ******* овогт ******* П /регистрийн дугаар: *******/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 100.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц, хариуцагч Х.П, нарийн бичгийн дарга П.Цэнднасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Х.Птой 2000 онд танилцаж, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү П.******* төрсөн. Одоо хүү П.******* 15 настай. 2007 оны 08 дугаар сард Х.П өөр эхнэртэй болсон учир гэрлэлтээ цуцлуулан Х.Поос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид 2007 онд салсан. Салаад 10 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хүү П.*******т нэг ч төгрөг өгч байгаагүй. Тийм учраас өнгөрсөн жилүүдийн нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 70.200, эвлэрүүлэн зуучлалын хөлс 30.000 төгрөг, 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Х.П бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, хүү П.*******т Х.Поос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Салаад удаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хүүхэддээ хичээл номонд хэрэглэх мөнгө төгрөг өгч байгаагүй учраас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Гэрлэлтээ цуцлуулъя гэхээр өөрөө гэрийнхээ хаягийг хэлж өгдөггүй байсан. Тодорхой хаягийг мэдэхгүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан. Урьд нь гэрийн хаягийг нь мэдэхгүй байсан учраас нэхэмжлэл гаргаж чаддаггүй байсан. Одоо Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ирсэн байгаа учраас гэрийн хаягийг нь мэдэж шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Х.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харъяат ******* овогтой Цтэй гэр бүл болж 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Миний хүү ******* 2002 онд төрсөн бөгөөд одоо 15 настай. Бид салаад 2007 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Нээхмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандсаны төлбөр 30.000 төгрөг, нийт 100.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохоор уг мөнгийг төлөх боломжгүй юм. Бид салаад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд би хүүдээ мөнгө, хуур, утас гэх мэт зүйлс өгсөн. Намайг хүүхэддээ юу ч өгөөгүй мэт, гэрлэлт цуцлаагүй өдийг хүрсэн тул урьд жилүүдийн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн төлж чадахгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, үндсэн хугацааны хүүхдийн тэтгэлэгийг төлнө. Бидний маргааныг шийдвэрлэж өгнө үү. 2007 оны 06 дугаар сард Х.П өөр эхнэртэй болсон. Бид 2 хотод амьдардаг байсан. Одоо суусан эхнэр нь Цогт-Овоо суманд байдаг байсан. Цогт-Овоо сумруу яваад тэрнээс хойш Х.П ирээгүй гэжээ.
Хариуцагч Х.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн хугацааны тэтгэлэг төлөхгүй. Надаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох байсан юм бол тухайн үедээ шүүхээр тогтоолгохгүй яасан юм бэ? Мөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болон эвлэрүүлэн зуучлалын төлбөр төлөх үндэслэл байхгүй. Өнөөдрөөс хойших хугацааны тэтгэлгийг бол төлнө. Хотод байдаг манай хаягийг мэддэг байсан. Хүүхэд манайд очдлог байсан. Манайхыг мэддэг хүмүүс зөндөө байдаг. Өөрөө ч манай эгчийнхээр ирээд явдаг л байсан. Олж чадахгүй, мэдэхгүй гэдэгт итгэхгүй байна. Үнэндээ өөрөө манай гэрийн хаягийг олъё гэж бодоогүй. Надруу хэдэн удаа ярьсан. Хүүхэдтэйгээ хотод очихдоо хүүхэд гүйгээд ирдэг л байсан. Нэг удаа намайг ирсэн байхад гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлж байсан. Тэр үед би бичиг баримтгүй байна гэдгээ хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох О.Цийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0000823973 дугаартай П.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Х.П, О.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн П.*******ыг эрүүл бойжиж буй тухай тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн П.*******ын тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ц нь Х.Пид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 100.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
О.Ц нь Х.П нар нь 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү П.******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.Ц нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч уригдсан тал Х.П нь уулзалт товлосон хугацаанд ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон ба гэрлэгчид удаан хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлтгүй болох нь талуудын тайлбар, 41 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү П.*******ыг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх О.Цийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхэд П.******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Х.П нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Х.Поос тэтгэлэг гаргуулан хүү П.*******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Ц нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын Ц, ******* овогт ******* П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. О.Цийн хүүхдийн тэтгэлэгийг нөхөн төлүүлөх, 30.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн П.*******ыг төрүүлсэн эх О.Цийн асрамжинд үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* П /регистрийн дугаар: *******/-оос 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн П.*******т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Х.Поос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Х.П, О.Ц нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.
7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү П.*******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Х.Пид даалгаж, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх О.*******д даалгасугай.
8. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч О.Гантөмөрөөс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР