| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0376/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/337 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн С овогт Ж.А холбогдох эрүүгийн 1711000000024 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Ж.А, 1983 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 271Г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧИ83082171.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 271Г тоотод өөрийн эхнэр Н.Ш тай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 500.000 төгрөгийн торгох ялыг төлж барагдуулна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 7 сарын 31-ний өдөр 18 цагийн үед манай нөхөр Ж.А нь найз болох Б.Алтанхуягийг дуудсан. Удалгүй Б.Алтанхуяг ч манай гэрт ирсэн, тэр хоёр хоорондоо ярьж сууж байгаад гэрээс гарцгаасан. Ойролцоогоор 10-20 минутын дараа нөгөө хоёр орж ирсэн. Гэрт орж ирэхдээ Монгол Стандарт нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд тэр архийг Ж.А , Б.Алтанхуяг бид гурав хувааж уусан. Уг архиа ууж дуусгачхаад байж байтал манай нөхөр Ж.А дахиад архи ууя, манай хойд талын дэлгүүрээс зээлээд аваадах гээд Б.Алтанхуягийн хамт дэлгүүр лүү явсан. Тэгээд би гэрийнхээ хойд талын супермаркет руу ороод Монгол Стандарт нэртэй 0.75 литрийн 2 шил архи авсан. Б.Алтанхуягийн хамт гэртээ ирээд авсан хоёр шил архиныхаа нэг шилийг бид 3 уусан. Ж.А манай ээж болох “О.Бямбааг тэтгэврийн зээл дахиад авахуулчих” гээд байсан. Б.Азжаргал бид хоёр урд нь ээж О.Бямбаагаар 2016 онд тэтгэврийн зээл авахуулчихаад төлж чадаагүй. Тэгээд би Ж.А д хандан “хоёулаа ээжийн гэрийг буцаагаад өгье, ээж хөдөө явуулна гээд нэхээд байна лээ” гэж хэлсэн чинь Б.Азжаргал “хорооны гэрийг яах эсэхийг хүлээе, гэрээ өгчихвөл хаана амьдрах юм бэ” гээд байсан. Тэгээд бид хоёр эргээд ээжийн тэтгэврийн зээлийн талаар ярьсан, Ж.А намайг ээжийгээ ятгаад тэтгэврийн зээл авахуулчих гээд байсан. Би болохоор ээжээс санаа зовоод хэлж чадахгүй гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэгтэл Ж.А миний нүүрний баруун хэсэг рүү баруун гараараа цохиж эхэлсэн, хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна нилээн олон удаа цохисон, тэгээд би гэрээс гараад гэрийн баруун талд сууж байтал Ж.А араас гэрч ирээд миний хөл рүү 2 удаа өшиглөөд, гараараа толгой руу цохисон. Ж.А намайг зодчихоод гэр лүүгээ орсон би жоохон гадаа сууж байгаад гэрлүүгээ орсон чинь Ж.А унтчихсан байхаар нь би хэвтээд унтаад өгсөн. Тэгээд өглөө үүрээр Ж.А сэрчихсэн Б.Алтанхуягтай хамт үлдсэн нэг шил архи уугаад сууж байсан, намайг Б.Алтанхуяг дуудаж сэрээсэн. Б.Алтанхуяг “нүүрээ яасан юм бэ?” гэхээр нь би “шөнө наадах чинь намайг зодоод” гэж хэлсэн. Би урвуу харж хэвтэж байтал Б.Алтанхуяг дахиад тасраад унтчих шиг болсон, удалгүй Ж.А намайг зодох гээд хөөхөөр нь би гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд би найзынхаа гар утсыг гуйж аваад цагдаа дуудсан. Цагдаа Ж.А ыг аваад явсан..” гэжээ /хх-5-6/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 9886 дугаар дүгнэлтэд:
“1. Н.Ш ын биед тархи доргилт, баруун дээд нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салст, хүзүү, хамрын нуруунд цус хуралт, эрүү, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32-33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-47/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 271Г тоотод өөрийн эхнэр Н.Ш тай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нь Н.Ш нь “...гомдол хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.А ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.А д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН