Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0497/З |
Дугаар | 916 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 916
2019 оны 12 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2019/0916 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.О,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: В.О,
Гуравдагч этгээд: Э.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжийн В.От хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С. нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “С.О миний бие 1966 оноос одоог хүртэл амьдарч байгаа Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамж 000 тоот хаягтай газраа одоог хүртэл амьдарч байгаа, уг газар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр надад газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Уг эзэмших эрхийн гэрчилгээгээр би 367,1 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Улмаар 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 155 дугаар захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан. Гэтэл В.О нь миний үхрийн саравч, жорлон байрласан газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахдаа өөрийнхөө үхрийн саравч, жорлон гэж итгүүлэн одоо хүртэл миний эзэмшилд байгаа газар давхцуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр дээрх газрыг В.От эзэмшүүлсэн байх тул дээрх Хан-Уул дүүргийн 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “ “Нийслэлийн Засаг даргын 2007 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай ******* дүгээр захирамжийн В.От хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 155 дугаар захирамжийн С. хамаарах хэсэгт өөрчлөлт оруулж эзэмших эрхийн гэрчилгээнд 367,1 м.кв газраас дутуу олгосон 192 м.кв газрыг С.Оын өмчлөх газар нэмж өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай.”
Нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 207 тоот шийдвэрээр В.От Хан-Уул дүүргийн ******* хороо Сонсголон 13- тоот хаягтай газар 305 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэн От 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголон 13-000 тоот хаягтай газар 305 м.кв газар эзэмших 0105/8020/03255 тоот гэрчилгээ гарсан байдаг.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ******* захирамжаар В.От 339 м.кв газар өмчлүүлэх захирамж гаргасан, уг захирамжийн эзэмших эрхийн гэрчилгээ нь 305 м.кв гэж гэрчилгээ олгогдсон байхад 34 м.кв газар шууд илүү үндэслэлгүйгээр өмчлүүлэх захирамж гаргасан байгаа нь үндэслэлгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай ******* дугаар захирамжийн В.От хамаарах хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ******* хороо Сонсголон 13-000 хаягтай газар 367,1 м.кв газар С.О надад эзэмшүүлэх захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдөр С.О надад Хан-Уул дүүргийн ******* хороо Сонсголон 13-000 хаягтай газар 367,1 м.кв газар эзэмших 8020/03274 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан, гэтэл Нийслэлийн Засаг даргын 2005 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 155 дугаар захирамжаар С.О надад 175,1 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гарсан бөгөөд энэ нь миний эзэмшлийн газраас 192 м.кв газар дутуу өмчлүүлсэн үндэслэлгүй шийдвэр байсан тул Нийслэлийн Засаг даргын 2005 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн С. хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах, эзэмших эрхийн гэрчилгээнд олгосон 367,1 м.кв газраас дутуу олгосон 192 м.кв газрыг С.Оын өмчлөх газарт нэмж өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “ “Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн В.От хамаарах хэсгийн 1231-т бичигдсэн хэсгийн 34 м.кв газрыг хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С. нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, В.Оийн илүү өмчлөх эрх олгогдсон газраас илүү ашиглаж байгаа 45 м.кв газрыг С. чөлөөлж өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах.”
2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 207 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэрчилгээжүүлэн В.Оийн эзэмшлийн 305 м.кв газрыг 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* хороо , тоот хаягт бүртгэсэн байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийн В.Оийн хамрах хэсэгт дээрх 305 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа 339 м.кв болгон 34 м.кв газрыг үндэслэлгүйгээр В.От нэмж өмчлүүлсэн байх тул захирамжид өөрчлөлт оруулж, 305 м.кв болгон өөрчлөлт оруулж өгнө үү.
Хан-уул дүүргийн Засаг даргад хамааруулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1965 онд төрсөн. Тухайн 000 тоот хаягтай газарт 1966 оноос хойш амьдарч байна. Анх 2002 онд газар эзэмших эрх авсан. Өмнө кадастрын зураг байгаагүй. Дундуураа модон хашаа 2007 онд баригдсан. Манайх 2007 онд жорлон барьсан. Манай өвөлжөө 000 тоот талдаа байсан. Өвөлжөө 2009 онд баригдаад 2018 оны 09 дүгээр сар хүртэл байсан. 2018 оны 5 дугаар сараас эхлэн малтайгаа хамт хөдөө гарсан. Хотод мал байлгахгүй гээд. Эзэмших гэрчилгээ олгохдоо газрыг хэмжээгүй. Газрын хэмжээ хаагуур байгаа гэдгийг тогтоож өгөөгүй. 2005 онд өмчлөхдөө кадастрын зурагтай болсон. 526 тоот хашаа манай ах С.Эых байсан. 000 тоот хаягт би ээжтэйгээ амьдарч байсан. тоот хаягт манай ах С.В байсан. 526 тоот хаягтай газар нь С.Э ахын нэр дээр өмчлөгдсөний дараа ээж зарсан. 526, 000 тоот газруудыг тусгаарласан хашааг тухайн газрыг н.Ш******* гэх хүн худалдаж аваад 2009 онд заагласан хашаа барьсан. 2010 онд кадастрын зурагт өөрчлөлт оруулах гээд газрын албанд очиход хажуудаа байгаа хүмүүстэйгээ хамт ирээд хийлгэ гэж байсан юм. Тухайн үед Э.Бийн эхнэр В.О Солонгос явсан байсан болохоор кадастрт өөрчлөлт оруулах гээд чадаагүй юм. В.О нь яаж манай ахын нэр байсан газрыг өмчилж авсан гэдгийг гайхаж байна. Уул нь манай ээж захиран зарцуулах эрхтэй байсан юм.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх тухай захирамжийн В.От хамаарах 1231 дугаарт бичигдсэн хэсгийн 34 м.кв газрыг Б.Оээс хасуулж уг 34 м.кв газрыг С.Оын нэр дээр нэмж өмчлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 207 тоот шийдвэрээр Б.Оийг гэрчилгээжүүлж, 305 м.кв газрыг Хан-Уул дүүргийн ******* хороо Сонсголон 13, тоот хаягийн эзэмшилд нь өгсөн байдаг. Үүнээс өмнө 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 96 тоот шийдвэрээр 367.1 мкв газрыг Хан-Уул дүүргийн ******* хороо Сонсголон 13, 000 тоот хаягт С. эзэмшүүлэхээр захирамж гарсан байдаг юм. Уг захирамж нь Б. газар эзэмшүүлэх гэрчилгээ гарахаас өмнө 3 жилийн өмнө гарсан байдаг юм. Гэтэл 2005 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар дээрх 305 мкв газрыг эзэмшүүлэх захирамжийг үндэслэн Б.От газар өмчлүүлэх захирамж гаргахдаа тухайн 305 м.кв газар дээр ямар ч үндэслэлгүйгээр 34 м.кв газрыг нэмээд 339 м.кв газар өмчлүүлэх эрх олгож байгаа нь илт үндэслэлгүй байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн үзлэгээр С.Оын газрын урт нь 20 м, өргөн нь 17.5 м газар байгаа гэдэг нь тогтоогдсон. Иймээс үндэслэлгүйгээр олгосон 34 м.кв газрыг Б.Оийн нэр дээрээс хасаж, С.Оын нэр дээр өмчлүүлж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага нь дараах үндэслэлээр хангагдах боломжтой гэж үзэж байна. Шүүх хуралдааны үеэр гуравдагч этгээд нь “00”-ийг эднийх барьсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ нь эзэмшил ашиглалтад нь байсан гэдгийг нотолж байна. Мөн сансарын зураг дээр амбаар байсан газар нь харагдаж байдаг. Засаг даргын захирамжаар 339 м.кв газар эзэмшүүлсэн байдаг боловч 350 мкв газар байдаг бөгөөд түүнийгээ урагшаа сунгасан гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл өөрсдийнх нь барьсан амбаар, “00”, заагласан хашааг нураасан гэдэг нь шүүхийн үзлэг болон шүүх хуралдааны үеэр хэлсэн тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хээрийн үзлэг хийсэн эсэхийг мэдэхгүй байна гэсэн тайлбар хэлдэг. Тэгэхээр мэдэх боломжгүй байсан гэдгийг тухайн газарт биечлэн амьдарч байгаа гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар нь өөрсдөө хэлсэн байдаг. Байшинг барихдаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амбаар, жорлон байсан 32 м.кв газарт давхцуулаад хашааг нь буулгасан гэдэг нь харагдаж байна. Хүн “00”-гүй газарт яаж амьдрах юм бэ. Тухайн “00” нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан гэдэг нь тогтоогдож байна. Сансарын зургаар амбаар байсан нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газрыг яагаад өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь төрсөн цагаасаа эхлэн тухайн газар амьдарч байсан гэдэг нь нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлгүй тайлбар хэлж байна. Газрыг өмчлүүлэхдээ худалдах худалдан авах тохиолдолд өмчлүүлэх захирамжийг шууд гаргадаг байж болно. Гэхдээ Монгол Улсын иргэн 0.07 га газрыг өөрийн эзэмшилд авахын тулд заавал газрын албанд хүсэлт гаргана. Эзэмших гэрчилгээ гарсан тохиолдолд түүнийг үндэслэн өмчлөх гэрчилгээ гардаг. Нэхэмжлэгч нь 175 мкв газар эзэмших эрхтэй. Гэтэл одоогийн байдлаар 50 м.кв газар эзэмшиж байна. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга үндэслэлгүйгээр буюу хээрийн үзлэг хийхгүйгээр 34 м.кв газрыг өмчлүүлсэн байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар иргэн С. Хан-Уул дүүргийн ******* хороонд 175 м.кв газрыг өмчлүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч С.О нь дээрх захирамжийн дагуу 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд 175 м.кв газрын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байна Түүнчлэн уг газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулж байсан баримт материал хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “.... 30 хоногийн дотор гомдол гаргана” гэж заасан байдаг. Тухайн үед 34 м.кв газар хэний нэр дээр олгогдсон гэдгийг гэрчилгээгээ авах үедээ мэдэж байсан, мөн өөрөө хэдэн м.кв газар эзэмшиж байгаа гэдгээ мэдэж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан олон удаагийн барьцааны гэрээнүүдээр нотлогдож байгаа юм. Иймээс үүнтэй холбогдуулан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Заавал газар эзэмших эрх олгогдсон тохиолдолд өмчлөх эрхээр баталгааж гэсэн ойлголт байхгүй. Б.О нь 305 м.кв газрыг эзэмшиж байгаад 34 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан бөгөөд тухайн 34 м.кв газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэгэн байдлаар давхардаагүй байсан тул хүсэлтийг хангаж 339 м.кв газрыг өмчлөх эрх олгосон. Тухайн 339 м.кв газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй гэдэг нь агаараас авсан зурагт тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарт “2007 онд жорлон барьсан, 2009 онд өвөлжөө барьсан” гэж хэлсэн. Тэгэхээр анх газар өмчлүүлэх захирамж гарахад баригдаагүй байсан тул бодит эзэмшил үүсээгүй. Мөн газрын тухай хуульд заасан эзэмших ашиглах эрх нь үүсээгүй байсан. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил ашиглалтад байсан газартай давхардаагүй байсан тул хуулийн дагуу нэмж газар өмчлүүлсэн.
Кадастрын зургаас харахад маргаан бүхий 34 м.кв газарт хамаарахгүйгээр урагшаа нэмэгдсэн. Мөн нэхэмжлэгчийн хувьд 175 м.кв болгосонтой маргаагүй байгаа. Иймээс үүнтэй холбоотой баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй юм. Иймд бусдын эзэмшилж ашиглалтад байгаа газартай давхцалгүй энэхүү газрыг иргэнд өмчлүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд В.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Манай аав С.В нь 1966 онд Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамж тоот хаягт /одоогийн хаягаар/ 339 м.кв талбай бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан. 2006 оны 08 сарын 22-нд аав маань нас барсан бөгөөд би өв залгамжлалаар тус газрыг эзэмших болсон. Улмаар дээрх газраа 2008 оны 02 сарын 19- ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгүүлж, би болон нөхөр Э.Б, охин О.Н бидний өмчөөр бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Би 1982 оноос хойш Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамж тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 339 м.кв талбай бүхий газартаа аав ээж болон өөрийн төрсөн 4 дүүгийн хамт амьдарсаар ирсэн. Тэр үед манай авга эгч Н болон эмээ Р нар нь манай газрын баруун хэсгийг нэг жил түр эзэмшье гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Харин түүнээс хойш тэд дур мэдэн манай газар дээр жорлон болон малын саравч бариад 2019 он хүртэл миний зөвшөөрөлгүйгээр эзэмшсээр ирсэн. Би энэ талаар авга эгч С. удаа дараа манай газрыг чөлөөлж өг, бид байшингаа баримаар байна гэж анхааруулж шаардаж байсан боловч С.О нь намайг загнаж, дарамталж, элдвээр хэлж “..энэ чиний газар биш, миний ахын газар, кадастрын зураг чинь ямар ч хамаагүй би шинээр зураг хийлгэн өөрийн нэр дээр авна..” гэх мэтчилэн загнаж, доромжилсоор өдийг хүрсэн. Миний бие нь 2019 оны 06 сард газрынхаа эргэлтийн цэгийг баталгаажуулж газар дээрээ байшингаа барьсан. С.О нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх үедээ өөрийн эзэмшиж байсан 367.1 м.кв талбай газрынхаа нэг хэсгийг бусдад худалдсан байсан. Авга эгч С.О нь нийслэл болон дүүргийн газрын албадуудаар явж намайг гүжирдэн миний газрыг өөрийн юм шиг эзэмшиж ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөхгүй хууль ёсоор өмчилж, эзэмших ашиглах эрхийг минь ноцтой зөрчиж, миний болон манай гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай хадам аав болох С.В нь 2006 оны ******* сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд эхнэр маань өв залгамжлалаар тус газрыг эзэмших болсон. Улмаар дээрх газраа 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгүүлж эхнэр В.О, миний бие Э.Б, охин Б.Н бидний өмчөөр бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Би 2007 оноос хойш Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамж тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 339 м.кв талбай бүхий газартаа эхнэр, охины хамт амьдарсаар ирсэн. Тэр үед эхнэрийн авга эгч болон Н, эмээ Рэнцэн нар нь манай газрын баруун хэсгийг нэг жил түр эзэмшье гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Харин түүнээс хойш тэд дур мэдэн манай газар дээр жорлон болон малын саравч бариад 2019 он хүртэл бидний зөвшөөрөлгүйгээр эзэмшсээр ирсэн. Бид энэ талаар С. удаа дараа газраа чөлөөл бид байшингаа баримаар байна гэж анхааруулж, шаардаж байсан боловч С.О нь биднийг загнаж “энэ чиний газар биш, миний ахын газар, кадастрын зураг чинь ямар ч хамаагүй, би шинээр зураг хийлгэж өөрийн нэр дээр авна” гэх мэтчилэн загнаж доромжилсоор өдийг хүрсэн. Миний бие нь 2019 оны 6 дугаар сард газрынхаа эргэлтийн цэгийг баталгаажуулж газар дээрээ байшингаа барьсан. С.О нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх үедээ өөрийн эзэмшиж байсан 367.1 м.кв талбай газрынхаа нэг хэсгийг бусдад худалдсан байсан. С.О нь нийслэл болон дүүргийн газрын албуудаар явж биднийг гүжирдэн бидний газрыг өөрийн юм шиг эзэмшиж, ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөхгүй хууль ёсоор өмчилж эзэмшиж ашиглах эрхийг минь ноцтой зөрчиж бидний амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн гудамжны айлууд хашаагаа урагш сунгасан гэдгийг газрын үзлэг хийхэд тодорхой хэлсэн. Бидний хувьд дур мэдэн бусдын газар руу халдсан зүйл байхгүй. Хэрэв мкв-ийн зөрүү гарч байгаа бол айлуудын сунгасан хашаатай зэргэцүүлэн барьсантай холбоотойгоор үүссэн байж болзошгүй юм. Хотод малтай айл байлгахгүй гээд дүүргийн ажилчид ирээд малын саравчийг нь буулгасан. Манайх хүний газар руу орсон зүйл байхгүй. Жорлон ухсан газраа манайх гэх маргах юм бол гэрчилгээ зөвшөөрөл байх шаардлага байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжийн В.От хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С. нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ах Самдангийн Эых болон нэхэмжлэгч Самдангийн О ээжийн хамт, мөн гуравдагч этгээд В.Оийн аав буюу нэхэмжлэгчийн ах Самдангийн Вйнх 1966 оноос уг газарт одоогийн хаягаар буюу 526, 000, тоот хаягт зэргэлдээ амьдарч байсан гэх бөгөөд хоорондын хил заагийг тусгаарласан хашаагүй байсан, улмаар 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, хүсэлтээ гарган газраа өмчилж, газар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 000 тоот хаягт нэхэмжлэгч С. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийг үндэслэн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олгосон 8020/03274 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр[1] 367.1 м.кв хэмжээгээр эзэмшил газрыг баталгаажуулсан, харин Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 526 тоот хаягт буюу нэхэмжлэгчийн газрын баруун талд түүний төрсөн ах С.Эд мөн дээрх захирамжийг үндэслэн 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 8020/03254 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр[2] 150 м.кв хэмжээгээр эзэмшил газрыг нь баталгаажуулжээ. Ингэхдээ эзэмшихийг хүссэн болон эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэг бүхий кадастрыг хийгээгүй, газар дээр нь цэг тэмдэгтийг тогтоогоогүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг бичсэн, тэр хэмжээгээр газрын өргөн, уртын болон эргэлтийн цэг, байршил, хил заагийг тодорхойлоогүй байжээ.
Улмаар нэхэмжлэгч С.Оын 2004 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан газар өмчлөх тухай өргөдлөөр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар[3] түүнд Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 000 тоот хаягт 154.41 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, дараа нь 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжийн[4] 3 дугаар хавсралтаар түүнд өмчлүүлсэн газрын хэмжээг нэмэгдүүлж 175.1 м.кв болгон өмчлүүлж, 4 дүгээр хавсралтаар өмнө өмчлүүлсэн 2004 оны 289 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Мөн дээрх захирамжуудаар буюу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Оын ах С.Эд Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 526 тоот хаягт 190.43 м.кв газрыг өмчлүүлж, дараа нь мөн 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар газрын хэмжээг хасаж 175.1 м.кв болгон өмчлүүлж, 4 дүгээр хавсралтаар өмнө өмчлүүлсэн 2004 оны 289 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл 000 тоот хаягаар С. 154.41 м.кв, 526 тоот хаягаар С.Эд 190.43 м.кв хэмжээгээр өмчлүүлсэн шийдвэрээ Засаг дарга өөрчилж, 000 тоот хаягаар С. газрын хэмжээг нэмэгдүүлж 175.1 м.кв, 526 тоот хаягаар С.Эд газрын хэмжээг хасаж 175.1 м.кв болгон тус тус өмчлүүлсэн байх бөгөөд газрын нийт хэмжээний өөрчлөлтийг хашааг урагш гудамж руу бага зэрэг сунгагдсанаас гарсан зөрүү гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар газар өмчилж авахыг хүссэн иргэн өмчилж авах газрын хэмжээг өргөдөлд тодорхой дурьдах ёстойгоос гадна өмчлөх хүсэлт гаргасан газрын хэмжээ, байршил, хил заагийг харуулсан кадастрын зургийг хавсаргахыг шаарддаг. Түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байхыг шаарддаг. Гэтэл С.О ч, С.Э ч газар өмчлөх өргөдөлдөө өмчлөхийг хүссэн, эзэмшиж буй газрын хэмжээг тусгаагүй[5] бөгөөд тэдгээрийн гэрчилгээгээр эзэмшиж байсан гэх хэмжээгээр газрыг өмчлүүлэх боломжтой байсан эсэхийг тэдгээрт өмчлүүлсэн газрын кадастрын зургаас[6] өөр баримтаар тогтоох боломжгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С. өмчлүүлсэн Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 000 тоот хаягт 154.41 м.кв газрын кадастрын зургийг нэгж талбарын 18******* дугаартайгаар[7], С.Эд өмчлүүлсэн 526 тоот хаягт 190.43 м.кв газрын кадастрын зургийг нэгж талбарын 18******* дугаартайгаар[8] 2004 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус тус үйлдсэн, улмаар эдгээр кадастрын зургийг өөрчилж 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар өмчлүүлсэн тус бүр 175.1 м.кв хэмжээгээр мэдээллийн санд тухайлбал С.Оынх нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн[9] байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар өмчилсөн 154.41 м.кв хэмжээгээр газрыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан бөгөөд 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 175.1 м.кв өмчлүүлсэн хэмжээгээр газраа өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг гарган[10] өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22**************т бүртгэгдэн[11] газар өмчлөх эрхээ баталгаажуулсан, улмаар 2007 оны 2 дугаар сарын 27, 2008 оны 3 дугаар сарын 28, 2011 оны 5 дугаар сарын 18, 2011 оны 6 дугаар сарын 10, 2017 оны 2 дугаар сарын 20, 2018 оны 9 дүгээр сарын 14-нд тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд газар өмчлөх эрхээ барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж байжээ.
Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 000 тоот хаяг бүхий 175 м.кв газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр С.О нь 2006 онд мэдүүлэг гарган эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлснээр энэ хэмжээний газрыг өмчлөх түүний эрх баталгаажсан, энэ өмчлөх эрх газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18******* дугаараар бүртгэгдсэн, энэ нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг мэдээллийн санд одоог хүртэл байршил, хэмжээ, эргэлтийн цэг өөрчлөгдөөгүй бүртгэлтэй хэвээр бөгөөд энэ хэмжээгээр эрхийн улсын бүртгэлд нэхэмжлэгч мэдүүлэг гарган бүртгүүлснээр өмчлөх эрх энэ хэмжээ байршлаар баталгаажсан, энэ хугацаанд 2019 оны 6 дугаар сар хүртэл газрын хэмжээ байршлын талаар нэхэмжлэгч маргаж байгаагүй.
Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 526, 000 тоот хашааны газрын эзэмшлийг ийнхүү баталгаажуулж, өмчлүүлсний дараагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 207 дугаар захирамжийг үндэслэсэн газар эзэмшүүлэх 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 8020/03255 дугаартай гэрчилгээгээр[12] Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны тоот буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зүүн талд В.О /нэхэмжлэгчийн төрсөн ах Самдангийн Вйн охин/-т 305 м.кв хэмжээгээр эзэмшлийг баталгаажуулж, В.Оийн гаргасан 339 м.кв газрыг өмчлөх хүсэлтийн[13] дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар[14] түүнд /хамтран өмчлөгчөөр нөхөр Э.Б, охин О.Н/ тоот хаягт 339 м.кв газрыг өмчлүүлж газар өмчлүүлэх шийдвэр олгосон байна.
Гуравдагч этгээд В.От Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар өмчлүүлсэн Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны тоот хашааны 339 м.кв газар 2006 оны 9 сард нэгж талбарын 18******* дугаартайгаар анх 00 регистрийн дугаартай иргэний эзэмшилд бүртгэгдээд, 2006 оны 10 сард эзэмшигч иргэний мэдээлэлгүйгээр нэгж талбарын тухайн дугаарт бүртгэгдэж, 2009 оны 7 сараас гуравдагч этгээд В.Оийн 00 регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн[15], тодруулбал 2006 оны 9 сараас хойш эргэлтийн цэг, байршил, хэмжээнд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна.
В.О дээрх газар өмчлүүлэх шийдвэрийг үндэслэн 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлгээр тоот хаяг бүхий 339 м.кв газрыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгүүлж[16] өмчлөх эрхээ баталгаажуулжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэнд Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хуулийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгч нь бүртгүүлснээр тухайн иргэнд газар өмчлөх эрх үүсдэг бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ буюу газар өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ.
Хэдийгээр 1994 оны болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 оны Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг зохих хүсэлт, байршлын зураг зэрэг баримтыг үндэслэн эрх бүхий этгээд буюу Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд олгож, эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг ч, үүнээс өмнө бий болсон суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн газар эзэмших эрхийг газар өмчлүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор баталгаажуулах ажил хийгдсэн, энэ нь зүй ёсны юм.
Нэхэмжлэгч С.Оын /мөн С.Эы/ болон гуравдагч этгээд В.Оийн хашааны газрын эзэмшлийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96, 2006 оны 207 дугаар захирамж[17] нь газрын хэмжээ, байршил зааж тухайлж хэн нэгэнд газар эзэмшүүлсэн захирамж биш, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд гэр бүлийн хэрэгцээнд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор ... иргэдэд нөхөн гэрчилгээ олгох ажлыг хэрэгжүүлэхийг хугацаа тогтоон дүүргийн Газрын албанд зөвшөөрсөн захирамж юм. Гэхдээ ийнхүү газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа гэрчилгээ олгох үндэслэл болсон захирамжаар тухайлж иргэдэд газар эзэмшүүлээгүйгээс захирамжид газрын хэмжээ бичигдээгүйн дээр газрын кадастрын хэмжилтийг газар дээр нь хийж кадастрын зураг үйлдээгүй, эзэмшүүлсэн газрын хэмжээ, байршил, хил заагийг буюу эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлээгүйгээс иргэд өөрсдийн эзэмшлийн газрын байршлын хувьд бодитоор мэдээлэлгүй байжээ.
526 тоот хаягт нэхэмжлэгчийн ах С.Эд 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээр 150 м.кв хэмжээгээр эзэмшил газрыг нь баталгаажуулсан атлаа нэг өдрийн дараа 5 дугаар сарын 13-ны өдөр 000 тоот хаягт нэхэмжлэгчид газар эзэмших гэрчилгээ олгохдоо 367.1 м.кв гэж бичсэнийг 526, 000 тоот хашааны нийт газрын хэмжээгээр хамруулан бичигдсэн гэж үзэхээр, учир нь бодит байдалд тийм хэмжээний буюу /517 м.кв/ газар байхгүй юм.
Эзэмшил газрын хэмжээг эргэлтийн цэг бүхий кадастрын зургаар баталгаажуулаагүй байснаас гадна өмчлүүлэх үед урагш гудамж руу бага зэрэг сунгаснаас газрын эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн хэмжээнд өөрчлөлт орсон гэх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
Нэхэмжлэгчийн ах С.Эы 526 тоот, нэхэмжлэгч С.Оын 000 тоот, гуравдагч этгээд В.Оийн тоот хоорондын хил заагийг тусгаарласан хашаагүй байсан, ийнхүү өмчлүүлснээс хойш С.Эаас өмчлөх эрхийг шилжүүлж авсан иргэн 526, 000 тоотыг зааглан хашаа барьсан, 000, тоотыг заагласан модон хашаа барьсан гэх ч хил заагийн хувьд маргаантай байснаас хашааг буулгасан гэдэг. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн барьсан ариун цэврийн байгууламж болон үхрийн саравч бүхий хэсгийг нэхэмжлэгч өөрийн газар гэж, гуравдагч этгээд мөн өөрийн газар гэж маргажээ. Өөрөөр хэлбэл газрын эзэмших эрхийг баталгаажуулж, өмчлүүлснээс хойш хил заагийг тогтоосон хашаа барьж талууд маргасан ч нэгэнт өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш газар өмчлөгч нар улсын бүртгэлд бүртгэгдсэн хэмжээ, байршлаас өөрөөр газрын хил заагийг дур мэдэн тогтоох эрхгүй юм.
Дээрх үйл баримтуудээс дүгнэхэд нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээгээр би 367,1 м.кв газрыг эзэмших эрхтэй байхад Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар С.О надад 175,1 м.кв газар өмчлүүлж, миний эзэмшлийн газраас 192 м.кв газар дутуу өмчлүүлсэн, В.От 305 м.кв газар эзэмшүүлсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* захирамжаар 34 м.кв газар илүү олгож 339 м.кв газар өмчлүүлсэн, В.О нь миний үхрийн саравч, жорлон байрласан газрыг оруулан өмчилсөн” хэмээн маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дүгнэснээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын эргэлтийн цэг, байршил, хил заагийг газар дээр нь хэмжиж кадастрын зураг хийгдээгүйн дээр 526, 000 тоот газрыг С.Э, С.О нарт өмчлүүлж, тэдгээр нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулснаас хойш гуравдагч этгээд В.От газрын эзэмшлийг баталгаажуулж, өмчлүүлсэн, тэдгээрт анх өмчлүүлэх үед хийгдсэн кадастрын зурагт ямарваа өөрчлөлт ороогүй, хоорондоо давхцалгүй байдаг.
Нөгөө талаас 526, 000, тоот хашааны нийт газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, эндээс дүгнэхэд 000 тоот хашааг 367,1 м.кв хэмжээгээр бодит байдалд эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүйгээс гадна энэ хэмжээ нь 526, 000 тоот хашааны нийт хэмжээнд дүйцэхээр байна.
Нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байсан, өмчлөлд доорх газар нь байх ёстой гэж маргаж буй ариун цэврийн байгууламжийг 2007 онд барьсан, малын саравчийг 2009 онд барьсан гэж байгаа ч энэ нь түүний газар өмчлөх эрхээ баталгаажуулснаас хойш, гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрх баталгаажсанаас хойш баригдсан байх тул ийнхүү “В.О нь миний үхрийн саравч, жорлон байрласан газрыг оруулан өмчилсөн” гэж маргаж байгаа нь мөн л үндэслэлгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийг газар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулснаас хойш гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн, ингэж өмчлүүлэхдээ нэхэмжлэгчийн өмчилсөн газартай давхцуулаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 000 тоот хаягийн нэгж талбарын 18******* дугаартай 175.1 м.кв газрын эргэлтийн цэгийг эрх бүхий этгээдээр газар дээр нь тэмдэгжүүлж, өөрийн өмчилсөн хэмжээгээр өмчлөлөө хэрэгжүүлж ашиглаж буй эсэхээ тодорхойлуулах боломжтой.
Хан-Уул дүүргийн ******* хороо дугаар гудамжны 526 тоот газрын эзэмшлийг баталгаажуулсан, өмчлүүлсэн шийдвэрүүд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, уг газрын эзэмшигч, өмчлөгч этгээд хэргийн оролцогч биш хэдий ч газрын эзэмшлийг баталгаажуулсан, өмчлүүлсэн үйл баримтууд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын хил зааг, хэмжээг тогтооход хамааралтай тул шийдвэрт дурьдагдсан болно.
В.Оийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч тэрээр нас барсан[18], маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн түүний нөхөр Э.Б мөн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул гуравдагч этгээдийн эрх залгамжлагчийг томилох шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжийн В.От хамаарах хэсгийн 34 м.кв газрыг өмчлөх эрхээс хасаж өөрчлөлт оруулахыг, уг 34 м.кв газрыг С. нэмж өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” тухай С.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 31 дүгээр хуудас
[2] Хэргийн 2 дугаар хавтсын 121 дүгээр хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 70-73 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 65-69 дүгээр хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 30, 2 дугаар хавтсын 111-112 дугаар хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 32, 12, 2 дугаар хавтсын 120 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 32 дугаар хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 120 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 12, 2 дугаар хавтсын 164, 165 дугаар хуудас
[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 76-83 дугаар хуудас
[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 84 дүгээр хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 56 дугаар хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 50, 51 дүгээр хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 38-40 дүгээр хуудас
[15] Хэргийн 2 дугаар хавтсын 57, 164-16******* хуудас
[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 179-189 дүгээр хуудас
[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 28-29 дүгээр хуудас
[18] Хэргийн 2 дугаар хавтсын 135 дугаар хуудас