Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0318

 

"Н д" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Н д" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Н д" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Н д" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцож, Говь-Алтай аймгийн Эсумын нутагт байрлах Энэртэй 2576.21 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн NE-025922 дугаарт бүртгэгдсэн юм. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсөн. Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан болон эрх бүхий байгууллагаас холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцсан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авахаар саналын хуудсыг хүргүүлсэн байдаг. Гэвч тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг дэмжихгүй гэсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай саналыг ирүүлсэн байдагАймгийн Засаг дарга О.А нь Монгол Улсын дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 9, 10 дугаар заалтыг зөрчин хууль бус шийдвэр гаргаж, татгалзсан хариу ирүүлсэн байна. "Н д" ХХК нь тухайн Засаг даргын татгалзсан санал хуульд заасан үндэслэлгүй болох талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17/15 тоот албан бичгээр хүсэлт гаргасны дагуу Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6/4266 дугаартай мэдэгдлээр дахин санал авах хуудсыг хүргүүлсэн байдагГовь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай дэмжихгүй гэсэн дахин санал Ашигт малтмалын газарт 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн даваа гаригт ирсэн байдаг бөгөөд дахин ирүүлсэн санал нь ч мөн хууль зүйн үндэслэлгүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хавсаргаагүй байсан. Ашигт малтмалын газраас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Лхагва гаригт 6/5286 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн ба уг мэдэгдлийг хүлээн авах хүртэл тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл нь "Н д" ХХК-ийн бүртгэлд хүчин төгөлдөр хэвээр байсан билээ. Гэвч тухайн талбайг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр NE-26040 өргөдлийн дугаартайгаар "Э н э" ХХК-д бүртгэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хууль бус үйл ажиллагаа явуулсан. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарлахдаа хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна, ...татгалзсан хариу өгч болно. гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын дэмжихгүй санал нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны даваа гаригт Ашигт малтмалын газарт ирсэн бөгөөд Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 22-ны даваа гаригийн өглөө 9:00 цагаас эхэлж "Э н э" ХХК тухайн өргөдлийнхөө дугаарыг авсан байна. Цахим өргөдлийн дугаар нь зөвхөн тухайн өргөдөл өгсөн талбайдаа хүчинтэй байдаг тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл "Н д" ХХК-д бүртгэлтэй, хүчин төгөлдөр хэвээр байсан. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн "Н д" ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож, "Н д" ХХК-ийн NE-025922 өргөдлийн бүртгэлийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа"Н д" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр очсон байдаг бөгөөд Засаг даргын татгалзсан санал 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийдвэрээр гарч 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газарт ирсэн байдаг. Харин манай компанийн өргөдөл гаргасантай холбоотой Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Х/05 дугаар тогтоол нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, Эсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хариу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарсан байгаа нь манай компанийн өргөдөлд Засаг дарга О.А татгалзсан хариу өгснөөс хойш гарсан байна. ...Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн "Э н э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, "Н д" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."Н д" ХХК нь Говь-Алтай аймгийн Эсумын нутаг дэвсгэрт Эрдэнэ нэртэй талбайд 2576.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Кадастрын хэлтэст гаргасан. Өргөдлийг материалын хамт хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/3828 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. Үүний дараа "Н д" ХХК нь 2015 оны 17/15 тоот албан бичгээр Засаг даргын энэ саналыг хууль зүйн үндэслэлгүй тул Засаг даргын саналыг дахин авах хүртэл NE-025922 /ХА-018751/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр хэвээр байлгах хүсэлтийг Кадастрын хэлтэст ирүүлсний дагуу уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/4266 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга дэмжихгүй байгаа ижил үндэслэл дурдсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 203 тоот албан бичгийг ирүүлсэн. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: "Э н э" ХХК-ийн өргөдөл нь NE-026040 /ХА-018949/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13.30-13.45 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5428 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт ...энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. гэж заасан байх тул үүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эсумын нутагт Уулт нэртэй 2576.21 га талбайд ашигт малтмалын хайгуулын 18949Х дугаартай тусгай зөвшөөрлийг "Э н э" ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд "Э н э" ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартааТус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд болохын хувьд Говь-Алтай аймгийн Эсумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан NE-26040 өргөдлийн дугаарт бүртгэн хянан шийдвэрлэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-18949 дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон болно. Харин нэхэмжлэгч компанийн өргөдлийг төрийн захиргааны байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэж хариу өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Н д" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн "Н д" ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн "Э н э" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, "Н д" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харъяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Сум дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харъяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно. Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна. Тухайн талбайд "Э н э" ХХК-д Засаг даргын санал хуулийн хугацаанд ирээгүй тул тухайн саналыг зөвшөөрсөнд тооцно гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан "Н д" ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсаны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй. "Э н э" ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөдлийн дугаараа авсан бөгөөд өргөдлийг бусад материалын хамт 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч NE-026040 дугаар олгосон. Тусгай зөвшөөрлийг "Э н э" ХХК-д олгосон нь үндэслэлтэй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:...Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудтай зөрчилдөж байна.

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн санал

-Говь-Алтай аймгийн Эсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар хуралдааны тогтоол

-Говь-Алтай аймгийн Эсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 44 тоот албан бичиг

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-д энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох19.2.2-т хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч "Н д" ХХК мөн хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь "Н д" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дээрх хуульд заасны дагуу шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэМонгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах, 30 дугаар зүйлийн 30.1.13-т харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх гэж тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэх саналыг ирүүлсэн байх ба уг санал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт үндэслээгүй байна.

Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу Засаг даргын санал ирсэний дараа хуралдсан байх ба Эсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 тоот албан бичиг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Засаг даргад хүргэгджээ.

Иймд уг саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/4206 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байх ба мөн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэх санал ирүүлсэн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Эсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичигт үндэслэсэн байх боломжтой ч хуульд заасан үндэслэл-д хамаарахгүй байна. Тодруулбал,

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасныг хуульд заагдаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгатай зохицуулалт гэж ойлгох бөгөөд төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй гэсэн санал хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж,... гэсэн нь тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зохицуулалт байх тул Засаг даргын дэмжсэн саналыг гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх ба харин дэмжээгүй санал ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй тул заавал биелэгдэх шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх боломжгүй.

Гэтэл Засаг дарга хууль зүйн ямар үндэслэлээр татгалзсан эсэхийг тодруулалгүйгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрээр "Н д" ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө,тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасныг зөрчиж нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын үзэмжээр нэг хуулийн этгээдэд дэмжихгүй санал өгч, нөгөө хуулийн этгээдэд хуульд заасан хугацаанд ямар нэг санал ирүүлэхгүйгээр тусгай зөвшөөрөл олгох боломж олгож байгаа хууль бус үйлдлийг анхааралгүй, ашигт малтмалын талаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байхад үүрэг болгосон мэтээр даган биелүүлж байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндсэн хуульд ... төрийн байгууллагын шийдвэр...бүрнээ нийцсэн байвал зохино гэснийг зөрчжээ.

Мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын 4.5-д Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ гэснээс үзвэл хариуцагч нь хууль зүйн үндэслэлтэй дэмжээгүй саналхууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал-ын ялгамжтай байдлыг тодорхойлж, өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог заавраар зохицуулж өгсөн атлаа түүнийгээ мөрдөж ажиллаагүй, Засаг даргын санал Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй нь тогтоогдсон гэж 136 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн атлаа "Н д" ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхдээ тэгш бус хандаж, эрх зүйн хэм хэмжээг ижил баримтлаагүй, ялгавартай хандсан талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь "Н д" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийн тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй болохыг тогтоосон тул түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газар, сумын төвийн эдэлбэр газартай давхацсан гэх шалтгаан хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэж байсан гэж үзнэ.

Гэтэл "Н д" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан арилаагүй байхад мөн талбайд дахин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Э н э" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Хэрэв Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бол тухайн талбайд дахин өргөдөл хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ нь "Н д" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэх аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй болохыг давхар нотолж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Ийнхүү маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр нэхэмжлэгч "Н д" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг болон 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн "Э н э" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, "Н д" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН