Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ шүүгч нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: С.Мөнхгэрэл;

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

Иргэдийн төлөөлөгч: П.Уянга;

            Шүүгдэгч Т.Лувсанрагва, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Төрмандахын Лувсанрагвад холбогдох эрүүгийн 201625020385 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд Дарь-Эхийн                             27-2397 тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/53 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн гэмт хэргийг нь өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлээгүй үлдсэн 2 сар 08 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, 

регистрийн дугаар УК89082859, Урианхай овогт Төрмандахын Лувсанрагва.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Т.Лувсанрагва нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгэгдэж ялтай байх хугацаандаа 2016.01.28-ны үүрээр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургамал сант” цайны газрын үүдний амбаарын цоожийг эвдэн орж Н.Энхтуяагийн оймс, өмд, хятад тан зэрэг 200.400 төгрөгийн эд зүйлсийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Лувсанрагва мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 100 айлын гүүрний орчим байдаг цайны газраас эд зүйл авсан. Хулгай хийх санаа байгаагүй. Хогийн бункер юм байна гэж анх бодсон.  Авсан зүйлээ гүүрний доор нуусан байсан. Дараа дахин очиж үлдсэн эд зүйлсээс авах гэж байгаад баригдсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Энхтуяа /хх-ийн 16/, гэрч Л.Галсанбалжир /хх-ийн 18/, гэрч Б.Хадболд /хх-ийн 20, 21/, гэрч У.Батбаатар /хх-ийн 22, 23/ нарын өгсөн мэдүүлэгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 14/, яллагдагч Т.Лувсанрагвагийн мэдүүлэг  /хх-ийн 32-33/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Лувсанрагва нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгэгдэж ялтай байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны үүрээр Сүхбаатар дүүргийн                 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургамал сант” цайны газрын үүдний амбаарын цоожийг эвдэн орж Н.Энхтуяагийн оймс, өмд, хятад тан зэрэг 200.400 төгрөгийн эд зүйлсийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016.01.27-ны орой өөрийн зардаг бараануудыг 17.00 цаг өнгөрөөгөөд 100 айлын хүүхдийн 2-р эмнэлгийн автобусны буудлын хойд талд байрлах “Ургамал сант” цайны газрын хажуу талын амбаарт хийж түгжээд гэртээ харьсан. Тэгээд шөнө 05.00 цагийн орчим “…амбаарт хулгай орсон байна. Манай цайны газрын дохиоллоор хулгайч нь баригдсан байна. Чи хурдан хүрээд ир…” гэсэн. Тэгээд би очоод үзэхэд миний барааг ухаж аваад хайрцаганд нь хийсэн байсан. Мөн цагдаа ирсэн нэг хүн баригдсан байсан. Тэгээд тэр хүнээс тухайн үед авсан байсан барааг нь буцаан хүлээж авсан. Тухайн үед оймс, бэлэн хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад эд зүйлийн үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй…” /хх-ийн 16/,

 

Гэрч Л.Галсанбалжир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай ойролцоо Энхтуяа гэдэг хүн жижиг лангуу тавиад бараа зардаг юм. Олон жил болж байгаа. Оройдоо манай үүдний амбаарт бараагаа хийж хадгалуулдаг. Хоногийн 1700 төгрөгөөр хадгалуулдаг юм. Манайх дохиолол тавиулсан юм. …Амбаарын хаалга нь хятад зүүдэг цоожтой байсныг онгойлгоод цоожийг хажууд нь хаячихсан байсан…” /хх-ийн 18-19/,

Гэрч У.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016.01.27-28-нд шилжих шөнө 05:01 цагийн үед манай оператороос “Огоо 267” объектод Аз /гадны халдлага/ илэрлээ” гэсэн дуудлага илэрсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад “Ургамал сант” цайны газрын үүдний амбаарын цоож эвдэрсэн, хаалга нь завсар гарсан, дотор нь бараан өнгийн хувцастай, саравчтай малгай дарж өмссөн 27 орчим насны эрэгтэй хүн бараанаас шуудайлаад зогсож байсан. Үүнийг манай оператор цагдаад мэдэгдэж эргүүлийн машинтай цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Тэр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” /хх-ийн 22-23/,

 

Гэрч Б.Хадболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би 2016.01.27-ны орой 20:00 цагаас 01-р сарын 28-ны өглөөний 10:00 цаг хүртэл Бэлх 112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2016.01.28-ны үүрээр 05:10 цагт Бэлх-10 буюу жижүүрийн шуурхай албанаас “Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Ургамал сант” цайны газраас хулгай хийж байна” гэсэн дуудлага ирсний дагуу 05:15 цагт очиж шалгахад хамгаалалтын албаныхан Төрмандах овогтой Лувсанрагва гэдэг хүнийг барьж саатуулсан байсан. Тэр хүнээр хулгайлсан эд зүйлсийг нь заалгуулахад шуудайд хийгээд гүүрний доор тавьсан байсан…” /хх-ийн 20, 21/

 

Яллагдагч Т.Лувсанрагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016.01.28-ны өдрийн 05:00 цагийн орчим хогийн цэг гэж бодоод яваад орсон. Би эхэлж ороод хайрцагтай эд зүйл аваад явган хүний гүүрний доор тавиад эргэж очоод юм авах гэж байгаад баригдсан. …Би газраас чулуу авч цоожийг цохиж эвдэлсэн, …согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, …хулгай хийж байхдаа ямар нэг тээврийн хэрэгсэл ашиглаагүй явган явж байсан…” /хх-ийн 33/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Лувсанрагваг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Т.Лувсанрагвагийн хулгайлсан гэх нийт 15 нэр төрлийн 219 ширхэг эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгөх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн байна. Гэтэл хохирогч Н.Энхтуяа нь нийт 6 нэр төрлийн 72 ширхэг эд зүйлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд хохирогчийн гомдлыг үндэслэн дээрх эд зүйлсийг үнэлүүлж, хохирлын хэмжээг тогтоожээ. Энэхүү эд зүйлийн үнэлгээний талаар хохирогч маргах зүйлгүй гэсэн бөгөөд анх хураан авсан эд зүйлсийг үнэлүүлж хохирлын хэмжээг тогтоох нь шүүгдэгч Т.Лувсанрагвагийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй талаар гаргасан улсын яллагчийн санал тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Лувсанрагва нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/53 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн гэмт хэргийг нь өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж түүний эдлээгүй үлдсэн 2 сар 08 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

 

Прокуророос Т.Лувсанрагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “…энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд…” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүгдэгч Т.Лувсанрагваг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял хорих шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Н.Энхтуяа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Лувсанрагвад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Төрмандахын Лувсанрагваг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лувсанрагваг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Лувсанрагвад оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Лувсанрагвагийн урьд цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Лувсанрагвад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд      14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Лувсанрагвад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ