Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 3070

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр

   Дугаар 101/ШШ2017/03070

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК /Сүхбаатар дүүрэг,*******, Ерөнхий сайд Амарын гудамж “Хас банк” ХХК-ийн төв байранд байрлах,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 152.717.888,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ж.Зоригоо нь 2011 оны 09 дүгээр сарын  29-ний өдөр “Хас банк” ХХК-тай барьцаат зээлийн 1080008163 дугаар гэрээ байгуулж, 63.590 ам.долларын зээлийг жилийн 13,5 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Уг гэрээнд Г.Дэлгэрсүрэн нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлдэгч Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан.

 Г.Дэлгэрсүрэнтэй тохиролцон ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх боломж, 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх боломжийг хэд хэдэн удаа санал болгон уулзаж тохиролцох гэж оролдсон боловч зээлдэгч тохиролцоонд хүрээгүй. Уг зээлээр худалдан авсан Ү-2204029036 улсын бүртгэлийн дугаартай, *******,******* Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны 53 тоотын 80,6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.

 Зээлдэгч Г.Дэлгэрсүрэн нь зээлийн 1080008163 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 07 дугаар сард 973.24 ам доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймээс 1080008163 дугаар зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлдэгч Г.Дэлгэрсүрэнгээс 1080008163 дугаар гэрээний дагуу үндсэн төлбөр 54.712 ам. доллар, хүүний төлбөр 5.331 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16 ам.доллар, нийт 60.059 ам.доллар нэхэмжилсэн.

Нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, зээлийг ашигласан хугацаагаар тооцож хүү авах боломжоо алдсан тул 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 1080008163 тоот зээлийн гэрээг үндэслэн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 Үүнд: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 112 хоногийн зээлийн үндсэн хүү 2.110 ам.доллар, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 112 хоногийн нэмэгдүүлсэн хүү 15 ам.доллар, нийт 2.125 ам.доллар буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны албан ханш 2.352,27 төгрөгөөр хөрвүүлж, 4.998.573,75 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш  хариуцагч нь 209.45 ам.доллар төлснөөс 208 ам.доллар үндсэн зээлд, 1.45 ам.доллар нь хүүд тооцогдсон. Хүүд төлсөн 1.45 ам.долларыг хассан, 208 ам.доллар буюу 511.589 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй байгааг хасах боломжтой.

Хариуцагч нь зээлийг төгрөг бус ам.доллараар олгосон, долларын ханш өссөн гэж тайлбарлаж байна.

 Валютын зохицуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар арилжааны банк гадаад валютаар зээл олгох, эргэн төлүүлэх эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний 3.2.2-т улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг даатгуулахтай холбоотой зардал төлбөрийг барьцаалуулагч өөрөө хариуцах үүрэгтэй байхаар заасан.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д банк нь даатгуулахыг шаардах эрхтэй,  гэрээний 2.2.11-т зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийг даатгуулах, 2.2.17-д гэрээний хугацаанд барьцаа хөрөнгөд үүссэн эрсдэлийг бүрэн хариуцна гэснээс үзэхэд барьцаа хөрөнгөө даатгуулах буюу эд хөрөнгөө даатгуулах нь зээлдэгчийн үүрэг болно. Даатгал нь сайн дурын асуудал бөгөөд зээлдэгч өөрөө даатгалын байгууллагатай гэрээгээ байгуулах ёстой байснаас гадна энд эд хөрөнгийн даатгалын асуудал яригдаж байгаа болохоос амь насны даатгал яригдаагүй тул зээлдэгч нас барах, зээлдэгчийг нас барсантай холбоотой даатгалаас нөхөн төлбөр авах асуудал яригдахгүй.

Барьцаа хөрөнгийн хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн байдлаар даатгалын нөхцөл үүсээгүй, шаардлага хангаж байгаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас иргэн Ж.Зоригоогийн нас барсан нь даатгалтай холбоогүй, зээлийн төлбөрт нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй, хариуцагч зөвшөөрөхгүй байсан  учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгч зээлдэгч Ж.Зоригоо 4 хүүхэдтэй, өв нээгдсэнээр өвлөгдөх эд хөрөнгийн асуудал шийдэгдэх учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт түүний өвлөх эрхийн гэрчилгээ болон 4 хүүхэдтэйг нотолсон баримт авагдаагүй байхаас гадна өв залгамжлагч нь өөрсдийн өвлөсөн өвийнхөө хэмжээгээр хариуцлагаа хүлээх тул тусдаа шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 2.3.2-т Г.Дэлгэрсүрэн нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээс гадна гэрээний 2.3.3-т зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь тус бүр өөрийн хүлээх үүргийг хоорондоо хамтран тогтоож болно. Энэ талаар банкинд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл зээлдэгч Ж.Зоригоо, Дэлгэрсүрэн нар зээлийн гэрээний үүрэг хэрхэн хүлээж байгаа талаар өөрсдөө хоорондоо тохирсон тохиролцоо байхгүй, банкинд бичгээр мэдэгдээгүй байна.

Ийм учраас зээлдүүлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Г.Дэлгэрсүрэнгээс бүхэлд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа учраас тэр хариуцах ёстой гэж үзэж байна.

Г.Дэлгэрсүрэн нь 2017.04.22-ны өдөр 440.300 төгрөгийг Ж.Зоригоогийн харилцах дансанд тушаасан байх бөгөөд үүнийг зээлийн гэрээний үүрэгт суутгуулахыг мэдэгдсэн тохиолдолд банк суутган тооцох боломжтой бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол харилцагчийн данснаас шууд суутгах боломжгүй юм.  

Иймд хариуцагч Г.Дэлгэрсүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 54.504 ам. доллар, хүү 7.441 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 31 ам.доллар, нийт 61.976.87  ам.доллар буюу  152.717.888,38 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1080008163-01 дугаарай Баталгаат ипотекийн гэрээнд дурдсан улсын бүргэлийн Ү-2204029036 дугаартай Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,*******, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байр, 53 тоот 80,6 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ж.Зоригоо, Г.Дэлгэрсүрэн нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Хас банк” ХХК-аас орон сууц худалдан авах зориулалтаар ам.долларын зээл авсан боловч нөхөр Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барж, маш том гарз тохиосон.

“Хас банк” ХХК нь төгрөгийн хомсдолтой учир ам.доллараар зээл олгоно гэсэн шаардлага тавьснаар аргагүйн эрхэнд ам.долларын зээл авсан. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байна. Зээлдэгчийн зүгээс удаа дараа ам.долларын зээлээ төгрөгийн зээл болгох талаар банкинд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөөгүй  ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг бидэнд зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх, 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх гэх мэт саналууд тавиагүй болно.

Банкнаас орон сууц худалдан авах зээл авснаас хойш жил бүр даатгалд даатгуулдаг байсан учир даатгалын байгууллагаас үндсэн зээлдэгч нас барсан үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын байгууллагаас гаргуулж авах учиртай атал Монгол хүний ёсонд байхгүй үйлдэл гаргаж нас барсан зээлдэгчээс төлбөр гаргуулахаар шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд зээлээ эргэн төлөлтийн хуваарьт нас барсан үндсэн зээлдэгч хэдий хэмжээний үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцах талаарх тооцооллыг гаргаж өгөхгүй байна.

Монгол банкнаас 2011 онд баталсан Ипотекийн зээлийн журмын 22.7-д ипотекийн зээл авсан хүн бүрийг даатгуулах үүргийг арилжааны банк хүлээсэн байдаг. Гэтэл Хас банк энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч Ж.Зоригоо нас барснаар Г.Дэлгэрсүрэн бүх төлбөр төлөх үүргийг үүсгэж байна.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д үл хөдлөх хөрөнгийг даатгуулахыг зээлдэгчээс шаардах эрх банкинд байтал үүнийг хэрэгжүүлээгүйн улмаас даатгалд даатгуулаагүй зээлдэгч хохироод байна. Үүнийг Хас банк өөрийн эрсдэлийн сангаас гаргах бүрэн боломжтой юм.

Хас банк нь даатгалд даатгуулах үүргээ биелүүлж шаардаад зээлдэгч нар даатгалаа төлөөгүй байсан бол бас өөр хэрэг, гэтэл банк үүнийг ямар нэгэн байдлаар шаардаагүй, зээлдэгч ойлгоогүйгээс даатгалд даатгуулаагүй, даатгалын тохиолдол бий болоход даатгалын сангаас нөхөн төлбөр авах боломжгүй байдалд хүргэж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн мөртлөө ямар гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй байна. Гэрээг нэгэнт  цуцалсан учир цаашид хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь зээлдэгч Ж.Зоригоо 4 хүүхэдтэй бөгөөд тэрээр 2016.08.06-ны өдөр нас барсанаар түүний эд хөрөнгө, өр өвлөгдөх бөгөөд өвлөгч тус бүр өөрт ногдох хэсгээр түүний өрийг хариуцах ёстой. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2017.08.06-ны өдөр өв нээгдсэн, гэтэл энэ асуудал шийдэгдээгүй байхад үл хуваагдах шинж чанартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар  шаардсан нь үндэслэлгүй байна. Ж.Зоригоо 4 хүүхэдтэй гэдэг нь өрхийн бүртгэл, зээл судалсан материалаас харагдана.

Барьцаат зээлийн гэрээний 1.15-д барьцаат хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид гэрээний хавсралтад байгаа барьцаа хөрөнгөөс дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээр зээлийн гэрээг хангуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ. Ж.Зоригоогийн хүүхэдтэй гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй боловч түүний өөрт оногдох хэсгийг тодорхой болгосны дараа энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой.

Мөн гэрээний 20.3-т зааснаар зээлдэгчийг төлбөрөө төлөөгүй гээд банк гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрх байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойших үүргийг зээлдэгч хүлээхгүй. Гэрээг цуцалснаас хойш зээлдэгч 2 удаагийн төлөлт хийсэн. Үүний 209.45 ам.долларын төлөлтийг хассан гэсэн мөртлөө 2017 оны 04 сарын 22-ны өдөр Ж.Зоригоогийн дансанд 350 доллар буюу 440.300 төгрөг шилжүүлснийг хасаагүй байна. Гэрээний 1.12-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд түүний данснаас төлбөрийг барагдуулах ёстой бөгөөд Ж.Зоригоогийн дансанд орсон мөнгийг хэн ч авах боломжгүй. Үүнийг банк шууд татах ёстой гэсэн зүйл харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Дэлгэрсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 147.719.314.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 152.717.888.38 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зээлдэгч асан Ж.Зоригоо нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,******* 41 дүгээр байр, 53 тоотод байрлах, 80.6 м.кв талбайтай, 3 өрөө, 100.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар 80.000.000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлэх орон сууц худалдан авах зээлийн өргөдлийг Хас банкинд гаргасан байх ба тус банкны Зээлийн удирдлагын дэд хорооны 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №778 тоот тогтоолоор түүнд 63.590 ам.долларыг 180 сарын хугацаагаар, эскроу дансаар дамжуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

   /хх-ийн 111-114 дүгээр тал/

 

“Хас банк” ХХК, зээлдэгч асан Ж.Зоригоо, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Дэлгэрсүрэн нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №1080008163 тоот барьцаат зээлийн гэрээгээр, 63.950 ам.долларыг, жилийн 13,5 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

/хх-ийн 9-16, 95 дугаар тал/

 

Уг зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэх, зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байхаар тохиролцсон байх бөгөөд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцож тогтоож, ийнхүү тохиролцсон бол банкинд мэдэгдэх, хамтран үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор гэрээнд заагаагүй бусад асуудлыг Иргэний хуульд зааснаар зохицуулах”-аар тус тус тохиролцож, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Дэлгэрсүрэн оролцжээ.

/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч асан Ж.Зоригоо нь хамтран зээлдэгч Г.Дэлгэрсүрэнгийн хамт хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029036 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,******* /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байр, 53 тоот, 80.6 м.кв талбай бүхий, №000164741 тоот гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц барьцаалж, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №1080008163-01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байх ба уг орон сууцны хамтран өмчлөгч Г.Дэлгэрсүрэн нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн өөрт ногдох хэсгээс хангахаар зөвшөөрсөн байна. 

 

/хх-ийн 18-21 дүгээр тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн баталгаат ипотекийн №1080008163-01 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

Зээлдүүлэгч Хас банк нь зээлдэгчийн төгрөгөөр хүссэн зээлийн хариуд зээлийн хорооноос ам.доллараар зээл олгохоор шийдвэрлэснийг зээлдэгч хүлээн авахыг зөвшөөрснөөр зээлдүүлэгч  хөрөнгийг шилжүүлэн өгсөн байна.

 

Хас банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Зээлдэгч Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нас барсан нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

/хх-ийн 45 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгч асан Ж.Зоригоо 4 хүүхэдтэй, 2016.08.06-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар 2017.08.06-ны өдөр өв нээгдсэн, өвийн асуудал шийдэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч асан Ж.Зоригоо, Г.Дэлгэрсүрэн нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч Г.Дэлгэрсүрэн шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох” эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-д: “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” гэсний дагуу нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Дэлгэрсүрэнгээс үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх тул хариуцагч Г.Дэлгэрсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлсний эцэст зээлийн гэрээний үүргийг шаардах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Хариуцагч нь зээлдэгч асан Ж.Зоригоогийн өв залгамжлалтай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй. 

 

Харин хариуцагч Г.Дэлгэрсүрэнгийн бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь ...бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж зааснаар нээлттэй юм. 

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө“ гэж зааснаар зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан явдал зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй юм.

 

Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцсон бол гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзан тооцох болох бөгөөд талууд 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээндээ ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийг төлөх талаар тохиролцоогүй, гэрээний 1.9-т зээлийг ам доллараар төлөхөөр, ам долларын ханшийг зээл төлөх өдрийн ам долларын төгрөгт харьцах ханшаар тооцож төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулсан байна.

 

Гадаад валютын зээлийн үүргийг тухайн валютаар нь гүйцэтгэх ба хэрвээ уг мөнгийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

 

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийг зээл байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох боломжгүй байх ба харин нэхэмжлэл гаргах үеийн буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2459.57 төгрөгөөр  тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүрэгт 2011 оны  09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 9.086 ам.доллар, хүү 39.961.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1.6 ам.доллар, нийт 49.049.43 ам.доллар  тус тус төлсөнтэй зохигч маргахгүй байгаа болно.

/хх-ийн 95 дугаар тал/

 

Хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 208 ам.долларыг үндсэн зээлээс хасч тооцсон боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй гэж,

хариуцагч Г.Дэлгэрсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт асан Ж.Зоригоогийн  Хас банкны харилцах дансанд 440.300 төгрөг шилжүүлснийг гэрээний үүрэгт тооцуулахаар банкинд мэдэгдсэн тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжтой, ийнхүү мэдэгдээгүй тул харилцах данснаас шууд суутгах боломжгүй тул гэрээний үүрэгт тооцоогүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус тайлбарлаж байна.

 

Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.9-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр тооцон цуцлахаар шүүхэд хандсаныг Г.Дэлгэрсүрэн зөвшөөрч байх тул гэрээг мөн өдрөөр цуцалсанд тооцох нь үндэслэлтэй.

 

Талууд байгуулсан зээлийн гэрээгээ 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр тооцон цуцалж байх тул мөн өдрөөр тооцон гэрээний үүргийг дуусгавар болгох зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Г.Дэлгэрсүрэнгээс үндсэн зээл 54.712 ам.доллар, хүү 5331 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16 ам.доллар, нийт 60.059 ам.доллар буюу 147.719.314.63 төгрөгөөс түүний 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд төлсөн 511.589 төгрөгийг хасч, үлдэх 147.207.726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.510.163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029036 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,******* /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байр, 53 тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Г.Дэлгэрсүрэн нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Дэлгэрсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 147.207.726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.510.163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Дэлгэрсүрэн нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029036 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,******* /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байр, 53 тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Дэлгэрсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 893.989 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож,

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.061.675 төгрөгөөс илүү төлөгдсөн 140.135 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 921.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д   зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ