Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Б- нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905011010332 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... салонд гоо сайханч ажилтай, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо найз Номингэрэлийн хамт Баянгол дүүрэг ... дүгээр хороо ... байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б- нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” нэртэй зочид буудалд иргэн О.Өлзийбадрахын Самсунг А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 912.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б- мэдүүлэхдээ: “Би тэр үед их согтуу байсан ба өөрийн гар утсыг халаасандаа байгаа гэж мэдэлгүйгээр ширээн дээр байсан гар утас миний гар утастай адилхан харагдсан. Тэгээд миний гар утас гэж бодоод аваад гэртээ хариад маргааш нь хоёр гар утастай байхаар нь нэгнийх нь гар утсыг авчихсан байна гэж мэдсэн. Тэгээд Өлзийтэй яаж холбоо барихаа мэдэхгүй байсан. Тэр үед манай найз бид хоёрт мөнгөний хэрэг байсан учраас тэр гар утсыг ломбарданд тавиад 7 хоногийн дараа аваад буцааж өгсөн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дугаар хуудас/

         

          Хохирогч О.Өлзийбадрахын “Би өөрийн найз болох Э.Баянбатын хамтаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо +25 нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод нэг шил 0,5 литрийн Эдэн нэртэй архи аваад найзтайгаа  хувааж уусан 04 цагийн үед баар хаах болоод гарах үедээ өөрсдийгөө Халиунаа, Намуунаа гэх хоёр охинтой танилцсан. Өндөр нь өөрийгөө Халиунаа гээд намхан нь өөрийгөө Намуунаа гэж байсан.Тухайн үед хамт суух уу энэ тэр гээд бусад залуу хүмүүсийн адилаар танилцаад хамт гарцгаасан. +25 баарнаас гараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо Мөрөн нэртэй караокед үйлчлүүлсэн. Тэр караоке нь удаа ч үгүй хаасан. Тухайн үедээ гуйж сууж байсан ба хаалаа гээд хөөхөөр нь караокеноос гуйж нэг шил Соёрхол нэртэй архи аваад дээшээ буудал руу 206 дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн. Тухайн үедээ ороод архиа задлаад бүгд нэг нэг татсан. Тэгээд миний дотор муухайраад бөөлжих гээд нойлын өрөө рүү орсон. Тэнд 5 минут орчим болсон. Тэгээд гараад иртэл Халиунаа, Намуунаа гэх хоёр охин алга болчихсон би нойл орохдоо ширээн дээр тавьсан байсан Самсунг Галакси А-7 маркийн утас алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаад удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Тэрнээс хойш тэр хоёр охин холбогдоогүй байж байгаад гэнэт 7 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 01-ний өдөр миний дугаар руу Номингэрэл гэдэг охин залгаад би чиний утсыг өгөх гэсэн юмаа гэхээр нь би за утсаа авъя гээд манай ажлын гадаа ирээд миний утсыг өгсөн. Тухайн үед утас өгөхдөө яаралтай мөнгөний хэрэг гараад зайлшгүй авчихсан юмаа. Манай найз Бадамгэрэл тэр өдөр өөрийгөө Намуунаа гэж танилцуулсан охин аваад гарсан юм байна лээ. Дараа нь би мэдсэн. Тэгээд л мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьж байгаад одоо чиний утсыг өгч байна гэж Номингэрэл ярьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

         

          Дамно хөрөнгө үнэлгээний тайлан “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 912.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн баримт. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

          Гэрч Г.Номингэрэлийн “... Тэгсэн Өлзийбадрах бөөлжөөд байхаар нь хамт нойл орж би нуруун дээр нь дарж өгсөн. Тэгээд эргээд гараад иртэл манай найз охин Бадмаа алга байсан. Тэгэхээр нь би гайхаад доошоо буусан чинь бас байгаагүй. Тэгэхээр нь ресепшингээс нь асуутал Бадмааг гараад явсан гэсэн. Тэгэхээр нь би араас нь гартал Бадмаа буудлын үүдэнд зогсож байсан. Би нилээн согтоод байна харья гэсэн. Тэгэхээр нь би ороод хэлье гэтэл Бадмаа Өлзийгийн найз намайг доромжилсон би орж чадахгүй харья гэхээр нь бид хоёр такси бариад явсан. Тэгээд өглөө нь сэртэл Бадмаа миний халаасанд хоёр утас байна ш дээ гэхээр нь хартал нэг нь Өлзийгийн Самсунг А-5 маркийн гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/

 

          Б-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд орж ирэхэд Өлзийгийн найз дахин нэг шил том архи аваад орж ирсэн. Тэгээд мөн л намайг уугаач гээд шахаад байсан. Тэгснээ намайг муухай доромжилсон. Эмэгтэй хүн л юм л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд явмаар санагдсан. Тэгээд гарахдаа өөрийнхөө утастай хамт Өлзийбадрахын ширээн дээр тавьж орхисон Самсунг А-7 маркийн гар утсыг хулгайлан авсан. Би сайн дураараа хэргээ хүлээж байна. Энэ асуудлыг Номингэрэл огт мэдээгүй. Би утсыг гэртээ очсон хойноо унтаад маргааш өглөө нь би Номингэрэлд хэлсэн.  ... Номингэрэл намайг утас хулгайлан авсан талаар огт мэдэхгүй. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б- нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” нэртэй зочид буудалд иргэн О.Өлзийбадрахын Самсунг А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 912.000 төгрөгийн хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

            Хэрэгт хохирогч О.Өлзийбадрахын “... Надад ямар нэг гомдол санал байхгүй. Утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. ...” гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч  Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ