Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 156

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00324/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Уянгын хүү” ХХК-д холбогдох

“зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 65.48.411,83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Харьболд, П.Ихбаяр нараас:

2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Уянгын хүү” ХХК-тай Д-ТЗ13/01 тоот зээлийн гэрээ байгуулж 74,600,000 төгрөгийг ЖДҮХСангийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д-ТЗ-13/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж дараах эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Үүнд:

1. Иргэн Ж.Бат-Эрдэнэ, Б.Мэндхүү, Б.Тамир, Б.Намуун нарын өмчлөлийн Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц, ГД:809,УБД 2003003207,

2. “Уянгын хүү” ХХК-ийн эзэмшлийн хайрганы үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 333 тоот шийдвэрийг үндэслэн Санжинт баг, Цагаан хөтөлд байрлах 15,000 мкв газар,

3.Ж.Бат-Эрдэнийн аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт ЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 225 тоот шийдвэрийг үндэслэн Цагаан хөтөл давааны зүүн талд байрлах 3500 мкв газар,

4.Хайрга дайрганы үйлдвэрийн тоног төхөөрөмж түүхий эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, конусан бутлуур зэрэг болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,991,701.14 төгрөг, үндсэн хүү 15,842,567.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,985.51 төгрөг, нийт 27,171,254.58 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл өр төлбөр үндсэн зээл 63,602,298.86 төгрөг, үндсэн хүү 1,731,395.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,717 төгрөг нийт 65,485,411.83 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Уянгын хүү” ХХК-иас:

2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 74,600,000 төгрөгийн зээл авсан нь үнэн ба энэ зээлийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Зээл авснаас хойш 2015 он хүртэл манай үйлдвэрлэл саадгүй явсан бөгөөд барилгын салбар зогсонги байдалд орж бүтээгдэхүүний борлуулалт буурснаас үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдөж эхэлсэн боловч боломж бололцоогоо ашиглан зээлийн төлөлтийг хийж ирсэн. Нэхэмжлэлд 27,171,254 төгрөг төлсөн талаар дурджээ.Үүнээс 10,997,701 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн гэжээ. Миний бие зээлийн дансны хуулгаа авч үзэхэд үндсэн зээлийн төлбөр буурч байснаа эргээд өсөх маягаар явсан нь ойлгомжгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн үлдэгдэлгүй байсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч 2016 оны 11 сард уулзахдаа танайхыг Монгол банкны актын дагуу муу ангилалд шилжүүлж хүү торгууль зогссон гэж хэлж байсан. Үүнээс хойш хүү тооцсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны  08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Уянгын хүү” ХХК-иас 65,485,411.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Уянгын хүү” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох

-Улсын бүртгэлийн 2003003207 дугаартай Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц,

-Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0360124 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагаан хөтөл даваа зүүн талд байрлах 3500 мкв талбайтай газар эзэмших эрх,

-Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0207103 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг Цагаан хөтөлд байрлах 15000 мкв талбайтай Хайрганы үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх,

-Хайрга дайрганы үйлдвэрийн төхөөрөмж болох түүний эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, Конусан бутлуур зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжидтөлсөн 485,380 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Уянгын хүү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 485,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож шийдвэрлэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч талаас хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж байсан бөгөөд 2-3 удаа хугацаа хэтрүүлсэн нь зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэ түр зуурын зөрчилд орох юм. Нэмэгдүүлсэн хүү 151.717 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 151.717 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк хариуцагч “Уянгын хүү” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 65.485.411,83  төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч гэрээг хугацаанаас  нь өмнө  цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж төлбөрийг графикт хугацаанд орж төлөн гэрээг үргэлжлүүлэхийг  хүсчээ.

            Хэрэгт цугларсан баримтуудыг судалбал талуудын хооронд урт хугацааны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний 6.1.2-т зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг 2 ба түнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд банкны санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх эрхтэй гэж тохиролцжээ.

            Хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан зээл төлөлтийн  жагсаалтаас үзвэл зээлдэгч нь 2016 оны 1 дүгээр сараас эхлэн үндсэн зээл, хүүг төлөх хуваарийг зөрчсөн бөгөөд энэ талаар бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэж тайлбарлажээ.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж  гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулж гэрээг цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж байсан байдлаа нэхэмжлэгч тал шүүхэд баримтаар нотолсон байна.

            Ийнхүү гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн  219.3, 225 дугаар зүйлийн 225.2, 221 дүгээр зүйлийн 221.3-т  заасантай нийцэж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

            Иймд хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг 2-3 удаа зөрчсөн нь  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

            Хариуцагч зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй эс зөвшөөрч гомдол гаргасан боловч ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5210 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаарДавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ