Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр           Дугаар 128/ШШ2019/0887           Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Д.О, /РД:**********/,

            Хариуцагч: БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ,

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулах, Д.О намайг БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХД-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О нь 1975 онд төрсөн 44 настай, 4 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Би БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХД-аар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж, 2017 онд улиран сонгогдож ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр буюу битүүний урд өдөр хорооны ЗД - дүүргийн удирдлагуудаас үүрэг авсны дагуу надад албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүйгээр хурал хийж намайг ажлаа хийдэггүй мэтээр ярьж огцруулсан шийдвэр гаргуулж, гаргасан шийдвэрээ дүүргийн ИНХд өгснөөр батлагдсан байдаг. Иймээс миний бие дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2019 онд ажлаа хийгээд явж байсан гэдгийг нотлох 2 тогтоол байдаг юм. Энэ нь ахмадуудын цагаан сартай холбогдуулан аж ахуйн нэгжүүдээс хандив цуглуулах утгатай 2 тогтоол гаргаж гарын үсэг зураад баталгаажуулан гаргасан. Дээрх тогтоол нь намайг ажлаа хийж байсан гэдгийг нотлох баримт болж байгаа юм. Тэргүүлэгчид нь хурлаа 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зарласан мэтээр явагдсан байдаг. Хэрэв энэ хугацаанд зарласан байсан бол ИНХТ Н.Б болон миний бие    хуралдаа оролцоод явах бүрэн боломжтой байсан. Тэгэхээр ИНХ-ын товыг 14 хоногийн өмнө урьдчилан зарлахгүйгээр 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ирцдээ хүрээгүй хууль бус хурал явуулсан байгаа юм. ИНХТ гэх 3 хүн байсаар байтал хуралдаан даргалагчаар дүүргийн иргэний танхимын ажилтан буюу улс төрийн албан тушаалтан Н.М гэх залууг томилж, хурлыг явуулсан нь  хууль бус гэж үзээд гомдол гаргасан. Тэргүүлэгч Н.Б нь хэлэхдээ “энэ хурал болсон даруйд ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй” гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тухайн хорооны ЗД Н.Г хүмүүсийг өрөөндөө цуглуулаад тогтоол шийдвэрийг үйлдсэн гэдгийг ИНХТ-д хэлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 үндэслэлээр тайлбар хэлье. 1 дүгээр  тогтоол  хуульд  нийцээгүй юм бол хуралдаан зарласан үйл явц нь хуулийн дагуу явагдаагүй байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт ИНХ-ын хуралдаан даргалагчийг сонгох, чөлөөлөх тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл ИНХ-ын даргыг чөлөөлөх эрх олгогдоогүй. ИНХ-ын даргыг чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байхад энэ эрхийг эдэлсэн байгаа юм. 1  дүгээр  тогтоолын  хувьд   хуралдаан   даргалагчийг   сонгосон  байдаг. Хуралдаан даргалагчийг анхдугаар хуралдаан хийх үед сонгодог. Харин хурлын дарга байж байхад хуралдаан даргалагчийг сонгодог хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр 1 дүгээр тогтоол нь хуульд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ИНХ-ын дарга байгаа тохиолдолд хурлыг зөвхөн хурлын дарга даргалж явуулах ёстой. Эсхүл хурлын даргын түр эзгүйд түүний санал болгосон тэргүүлэгч хурлыг даргалж явуулах ёстой. Гэтэл хуралдаан даргалагчаар өөр хүнийг сонгож, хурлыг явуулсан нь хуульд нийцэхгүй байгаа юм.

24  дүгээр  хороо  нь  нийт  2830 өрхтэй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “20-30 өрх тутмаас 1 хүн” ирсэн байх ёстой. Тэгэхээр доод тал нь 94 хүн, дээд тал нь 140  хүн ирсэн байх ёстой юм. Гэтэл энэ хуралдаанд оролцсон хүний тоо энэ тоонд хүрэхгүй байгаа тул энэ хуралдаан нь хүчин төгөлдөр бус юм. Иймд хуулийг буруу тайлбарлаж тогтоол гаргасан тул тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гурав. хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Д.О-ийн нэхэмжлэлтэй БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-д холбогдох хорооны иргэдийн Нийтийн 2019 оны 02 дугаар сарын 02- ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоох, ИНХ-ын даргаас огцруулсан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Д.О 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус хорооны ИНХД-аар дахин сонгогдсон бөгөөд энэ хугацаанаас хойш 2019 оны 02 дугаар сар хүртэл хорооны ИНХ-ыг нэг ч удаа хуралдуулаагүй байна. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна гэж, 26.9-д "Аймаг, нийслэл сум, дүүргийн засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана” гэж заасан байдаг.

Д.О нь дээрх хуулийн заалтыг зөрчихийн зэрэгцээ мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан хорооны ИНХ-ын бүрэн эрхийг огт хэрэгжүүлж ажиллаагүй юм. Хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт өгөх, хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, иргэний үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг тусламж үзүүлэх саналыг уламжлах зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг, дээд шатны байгууллага гэж байхгүй бие даасан тусгай онцлогтой байгууллага юм.

Дээрх дурдсан ажлууд хуримтлагдаж, хорооны ИНХ-ыг хуралдуулах зайлшгүй шаардлага тулгарсан тул 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус хорооны ИНХТ-д хуралдаж хуульд заасан хугацаа буюу 15-с доошгүй хоногийн өмнө 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хорооны Засаг даргын тайланг сонсох хурлыг зарласан тогтоол гаргаж, ИНХ-ын хуралдааныг зарласан байдаг. Гэтэл Д.О нь тус хуралдаа ирээгүй бөгөөд одоог хүртэл хорооны ИНХ-ын тамгын шинээр томилогдсон ИНХ-ын даргад хүлээлгэж өгөөгүй байна. Иймд 15-с доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэснийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлгүй юм.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон хуралдаанд 60 орчим хүн оролцсон, ирц хүрээгүй гэдэг мөн үндэслэлгүй худал бөгөөд тухайн хурлын ирцтэй холбоотой баримтуудыг энэхүү тайлбарт хавсаргасан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд ИНХ, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ИНХ-ын даргаас чөлөөлөгдсөн болохоо албан ёсоор мэдсэн тухайгаа дурдсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

24 дүгээр хорооны ИНХД-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд хорооны ИНХ-ын даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу Хорооны ИНХ-ын хуралдаанаар сонгож чөлөөлдөг, хорооны ИНХ-ыг хорооны ИНХТ-д мөн хуулийн 23 дугаар зуйлийн 23.4-т заасан хугацаанд зарлан хуралдуулдаг учир тухайн хурлыг зохион байгуулах, зарлах эрх бүхий субьект нь хорооны ИНХТ-д, хурлын даргаар сонгох эрх нь тухайн хуралдаанд байдаг юм.

Иймд дээрх тайлбар, хорооны ИНХ-тай холбоотой материалуудыг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа “БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулах, Д.О намайг БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-ын  даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Д.О нь 2013 оноос эхлэн БЗД-ийн 24 дүгээр хорооны  ИНХД-аар сонгогдон ажиллаж, байгаад нийслэлийн БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  “хорооны ИНХ-ын даргыг чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолоор  хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс “... намайг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ИНХ нь хуралдааныг зарлан хуралдуулах тогтоолоосоо эхлээд бүгд хууль зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...баг хорооны хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулахаар хуульд заасны дагуу 15 хоногийн өмнө тэргүүлэгчид хуралдаан зарлан тогтоол гаргаж, хурлын ирц хуульд заасан хэмжээнд хүрч хуралдсан тул хурлын даргыг чөлөөлсөн хууль зөрчөөгүй...” гэж маргаж байгаа болно.

            1. “БЗД-ийн 24 дүгээр хорооны Иргэдийн нийтийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХТ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “хорооны ИНХ-ын хуралдааныг зарлан хуралдуулах тухай” 01 дүгээр тогтоолоор тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх хурлыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагт хуралдуулахаар зарлажээ.

            Гэрч Т.Б шүүхэд “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БЗД-ийн ИНХТ-д хуралдаагүй. ...битүүний өмнөх өдөр хурал болсон. Сүүлд цагаан сарын дараа ажил цугласнаас хойш гудамж, дэлгүүрүүдээр зар нааж, хурлын зарыг тараасан болгож наачихаад хуулаад авчихсан...” гэжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчжээ.

             Ингээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “хуралдаан даргалагчийг сонгох” тухай 01 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”, 25 дугаар зүйлийн  25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн заалтуудыг үндэслэн хорооны ИНХ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагчаар Х.М-ийг сонгож баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд түүний санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгч нээж удирдахаар байна. Тэгвэл Х.М нь уг хорооны ИНХТ гэх нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “...хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурна” гэснийг зөрчсөн мөн уг тогтоолын үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт нь Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх заалт байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн дээрх хуралдааны тэмдэглэлээс үзвэл “ИНХТ Т.Б Х.М-ыг хурал даргалагчаар сонгох” саналыг гаргажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл тэргүүлэгч Т.Б-т энэ эрх хуулиар олгогдоогүй байна.

 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “хорооны ИНХ-ын даргыг чөлөөлөх тухай” 04, “хорооны ИНХ-ын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоол гаргаж, хорооны ИНХ-ын дарга Д.О-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, даргаар Э.Б-ыг сонгожээ. 

Хорооны ИНХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх” гэж зааснаар Хурлын даргыг чөлөөлөх эрхтэй. Гэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “хорооны ИНХ-ыг зарлан хуралдуулах тухай” 01 дүгээр тогтоолоос үзвэл 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаар “тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт” өгөх гэж хэлэлцэх асуудлыг баталж, харин хурлын үеэр ИНХД-ын тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг оруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн ЗД асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”,  24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчжээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасан хуулийн заалтыг дээрх тогтоолууд хангаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-т “Захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын ...тамга тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий  тушаалтны нэр, гарын үсэг...” гэж бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг заасан бөгөөд БЗД-ийн 24 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ИНХ-даанаас гаргасан тогтоолууд хуулийн шаардлага хангаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.

БЗД-ийн 24 дүгээр хороог 2860 өрхтэй гэж үзвэл дээрх хуулийн заалтаар 95 доошгүй хүн ИНХ-д хүрэлцэн ирж байж ирц бүрдэж, хэлэлцсэн асуудал хүчинтэйд тооцогдохоор байна. Тэгвэл ИНХ-ын тэмдэглэлийг үзвэл хэдэн өрхөөс, хэдэн хүн ирж, ирц хэдэн хувьтай талаар тэмдэглээгүй, хуралд суусан иргэдийн нэрсийн жагсаалтаар 98 хүн гэж байгаа боловч энэ нь хурлын бичлэг болон фото зургаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас Д.О-г “...ИНХ-ын бүрэн эрхээ огт хэрэгжүүлдэггүй...” гэж буруутгаж байгаа боловч энэ нь БЗД-ийн ИНХ-ын  2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр, 02 дугаар, 03 дугаар, 04 дүгээр, мөн 2017 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 07 дугаар, 08 дугаар, 09 дүгээр, 2018 оны 02 дугаар сарын 01 дүгээр, 02 дугаар, 03 дугаар, 04 дүгээр, 05 дугаар, 06 дугаар, 07 дугаар, тогтоолуудаар няцаагдаж байна.

2. “Д.О-г БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХД-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-ын  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01, 04, 05 дугаар тогтоолууд нь хорооны ИНХД-ын эрхийг зөрчсөн тул захиргааны актын дагуу аливаа хууль зүйн үр дагавар үүсэх учиргүй, нэгэнт үр дагавар үүссэн тухайн тохиолдолд шүүх уг үр дагаврыг “хууль бус” гэж үзэхээр байна.

Иймд БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-ын дээрх тогтоолуудыг хууль бус гэж үзсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д  “Баг, хорооны Хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсний дагуу нэхэмжлэгчид сар бүр олгодог 183,946 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх  ажилгүй байсан хугацааны тэтгэмж болох 10 сар 6 хоногийн урамшуулал болох  1,889,626 төгрөгийг нөхөн олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хуралдаан даргалагчийг сонгох тухай” 01 дүгээр, “Хорооны ИНХ-ын даргыг чөлөөлөх тухай” 04 дүгээр, “Хорооний ИНХ-ын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Д.О-г БЗД-ийн 24 дүгээр хорооны ИНХД-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ