Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Г.А д холбогдох эрүүгийн 1711002630017 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Г.А , 1994 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 123 тоотод үеэл Б.Т тай маргалдан түүний нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, 1 шүдний хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А эс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Б.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний ээж Оюунчимэг гэж хүний төрсөн дүү болох Нарантуяа эгчийн гэр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34 дүгээр байрны 123 тоотод байдаг юм. Эгч Нарантуяа нь энэ байранд хүү Ариун-Эрдэнэ, нөхөр Ганбаатар нарын хамт амьдардаг. Би эгч Нарантуяагийн гэрт бага дунд хүү Оргилыг 2017 оны 07 сарын 10-ны өдөр аваачиж өгсөн. Нарантуяа эгч манай хүүг аваад ах дүү нарын хамт хөдөө явсан. Хөдөө яваад 2017 оны 07 сарын 15-ны шөнө ирсэн гэсэн. Тэгээд 2017 оны 07 сарын 17-ны өдөр 14 цагийн орчим хүүхдийн парк дээр охиноо тоглуулаад явж байхад дүү Ариун-Эрдэнэ залгаад золбин хүүхдээ ирж ав, хүүхэдтэй гэдгээ мартчихдаг юм уу гэж хэлэхээр нь чи одоо юу гээд байгаа юм бэ би хэзээ ирсэн гэдгийг нь мэдээгүй гэж хэлсэн. Тийм яаралтай гарах ажилтай байгаа юм бол ТБД андууд дээр Нарангэрэл дээр аваачаад өгчих аль эсвэл би цагийн дараа очоод Оргилыг авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь өөрөө ирж ав гээд утасны цаанаас хэл амаар доромжлоод байхаар нь одоо очиж хүүхдээ авлаа гэж хэлсэн. Ингээд би хүүхдийн паркаас Ариун-Эрдэнийн гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 123 тоотод очсон. Би гэрт нь ороод Ариун-Эрдэнэд хандаад “чи утасны цаанаас юу гээд байгаа юм бэ, дээрэлхэх хүнээ дээрэлх, намайг битгий дээрэлхээд бай чамд дээрэлхүүлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ариун-Эрдэнэ хэл амаар доромжлоод миний ам орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь амнаас цус гарсан. Тэгээд би коридорт зугтаж гараад хаалгыг нь хаасан. Энэ үед манай Оргил /9 настай/ гэрт нь үлдсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа дуудаад байрных нь тоотыг мэдэхгүй байсан учраас гадаа гарч байрыг нь зааж өгсөн. Тэгсэн чинь Ариун-Эрдэнэ 10 орчим минутын дараа Оргилыг дагуулж гарч ирээд хүүхдээ ав гэж хэлсэн. Тэгээд битгий бид нарын амьдралд гай болоод бай гэсэн. Тэгэхээр нь чи яагаад хүн цохидог юм бэ гэж асуухад дахиад ч гэсэн цохиж чадна шүү гэсэн. Би эмчид үзүүлээгүй тухайн үед миний шүд хөдлөөд тагнайдаа наалдсан байсан. Ингээд би шүдээ нааш нь болгосон. Одоо миний шүд хөдөлсөн хэвээрээ байгаа. Миний хувьд эмчилгээний зардал гараагүй. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй..” гэжээ /хх-9-10/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 8965 дугаар дүгнэлтэд

“1. Тунгалагийн биед дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, 1 шүдний хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-51/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41-43/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 123 тоотод үеэл Б.Т тай маргалдан түүний нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, 1 шүдний хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ариун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв

Хохирогч нь Б.Т  нь “...Миний хувьд эмчилгээний зардал гараагүй. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ариун-Эрдэнийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.А  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН