Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 154/2022/00004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Ц.Дөлбадрах нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянжаргал овогт Цэдэнжавын  Дөлбадрахад холбогдох эрүүгийн 2237000000002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй мэргэжилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:ПА88011417, Баянжаргал овогт Цэдэнжавын  Дөлбадрах,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.Энхжаргалтай маргалдах явцдаа түүнийг зодож уруул орчим газарт язарсан шарх, 2 шүдний хугарал зэрэг хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Дөлбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Дөлбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Н.Энхжаргалын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу тул бага ял оноож өгнө үү гэж хүсэх байна. Миний хувьд ганцаараа амьдардаг амьдрал тааруу хэцүү байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Алтай сумын төвд дэлгүүр орж юм авч яваад Дөлөө гэх залуугийн гэрт Х.Хашхүүг дагаж очсон. Дөлөөгийн гэрт ороод Х.Хашхүү нэг шид архи гаргаж ирээд тэрийг бид гурав хувааж уусан. Тэр үед Дөлөө надруу үг хаясан бөгөөд урд нь надаас авсан малаа муу мал өгсөн гэж маргаан гаргаад намайг зодсон. Надад ямар нэгэн зовиур одоо алга. Миний үүдэн 2 шүд унасан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед би гэрээсээ гараад Ц.Дөлбадрахын гэрт очсон. Намайг очих үед Х.Хашхүү, Ц.Дөлбадрах хоёр юм яриад сууж байсан. Тэгээд гурвуулаа сууж байгаад ганц нэг шил архи уух талаар яриад  мөнгөө нийлүүлээд 2 шил архи авсан. Тэгээд авсан хоёр шил архины нэгийг ууж дуусаад дараагийн нэг шил архиа задлаад уух гэж байтал Х.Хашхүү яваад нэг шил архи аваад ирье гээд гараад явсан.Тэгээд гарч яваад нэг шил архи авч ирэх үедээ Н.Энхжаргал гэж хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд үлдсэн болон авч ирсэн архи ууж дуусах үед Ц.Дөлбадрах, Н.Энхжаргал хоёр урд өмнө нь нэгэндээ мал мөнгө зээлж байсан талаар ярьж байгаад маргалдсан. Гэтэл Ц.Дөлбадрах гэнэт босож ирээд Н.Энхжаргалыг зодсон. Тэгээд бид нар тарсан бөгөөд Н.Энхжаргал, Ц.Дөлбадрах хоёр хэрэлдэж байгаад жаахан архиа хувааж уугаад салсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Хашхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Ц.Дөлбадрахын гэрт Д.Ганболд бид гурав архи ууж сууж байгаад би дахин архи авахаар төв гудамж орж дэлгүүр орсон. Намайг архи авах үед Н.Энхжаргал дэлгүүрт согтуу зогсож байсан. Намайг гараад явах үед намайг дагаад миний авсан архи уух гээд явсан. Тэгээд Ц.Дөлбадрахын гэрт хамт ирээд бид дөрөв архи уусан. Гэтэл Ц.Дөлбадрах, Н.Энхжаргал хоёр урд нь нэг хийсэн наймаанаас болж маргалдаж байгаад Ц.Дөлбадрах босож ирээд Н.Энхжаргалыг зодохоор нь Д.Ганболд бид хоёр салгаж авсан. Зодоон болоод түүний дараа бид нар үлдсэн архиа уугаад салсан. Би Ц.Дөлбадрахын гэрээс гараад шууд харьсан...” гэх мэдүүлэг,

              Хохирогч Н.Энхжаргалын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Н.Энхжаргалын биед доод урууланд язарсан шарх, 2 шүдний хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэх боломжтой.

3. Н.Энхжаргалын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хохирол төлсөн баримт

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Дөлбадрах нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Энхжаргалтай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч Н.Энхжаргалын мэдүүлэг, зодоон болох үед хажууд нь байсан гэрч Д.Ганболд, Х.Хашхүү нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Дөлбадрахын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь хохирогч Н.Энхжаргалыг зодож, түүний эрүүл мэндэд “доод урууланд язарсан шарх, 2 шүдний хугарал” гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Н.Энхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Ц.Дөлбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

              Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Энхжаргалд хохирлын 300.000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны орлогын баримт, хохирогч Н.Энхжаргалын “Миний бие эмчилгээний зардал мөнгөө авсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ц.Дөлбадрах нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нь хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Дөлбадрах нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 02 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Дөлбадрахад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баянжаргал овогт Цэдэнжавын Дөлбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дөлбадрахыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дөлбадрахад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Дөлбадрах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Ц.Дөлбадрахад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Дөлбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дөлбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Дөлбадрахын ПА88011417 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАДРАХГЭРЭ