Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг, Тавины 7-4 тоотод оршин суух Буриад овгийн Жагзмаагийн Эрдэнэболорын нэхэмжлэлтэй ЗА80110904,

Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн иргэн Зуут овгийн Ичинхоролын Мягмарсүрэнд холбогдох 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017  оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболор

Хариуцагч И.Мягмарсүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос И.Мягмарсүрэнтэй танилцаж, 2011 онд охин Э.Баасандолгорыг, 2013 онд охин Э.Отгонжаргалыг төрүүлсэн. Бид хамт амьдарч байгаагүй учраас гэрлэлтээ батлуулаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр охин Э.Баасандолгор И.Мягмарсүрэнгийн хүүхэд мөн, охин Э.Отгонжаргал биш гэсэн байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Одоо И.Мягмарсүрэнгээс охин Э.Баасандолгортоо тэтгэлэг тогтоолгоно гэв.

Хариуцагч И.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболор нь 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Тэгээд би эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэсэн чинь Э.Отгонжаргал миний хүүхэд биш, Э.Баасандолгор нь миний хүүхэд мөн гэж гарсан. Иймд өөрийн хүүхэд болох Э.Баасандолгорт хүүхдийн тэтгэлэг төлөх боломжтой. Харин Э.Отгонжаргалд тэтгэлэг төлөхгүй. Нэхэмжлэгч өөрөө ч мөн ийм зүйл ярьж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболор нь И.Мягмарсүрэнд холбогдуулан 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч  нь Баяуд овгийн Эрдэнэболорын Баасандолгорыг  2011 оны 12 сарын 23-нд төрүүлсэн ба одоо эхийн асрамжинд амьдарч байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар, түүний эрүүл бойжиж байгаа болох нь Адаацаг сумын их эмчийн тодорхойлолтоор, хариуцагч И.Мягмарсүрэн нь Э.Баасандолгорын эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 сарын 4-ний өдрийн 3477 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байх ба хариуцагч И.Мягмарсүрэн нь охин Э.Баасандолгорын асрамжийн талаар маргаагүй байх ба тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 

Харин нэхэмжлэгч нь 2013 оны 5 сарын 2-ны өдөр төрсөн Буриад овгийн Эрдэнэболорын Отгонжаргалд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 сарын 4-ний өдрийн 3477 дугаартай дүгнэлтээр хариуцагч И.Мягмарсүрэнгийн хүүхэд биш болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Ж.Эрдэнэболор нь “Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй танилцсан, хариуцагч И.Мягмарсүрэнгээс охин Э.Отгонжаргалдаа тэтгэлэг тогтоолгохгүй, охин Э.Баасандолгортоо тэтгэлэг тогтоолгоно” гэсэн тайлбар гаргажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Э.Баасандолгорт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хэсгийг хангаж, 2 хүүхдийн асрамж тогтоолгох, охин Э.Отгонжаргалд тэтгэлэг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч И.Мягмарсүрэнгээс 28209 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 сарын 23-нд төрсөн охин Баяуд овгийн Эрдэнэболорын Баасандолгор /ЗА11322300/-ыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг И.Мягмарсүрэнгээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2 хүүхдийн асрамж тогтоолгох, охин Э.Отгонжаргалд тэтгэлэг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.Мягмарсүрэнгээс  улсын тэмдэгтийн хураамжид 28209 /хорин найман мянга хоёр зуун есөн/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ