Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1880

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Л.Б,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б-од холбогдох эрүүгийн 1906 01069 2139 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуутын 00 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

        Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Т овогтой С-ын Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Б-ын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний хохирлыг арай бага бичсэн байсан. Шүүгдэгч 0.75 граммын шар хараа архи 12 ширхгийг авсан байсан. Тэгээд 3 утас авсан. Тэгээд цагаан сараар өмсөх гэж байсан урт куртик авсан байсан. Би хохирол аваагүй. Би гомдолтой байна. Манай хашаа дээгүүр давж орсон байсан. Би хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна.” гэв

 

 Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19/, хохирогч Л.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-21-24/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-30-36/, С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-86-87/,  шүүгдэгч С.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

      

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Б-ын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б-ын өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хувиараа ажиллуулдаг “Баянхайрхан” нэртэй хүнсний дэлгүүрт сууж байтал 14 цаг 30 минутын үед сэжиг бүхий хүн дэлгүүрт орж гараад байсан. Би дэлгүүртээ ганцаараа сууж үл таних лангууны араар орох гээд байхад нь би хараад хүүе чи яаж байна гэхэд гараад явсан. Би тэгэхэд юмаа сайн бүртгэж чадаагүй байхдаа мэдүүлэг өгсөн болохоор зарим нэг юмнуудыг дутуу хэлсэн байсан юм. Өнөөдөр алдсан бүх зүйлсээ нэг бүрчлэн хэлж нэмэлтээр үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна. Алъяска нэртэй эрэгтэй хүний урд нь өмсөж хэрэглээгүй, цоо шинэ өвлийн куртик алдагдсан. Миний өөрийн 2018 оны зун 150.000 төгрөгөөр худалдан авч байсан пейлник алдагдсан. Мөн дэлгүүрийн коридорт байсан 1 авдар архи алдагдсан байсан. Авдар дотор уг нь 12 ширхэг байдаг ба бид нар 1 ширхэг зарсан ч байж магадгүй. Иймд 11 ширхэг архийг үнэлүүлье. Түрийвчэн дотор байсан мөнгийг аваад түрийвчийг айлын хашааг давуулаад шидсэн байсан. Түрийвчин дотор 50.000 төгрөг байсан. Тухайн хүн манай дэлгүүрт орж ирээд гараад яваад байсан.” /хх-21-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах дэлгүүрийн хашаагаар нь давж ороод дэлгүүрийн агуулах руу ороод байсан бараанаас 11 шил Сархад гэх архийг аваад мөн хашаа дотор байсан байшин руу ороод орон дээр нь байсан марк нь мэдэхгүй 3 ширхэг гар утас авсан. Мөн хувцасны шүүгээнд байсан урт Аляска куртик байсан тэрийг авсан. Авсан эд зүйлээ бөмбөгөр худалдааны төв дээр аваачаад үл таних хүмүүст зарсан.” /хх-86-87/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-20/,

“Дамно” ХХК-ийн тайлан /хх-30-36/,

Шүүгдэгч С.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.  

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Б-ын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-21-24/, С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-86-87/, “Дамно” ХХК-ийн тайлан /хх-30-36/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Б-ын 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Б-ын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

         Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Б-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Б-оос 490.890 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-од олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч С.Б-од оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нийт 2 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4-д “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж хуульчилжээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, мөн шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 47 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогтой С-ын Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч С.Б-од оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нийт 2 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх нийт ялыг 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Б-од оногдуулсан 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар С.Б-оос 490.890 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-од олгосугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, С.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС