| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/002/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1351 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1351
2019 12 19 2019/ШЦТ/1351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр /ҮД:1002/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Ц А холбогдох 1908034891860 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Ц.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 1-1 тоотод иргэн М.А “машин удаан заслаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч М.А мэдүүлэг /хх-ийн 22-23х/, гэрч Б.М мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч Ц.И мэдүүлэг /хх-ийн 35х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8065 дугаартай дүгнэлт /хх-ийн 13х/, Ц.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 49х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 50х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 52х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-59х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/, хохирогчийн гаргасан “...бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар маргаангүй болсон...” гэх хүсэлт /хх-ийн 70х/, шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 1-1 тоотод иргэн М.А “архи уулаа, машин хурдан зассангүй” гэж хэлснээс үүдэн хоорондоо маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.А-ийн өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед ганцаараа гараашдаа 0.33 граммын нэг шил Хараа нэртэй архи уучихаад байж байхад Ц.А-г гаднаас орж ирсэн. ...Энэ үед надаар машинаа засуулж байсан хүн хамаатныхаа нэг хүнтэй хашаанд орж ирсэн. Би А-г болон нөгөө 2 хүнтэй гараашдаа ороод машиных нь талаар ярьж байхад засаж байсан Портер маркийн авто машины багажны хайрцаганд 0.5 граммын Хараа нэртэй архи нэг шилийг үлдээсэн байхыг А олж хараад машин засуулж байсан ахдаа өгсөн, тэгээд надад хандан “ажил хийж байж яагаад архи уугаад байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд гэрээс эхнэр гарч ирэхэд манай эхнэрт нөгөө машин засуулж байсан ах шилтэй архийг харуулаад энд шилтэй архи байна гээд газар асгасан. .... Би хүний машинд будаг хийхээр зогсож байхад А “чи хурдан хийгээч” гэхээр нь би “хийж л байна ш дээ, чи нэг ч машин засаж чадахгүй байж дуугай бай” гэхэд толгой руу юмаар цохиход би газар унасан. Энэ үед миний толгой хагарсан цус гарч байхаар нь гэртээ ороод эхнэртээ хэлээд цусаа тогтоох гэхэд цус тогтохгүй байсан. Энэ үед машин засуулж байсан ах хажууд ирээд ийм зүйл байх ш дээ зүгээр гээд байсан тудт би толгойгоо боож цусыг нь тогтоочихоод машиныг нь будаж дуусгасан. Тэгээд 17 цагийн үед толгой өвдөөд байхаар нь эхнэрт хэлж түргэн тусламж дуудуулан Гэмтэл согог судлалын үндэсний төв орж 2 ширхэг оёдол хийлгэсэн. ...юугаар цохисон талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Гэрч Ц.И өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойтын 1-1 тоот хашаанд машин будна гэсэн зарыг хараад өөрийн машинаа будуулах гэж /сүүлд нэрийг мэдсэн/ Алтанхуяг гэдэг хүнтэй утсаар нь холбогдож ... будуулах гээд хашаанд нь оруулахад түүний эхнэр бас нэг өөр залуугийн хамт гурвуулаа хамт байсан юм. Машинаа будуулах үедээ би завсар зайгаар нь машин доогуураа орж стачераа янзлаад машин доор хэвтэж байтал Алтанхуяг миний машиныг будаж дуусчихаад нөгөө хамт байсан махлаг залуутай хэрэлдэж маргалдаж байгаад түжигнээд явчихаар нь би машин доороосоо гараад хартал Алтанхуяг газар унаад босож ирсэнээ толгой хагалчихлаа гээд толгойгоо бариад байсан ба барьсан газраас нь цус гарч байсан. Тэр хоёр машин удаан заслаа гэх шалтгаанаар маргалдаж байсан. Би яг юугаар цохиод хагалсаныг хараагүй, ямар ч байсан толгой нь хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8065 дугаартай: “...М.А-ийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Магадлуулагч дээрх гэмтлийг өөртөө учруулах боломж багатай...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13х/,
Гэрч Б.М-ийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 28-ны өглөө ажил дээрээ 24 цаг үүрэг гүйцэтгэсэн учир ажлаас тараад 10 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Алтанхуяг согтуу гарааш дотроо машин засварлаад байж байсан бөгөөд Алдархишиг хамт байж байсан. Намайг унтаж байхад Алдархишиг, Алтанхуяг нар Мөнхтөр гэх хүнтэй хамт орж ирчихсэн, Алтанхуягийн толгойноос цус гарсан байдалтай байж байсан. Би юу болсон талаар асуухад Алдархишиг надад ярихдаа “Аптанхуяг архи уугаад машин хурдан засаж дуусгахгүй байхаар нь архи уугаад ажил хийхгүй удаад байна гэж хэлэхэд чадахгүй тэгвэл аваад яв гэж хэлэхээр нь би түлхээд газар унагасан чинь төмөр мөргөөд толгойгоо гэмтээчихлээ” гэж хэлсэн. Харин Алтанхуяг надад хэлэхдээ А-г миний араас ямар нэгэн зүйлээр цохиод толгой гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би Алтанхуягийн толгойг боож цусыг нь тогтоож өгсөн бөгөөд Аптанхуяг буцаж гараад Мөнхтөр гэх хүний машиныг будаж дуусгасан. Тэгээд гэртээ байж байхад толгой өвдөөд байна гээд байхаар нь би түргэн тусламж дуудсан чинь Алтанхуягийг гэмтлийн эмнэлэг рүү авч очиж толгойд нь оёдол тавиулсан. ...Би бодохдоо А урьдын өс хонзон санадаг байж магадгүй гэж боддог. Учир нь олон жилийн өмнө манайх А-ийн хашаанд амьдардаг байсан бөгөөд урьд согтуу А маргалдаж зодож, манайхыг харанхуй шөнө хашаанаасаа хөөгөөд нүүлгэж байсан. А ер бидэнд эд баялаг, мөнгө төгрөгөөр их аархаж байгаа харагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,
Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр миний авга эгч болох Мөнхцэцэгийн хашаанд нь байрлах кузов засварын газарт портер машинд гагнуур хийж өгөхөөр очсон юм. Тэгтэл хүргэн ах Алтанхуяг засварын ажил хийж байхдаа согтоод ажлаа хийж өгөхгүй, удаад яваад байхаар нь би та хаанаас нь архи уугаад согтоод яваад байгаа юм бэ гэтэл надад хэлэхгүй байсан, тэгэхээр нь архийг нь хайтал портер машины багажинд тал шилтэй архи байсан. Уг архийг Төрөө ахад өгсөн чинь Аптанхуяг ах Төрөө ахаас архиа нэхээд ганц хийгээд өгчих гээд гуйгаад байсан, Төрөө ах “чи машинаа янзлаад дуусчих” гээд хэлтэл Алтанхуяг уурлаад тэгвэл би машин янзлахгүй, наад машинаа аваад яв гээд эхлэхээр нь би та одоо хурдан наад машинаа янзлаадах л даа гээд хэлтэл чамд ямар хамаатай юм, би янзалж чадахгүй гэхээр нь би нэг удаа нүүрэнд нь алгадсан чинь газар унаад босч ирэхдээ толгой нь хагарчихсан цус гарсан байсан. Тэгээд эхнэр нь толгойг нь боож цусыг нь цэвэрлэж өгсөн, ийм л юм болсон. Би А уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч М.А цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Ц.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч М.Аэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 22-23х/, хүсэлт гаргасан /хх-ийн 70х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ гэм буруу дээр маргаагүй ба торгуулын ял оногдуулахад ямар нэгэн санал, тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Ц.Аийн хувийн байдал, түүний цалин хөлс, орлоготойг илэрхийлсэн баримтууд авагдсан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Загалчууд овогт Ц А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ