Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1058

 

                          

 

 

 

 

      2018          12             07                                         1058

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч С.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1808 0362 31428 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дүүхээ-2 төвийн орчим иргэн У.Е-г үл ялих зүйлээр шалтаглан гараараа болон гартаа үнэртэй усны шил барин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч У.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед Баянхошууны шинэ эцэс дээр байдаг Н-ийн гар утас засвар дээр байж байсан чинь найз Тэнгис хүргэн ах дээр мөнгө өгчихөөд ирье гээд бид хоёр Ханы материалын Дүүхээ-2 худалдааны төв дээр очсон. Тэнд очтол хүргэн Б.Г нь согтуу байсан. Тэгээд Тэнгисийн Sonata-5 машин дотор Тэнгис Б.Г бид гурав суусан чинь Б.Г надад чиний байдал таалагдахгүй байна танай ах нар чинь хэн юм А, Б бил үү гээд намайг загнахаар нь уучлаарай ахаа та согтуу байна гэж хэлсэн чинь миний зүүн гарыг мушгиж нүүр рүү гараараа 5-6 удаа хүчтэй цохисон. Г машины урд суучихсан байсан болохоор машины урд хайрцагыг ухаад юм хайгаад байснаа чамд тэмдэг үлдээчихээд явна гэж хэлээд үнэртэй усны шилээр миний толгой руу 2-3 удаа цохисон. Миний толгой хагарч цус гарсан. Нүүр хөхөрч хавдсан. Тэр үед Тэнгис машины шилийг арчаад зогсож байсан...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...нүүр рүү гараараа цохиж хөхрүүлсэн...зүүн гарын бугуйг мушгиж хавдуулчихсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очиж толгой доо оёдол тавиулсан...би Гансүхээс эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11),

“...Г миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон, мөн Тэнгисийн машины урд талын хайрцагнаас үнэртэй усны шил гаргаж ирээд тэр шилээрээ миний толгой руу 3 удаа цохисон. Тэгээд миний зүүн гарыг мушгиж, толгойноос цус гарсан...Тэр шил тухайн үед хагарсан бөгөөд хагархай нь машин дотор үлдсэн бөгөөд хагархайг нь яасныг би сайн мэдэхгүй байна...Г-ээс эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг авсан надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би Баянхошууны эцэст халтууранд явах гээд зогсож байтал Г ах над руу утсаар залгаад 20000 төгрөг байвал зээлээч гэхээр нь би зөвшөөрсөн...тэгээд Е-тэй тааралдсан. Тэгээд би түүнд хоёулаа хамтдаа Дүүхээ-2 төв орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд Е машины урд талын суудалд орж ирээд суусан...Г ах миний машины жолоочийн эсрэг урд сандал дээр орж ирж суусан бөгөөд би машины арын багажаа онгойлгоод дотор нь байсан зүйлсээ янзалж дуусаад машиндаа суух гэж очтол Г ах машинаас бууж ирээд Е-г эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн бөгөөд би Е-г харахад нүүрээ дарчихсан байсан ба толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

3. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр...Е над руу утсаар залгаад Г ах намайг зодсон...гэхээр нь би Е-г уулзъя гэж дуудаад...автобусны буудал орчим Е-тэй уулзсан бөгөөд Е толгойдоо оёдол тавиулсан байсан. Тэгээд эм тариа авах хэрэгтэй байна гэхээр нь би Е-д 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9321 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Толгойн орой хэсэгт 3 см урт мэс заслын оёдол бүхий шархтай. Зүүн хацар, эрүүний хэсэгт овойж хавдсан, 5х3 см хөхөлбөр өнгийн цус хурсан. Зүүн гарын бугуйн үе хавдартай , хөхөлбөр өнгийн цус хурсан байв...ДҮГНЭЛТ

1. У.Е-ийн биед тархины доргилт, хуйханд няцарсан шарх, зүүн хацар, эрүү, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

5. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр миний танил ах Б-ийн төрсөн өдөр болоод архи уусан бөгөөд би мөнгөгүй болчихоод эхнэрийн хамаатан болох Т рүү залгаад ахдаа 20.000 мянган төгрөг зээлээч гэж хэлтэл Т ах хаана байгаан гэж асуухаар нь би одоо Дүүхээ-2 төвийн орчим байна гэж хэлтэл Т за яваад очье гэж хэлсэн. Тэгээд би Дүүхээ-2 төвийн орчим байж байтал Т өөрийнхөө машинтай ирсэн бөгөөд арын суудалд нь Е-тэй сууж байсан. Өмнө нь Е-ийн аав надтай тааралдаад Е агсам тавиад байна чи нэг хэлээч гэж хэлж байсан...Тэнгисээс би мөнгөө авчихаад машины урд суудалд суусан. Тэгээд Е-д чи яагаад архи уугаад байгаан чиний ах А хаан байна гэж асуусан чинь Е ямар нэгэн юм хэлээгүй. Тэгэхээр нь би гараараа Е-ийн нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би Т-ийн машины урд хайрцгыг онгойлгосон чинь дотор нь үнэртэй усны шилэн сав байхаар нь би тэрнийг барьж байгаад Е-ийн толгой нь тус газар нь 3 удаа цохисон, зүүн гараас нь атгаж байгаад мушгисан чинь Е-ийн толгойноос цус гарсан...манай эхнэр О над руу утсаар залгаад Е надаас эмчилгээний зардал нэхээд байхаар нь би 300.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан...У.Е бид хоёр л машинд байсан бөгөөд Т гадаа машиныхаа шилийг арчаад зогсож байсан бөгөөд намайг Е-г цохиж зодож байхыг хараагүй...Е-гийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-63),

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 52), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 36-43), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 50-51), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 31), эвлэрэлийн гэрээ (хавтаст хэргийн 67-68) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын Материал” Дүүхээ-2 төвийн орчим, 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн У.Е-г үл ялих зүйлээр шалтаглан гараараа болон гартаа үнэртэй усны шил барин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч У.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр...Г надад чиний байдал таалагдахгүй байна танай ах нар чинь хэн юм А, Б бил үү гээд намайг загнахаар нь уучлаарай ахаа та согтуу байна гэж хэлсэн чинь миний зүүн гарыг мушгиж нүүр рүү гараараа 5-6 удаа хүчтэй цохисон. Г машины урд суучихсан байсан болохоор машины урд хайрцагыг ухаад юм хайгаад байснаа чамд тэмдэг үлдээчихээд явна гэж хэлээд үнэртэй усны шилээр миний толгой руу 2-3 удаа цохисон. Миний толгой хагарч цус гарсан. Нүүр хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11)

- Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ах миний машины жолоочийн эсрэг урд сандал дээр орж ирж суусан бөгөөд би машины арын багажаа онгойлгоод дотор нь байсан зүйлсээ янзалж дуусаад машиндаа суух гэж очтол Г ах машинаас бууж ирээд Е-г эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн бөгөөд би Е-г харахад нүүрээ дарчихсан байсан ба толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

- Гэрч Ж.О-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр...Е над руу утсаар залгаад Г ах намайг зодсон...гэхээр нь би Е-г уулзъя гэж дуудаад...автобусны буудал орчим Е-тэй уулзсан бөгөөд Е толгойдоо оёдол тавиулсан байсан. Тэгээд эм тариа авах хэрэгтэй байна гэхээр нь би Е-д 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9321 дугаар дүгнэлт “...1. У.Е-ийн биед тархины доргилт, хуйханд няцарсан шарх, зүүн хацар, эрүү, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би...Е-д чи яагаад архи уугаад байгаан чиний ах А хаан байна гэж асуусан чинь Е ямар нэгэн юм хэлээгүй. Тэгэхээр нь би гараараа Е-ийн нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би Т-ийн машины урд хайрцагыг онгойлгосон чинь дотор нь үнэртэй усны шилэн сав байхаар нь би тэрнийг барьж байгаад Е-ийн толгой нь тус газар нь 3 удаа цохисон, зүүн гараас нь атгаж байгаад мушгисан чинь Е-ийн толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-63) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Г нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, хохирогч Е-г зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь хохирогч ...Е-г зодсон болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Е нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Б.Г нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 31) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г, хохирогч Е нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Г-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ үнэртэй усны шилийг ашигласан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршгийг нэмэгдүүлж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.Гансүхэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1808 0362 31428 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Г-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ