Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 09

 

  2019            01             23                                                 09

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЗ/309 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч М.Б-д холбогдох, эрүүгийн 1819002930160 дугаартай, 1 хавтас, 69 хуудас бүхий хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хутаг-Уул овогт М-ийн Б /РД:ЕУ950..../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Этай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч ... овогт М-ийн Бд холбогдох эрүүгийн 1819002930160 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-ын талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заагдсан хэрэг нь уг журмаар шийдвэрлэгдэх хэрэг ба мөн зүйлийн 5, 8, 9 дэх хэсэгт шүүхээс хэргийг хүлээн авч шийдвэрлэх хугацаа, гаргах шийдвэр, шийдвэрийн хэлбэр зэргийг тодорхой тусгасан. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авсны дараа 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангах зорилгоор яллагдагч Бд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэж явуулах нь зүйтэй гэж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, өөрийн дур зоргоор илтэд хууль зөрчсөн буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтооох тухай 2018.12.04-ний өдрийн 288 дугаар шүүгчийн захирамж гаргаж, улмаар 2018.12.13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-г хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд баримтлахгүй гэж тодорхой хязгаарлалтыг хуульд тогтоосон байхад баримтлахгүй ажиллагааг дур зоргоор баримталж улмаар мөн хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар яллах дүгнэлтэнд дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлж байгааг танилцуулж, яллагдагч гарын үсгээ зурж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж зааснаас үзэхэд мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар нэрлэж заагдсан хэргүүдийг шүүх прокурорын саналыг харгалзан өөрчлөн шийдвэрлэх боломжтой байдлаар хуульчилсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заагдсаны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Бгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЗ/309 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”  гэснийг тус тус зөрчжээ гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч М.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/287 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулахаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойгүй байдлаар тусгасан, энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Ар шандын сондгой 58 байрны 2-р орцны подвальд байрлах Няммандахын гэрт шүүгдэгч М.Б, хохирогч Д.Э-тай маргалдаж, улмаар түүнийг зодсоны улмаас толгой, баруун чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн шарх, тархи доргилт, духны цус хуралт, нуруу, баруун, зүүн гарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсныг хохирогч Д.Э /хх4-7/, яллагдагч М.Б /хх-8/ нарын өгсөн болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хүлээн зөвшөөрдөг, түүний үйлдлийг хохирогч Д.Э, гэрч Н.Няммандах /хх-9/ нар гэрчилдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч М.Б нь гэмт хэрэг гарсан газрын талаар “... Няммандахын комиссын дэлгүүр ажиллуулдаг газарт болсон. Тэр газарт Няммандах нь өөрөө амьдардаг. Тэр нь орц биш 58 айлын доор байрлах подваль юм” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан гэрч хохирогчийн мэдүүлгээр түүний энэхүү мэдүүлэг үгүйсгэгдэж, няцаагдсан нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад тогтоож болохыг хуульчилсан байх тул энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх боломжгүй юм.

Гэтэл  анхан шатны шүүх гэмт хэрэг хаана гарсныг дахин шалгаж тогтоолгох, гэмт хэрэг гарахад хамт байсан гэх Тэнгис, Одука нарыг гэрчээр асуулгаж гэмт хэрэг хаана гарсныг нотлуулах гэсэн нь  үндэслэлгүй болжээ.

 Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцуулсан ба яллагдагч болон хохирогч нарын зүгээс нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн зэргээс үзэхэд мөрдөн шалгах болон шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “Хууль ёсны байх” зарчмын дагуу явагдсан,  оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангаж ажилласан байна гэж тус тус үзэхээр байна.

Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-аар шийдвэрлэх хэрэгт хамаарч байх тул прокуророос энэ зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл нь яллагдагчийн хүсэлтээр эсхүл хуульд заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд эдгээр тохиолдолд ял оногдуулах нөхцөл, хэргийг шийдвэрлэх хугацааны хувьд ялгаатай юм.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж энэ талаар шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буюу яллагдагчийн хүсэлтийг үндэслэсэн байх боловч яллах дүгнэлт  үйлдэхдээ болон ялын санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг үндэслэжээ.

 Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг Хууль ёсны зарчим, Шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй гэж үзэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон нь ойлгомжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долоодугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцээгүй байна.

Тодруулбал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх ажиллагааны өөр өөр журмыг хольж хуулийг буруу хэрэглэсэн байх боловч энэ нь хохирогч, шүүгдэгч болон байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулаагүй, тэдний эрхийг зөрчөөгүй, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг үндэслэсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь буруу болохыг магадлалд тэмдэглэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэрэгт яллагдагч нь прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг зөвшөөрсөн байх шаардлагагүй ба энэ тохиолдолд яллагдагч М.Б прокуророос санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүх хуралдааны үед зөвшөөрөөгүй нь шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэсэн үг биш юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах буюу яллагдагчийн хувийн байдал,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг өөрийн эрх хэмжээнд оногдуулах боломжтой гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЗ/309 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС