Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0346

 

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэртэй, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф” XXК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 362 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Б ХХК-ийн зүүн талын хашааг дагуулан нэгж талбарын 8023/5207 дугаар бүхий 500 м.кв газрыг 0203322 гэрээгээр 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны А/381 дүгээр захирамжаар манай эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байх бөгөөд энэ талаар манай компанид огт мэдэгдээгүй, энэ талаар мэдээд Нийслэлийн Засаг даргад хандсан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүлэх чиглэл өгсөн. Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, түлшний зориулалтаар агуулах барина гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

Баянгол дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, бидэнтэй огт тохиролцоогүй атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлтийг

үндэслэн огт тооцоо судалгаагүй мэдээллийн дагуу урьдаас шийдвэр гаргасныхаа дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан нь Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт, зарчмуудыг зөрчиж Төрийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, албан тушаалтанд олгосон эрхийг хэтрүүлэн хэрэглэж илт хууль бус захирамж гаргаад байна.

Иймд, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, өмгөөлөгч Д.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 м.кв газрыг “Ф” ХХК-д эзэмшүүлсэн боловч уг компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 4 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ хашаа барьж хамгаалах арга хэмжээ аваагүйгээс тухайн газар дээр хур хогийн цэг үүсэж, орчныг бохирдуулж байсан тул Баянгол дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэж 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/381 дүгээр захирамжаар Ф ХХК-д олгосон 500 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2012 оны А/381 дүгээр захирамжийг илт хууль бус акт гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч дээрх акт нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У миний бие Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхийн 295 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“Ф” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд 2012 оны 9-р сарын 25-ны

 

 

өдрийн А/381 дугаар захирамжийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх зөвхөн захирамжийн эхний заалтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. 2012 оны 9-р сарын 25-ны өдрийн А/381 дүгээр захирамжид газрыг хүчингүй болгож, түлш хадгалах агуулахын зориулалтаар авсан гэж шийдвэрлэсэн бөгөөд нь энэ захирамжид заагдсан түлш агуулах байр барих шийдвэр огт гараагүй нь батлагддаг.

Мөн газар сунгах эрхээ хугацаанд нь гаргаагүй гэж шийдвэрлэсэн боловч газар сунгах эрх нь гэрээгээр болоогүй байхад уг шийдвэрийг гаргасан. “Ф” ХХК нь анх 2008 онд тухайн хур хог үүссэн байсан газрыг авч хур хогийг нь 2 удаа зайлуулж байсан бөгөөд “Ф” ХХК-ийн газар дээр ямар ч зөвшөөрөл авалгүйгээр иргэн н.Янжиндулам блокоор хашаа барьсан байсан бөгөөд бидний зүгээс иргэнийг хохиролгүй болгож 2700000 төгрөгөөр тухайн газрыг нь худалдаж авсан. Тухайн үед н.Янжиндуламыг буухад хур хог цэвэрлэгдсэн байсныг шүүх хуралдаан дээр гэрч н.Янжиндулам мэдүүлдэг. Хэрвээ тухайн “Ф” ХХК-нд олгогдсон газрыг шүүхэд маргаантай асуудал шийдвэрлээгүй байхад 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжаар тухайн маргаантай буй газрыг Баянгол дүүргийн засаг Даргын тамгын газарт олгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Гэтэл шүүхээс 2012 оны 9-р сарын 25-ны өдрийн А\381 дугаар захирамжаар “Ф” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл үнэхээр газрыг төрийн өмчийн мэдэлд авах шаардлага гарсан бол тухайн газар эзэмшиж байгаа “Ф” ХХК-тай зөвшилцөлд хүрч асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч энэ талаар зөвшилцсөн гэх баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байдаг.

Мөн газар эзэмших хугацаа дуусаж түүнийгээ сунгуулах талаар хүсэлт огт гаргаагүй гэж захирамжаар шийдсэн боловч гэрээгээр хүлээсэн газар сунгах эрх болоогүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас давхар харагдаж байна. Шүүхээс тухайн газрыг хүчингүй болгосон газарт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн тухайн гэрчилгээг гаргуулахыг удаа дараа шаардаж шүүх хуралдаан хойшилж байсан боловч энэ талаарх баримтыг огт гаргаж өгөөгүй мөн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжийг нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй гэж дүгнэсэн нь буруу болсон бөгөөд анхнаасаа тухайн газар нь мөн гэдгийг Баянгол дүүргийн Газрын албаны гэрчээр оролцсон н.Мөнхбаатар мэдүүлсээр атал хамааралгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймээс, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 295 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/381 дүгээр захирамжийн нэг дэх заалтаараа “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 4 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, газар дээрээ хашаа барьж хамгаалах арга хэмжээ аваагүйгээс хур хогийн цэг үүсэж орчныг бохирдуулж байгаа” гэсэн үндэслэлээр “Ф” ХХК-д газар эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож, хоёр дахь заалтаараа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд боловсруулсан түлш нөөцлөх байр зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан, дээрх байршилд түлшний агуулахын зориулалтаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 640 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо "...газрыг төрийн өмчийн мэдэлд авах шаардлага гарсан бол тухайн газар эзэмшиж байгаа “Ф” ХХК-тай зөвшилцөлд хүрч, асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч энэ талаар зөвшилцсөн баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй” гэж дурдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2012 онд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон бөгөөд хүчингүй болсны дараа уг газрыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түлш нөөцлөх агуулах барихаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэхэд нэхэмжлэгчтэй зөвшилцөх шаардлагагүй юм.

Учир нь, нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дууссан байхад эрх дууссан этгээдээс зөвшөөрөл авсны дараа тухайн газрыг бусдад эзэмшүүлэх ёстой гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Маргаж буй газрыг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан төрийн өмчийн мэдэлд авч, түлшний агуулах барих шаардлага гарсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй явдал биш, харин нэхэмжлэгчээс газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс хуульд заасан цуцлагдах нөхцөл бүрдсэний үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 640 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн тус дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт түлшний агуулахын зориулалтаар 640 м.кв газар олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Мөн газар сунгах эрхээ хугацаанд нь гаргаагүй гэж шийдвэрлэсэн боловч газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад уг шийдвэрийг гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдолд хариуцагчаас маргаж буй захирамжид газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй гэсэн нь нэхэмжлэгчид хамааралгүй алдаатай болохоо зөвшөөрсөн, харин тухайн газар дээрээ 4 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь бодитой үндэслэл гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ зөрчил нь дээр дурдсанаар бүрэн тогтоогдсон тул нэхэмжлэгчийн дээрх гомдол маргаж буй захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч “Ф" ХХК нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 0,05 га газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар дээрээ хашаа барьж, хамгаалах арга хэмжээ аваагүйгээс тухайн газар дээр хур хогийн цэг үүсэж, орчныг бохирдуулж байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, үүнээс үүдэн “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрх хариуцагчид үүсжээ.

Энэ талаар “Нэхэмжлэгч “Ф” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах...”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж тус тус заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч талаас “...эзэмшлийн газар дээрээ хашаа барьсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь гэрч М.Янжиндулам, Х.Мөнхбаатар нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

Иймд, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/381 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.