Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/454

 

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч Р.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903001810195 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 22-нд Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ......... сум, ...... дугаар баг ............... тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ................... дугаарын регистртэй, Б овогт Рийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Р.Г 2019 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний 8 дугаар вагонд зорчин явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Зүүнхараа өртөөн дээр 37 дугаар мэстэнд зорчиж явсан Э.Нийг унтаж байхад бор шаргал өнгийн годон гутлыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үнэн зөвөөр мэдүүлсэн, тиймээс одоо ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт хүний юмыг хулгайлсан болохоор өөртөө өмгөөлөгч авах гээд яахав, тэгээд ч гэр хол, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчийн гутлыг буцаагаад өгчихсөн. Тэнсэн ял гэж байдаг гэсэн. Түүнийг нь оногдуулж өгөөч гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Р.Гт холбогдуулан түүнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Эгийн Н“... би Их засаг их сургуульд сурдаг. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс амраад Сэлэнгэ аймагт байдаг гэртээ харьсан. 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот орох гээд оройн 20 цаг 20 минутын үед Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний 8 дугаар вагоны 37 дугаар мэстэнд суусан. Би Сэлэнгэ аймгаас вагонд ганцаараа суусан. Дархан өртөө өнгөрөөд унтаад Зүүнхараа өртөөнд ирээд сэрсэн. Тэр үед миний унтахдаа тайлсан годон гутал орны доод хэсэгт байсан. Эргээд хэвтээд галт тэрэг хөдлөх үе хүртэл хэсэг хугацаанд унтаад галт тэрэг хөдлөх үед сэрээд хартал гутал алга болсон байсан. Энэ гутлыг манай ээж Нарантуяа 2018 оны 8 дугаар сард ОХУ явж ирэхдээ авчирсан, 36 размерийн, шинэ гутал байсан. Монгол мөнгөөр тооцоход 450.000 төгрөгийн үнэтэй. Би гутлаа 2018 оны 11 дүгээр сараас эхлэн өмссөн. Одоо 430.000 төгрөгөөр үнэлж байна” /хх-н 12-13/ гэж,

гэрч Бны Х“… 2019 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим Зүүнхараа хөдлөнгүүт 8 дугаар вагоны 37-р местний зорчигч өмсөж явсан гутлаа алдлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн вагонд очоод шалгахад 8-р вагоны 7-р күпээ талдаа зорчин явсан Э.Нгэгч охин паарны хажууд наалдуулж тавьсан, аваад удаагүй байгаа цааны годон гутал маань алга болчихлоо гэж хэлсэн. Танд сэжиглэж байгаа хүн байна уу гэхэд байхгүй гэсэн, ойр орчим зорчигчид болон вагоны үйлчлэгчээс асуухад манай вагоноос 2 зорчигч Зүүнхараа өртөөнд буусан гартаа ямар нэгэн ачаа тээшгүй, гартаа ямар нэгэн зүйлгүй буусан гэж хэлсэн. Ингээд тухайн вагон болон ойролцоох вагонуудад үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зүйл илрээгүй болно. Мөн Зүүнхараа өртөөний жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Мөндөлд мэдэгдэж тухайн 264 дүгээр галт тэрэгний 8 вагоны харалдаа болон ойролцоох хяналтын камерийг шалгуулахад сэжигтэй зүйл илрээгүй гэсэн” /хх-н 24-25/ гэж,

гэрч Мын Б“...Тухайн өдөр би өглөө 271-р галт тэргээр ажиллаж яваад Дархан өртөө хөдлөөд нөгөө үйлчлэгч Отгонзаяа ээлж аваад би амарсан. Тэгээд манай вагон Сэлэнгэ орчихоод тэндээсээ буцаад Зүүнхараа өртөө ирэхийн өмнө би босож ээлжээ хүлээж аваад Зүүнхараа өртөөн дээр зорчигчдыг буулгаж суулгаад хаалгаа цоож орж ирсэн чинь манай вагонд зорчигч ирээд миний өмсөж явсан алга болчихлоо гэхээр нь би вагоны цагдаа дуудсан. Мөн нөгөө ажиллаж явсан үйлчлэгч Отгонзаяад энэ талаар хэлсэн.

Намайг Зүүнхараа өртөөн дээр ажиллахад манай вагоноос 5 зорчигч бууснаас 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан” /хх-н 20/ гэж,

гэрч Пын Г “... би 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгийн суудлаар Сэлэнгэ аймаг руу явсан. Маргааш нь эмнэлэг дээр явж байсан чинь Зүүнхараагийн залуу болох Гтой тааралдаад орой Сэлэнгийн вокзал дээр дахин таараад 0,33 грамм Хараа архи хамт уугаад Зүүнхараа руу вагонд хамт билет авч суусан. Вагонд ороод нөгөө архиа уучихаад унтаж байсан. Зүүнхараа дөхөж байхад сэрээд Гт Зүүнхараа дөхөж байна бууя гээд вагоноос хамт явж байсан чинь Г өврөөсөө гутал гаргаад ирсэн. Тэгэхээр нь би наадах чинь юун гутал вэ гэсэн чинь эхнэртээ авсан гутал байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд бид манай гэр рүү хамт яваад замаасаа архи хувааж уугаад манайд хоночихоод өглөө эрт гэр рүүгээ явсан. Гийн авч явсан гутал нь саарал бор өнгөтэй годон гутал байсан” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч Э.Ний цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 3/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 52-53/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 49/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Р.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Р.Гийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Нгомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Рийн Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Р.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Р.Гт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.Гийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Р.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Нгомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.Гт урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ