Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0303

 

А.Тгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч А.Т, түүний өмгөөлөгч М.А, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Тгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2003 оноос хойш тасралтгүй 12 жил ажилласан ба 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байтал 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэлтсийн даргын Б/60 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, сайн дурын даатгалын байцаагчаар томилсон. Байгууллагын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Н.Э нь даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн үеэсээ хуучин ажиллаж байсан ажилчдыг хавчин гадуурхаж, шинээр өөрийн танил тал, ах дүү, хамаатан садан, найз нөхрийн хүмүүсийг ажилд авч орон тоо хэтрүүлэн ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж эхэлсэн ба төрийн байгууллагыг хувийн аж ахуйн нэгж шиг удирдаж байгаад нь би илт дургуйцлээ илэрхийлдэг байснаас бидний дунд таарамжгүй харьцаа үүссэн юм. Дээрх шалтгааны улмаас надаас илт өө хайсаар байгаад миний албаны даргын ажлыг өөрчилж, сайн дурын байцаагчаар сольж ажиллуулахаар тушаал гаргасан. Ийнхүү шийдвэрлэсэнд би дургүйцэж түүний ажилдаа хандаж буй арга барилын талаар маргасан боловч урд авч байсан цалин өөрчлөгдөөгүй байсан тул тухайн ажлын байрыг зөвшөөрсөн. 2014 оны 12 дугаар сарын сүүлээс биеийн эрүүл мэндийн байдал тааруу байснаас удаан хугацаагаар эмчилгээтэй, акттай байсан ба ажлын байрыг өөрчилж тушаал гаргаснаас 5 хоногийн дараа Энхтөр дарга намайг дуудаж уулзаад ...чамайг ажиллуулахгүй, чамтай хамтарч ажиллаж чадахгүй, чи өөр дүүрэг рүү шилж, нэг бол чамд ашигтайгаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгье гэж тулгасан. Энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлэхэд ямарч байсан чамайг ажиллуулахгүй хална гэсэн. Ингэж ажлын байрны дарамт үүсгэж өөрийн хууль бус шаардлага үйлдлээ хэрэгжүүлж намайг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа орохоор очтол даргын хадам аав нь нас барж ажил явдалтай байсан тул тухайн өдрүүдэд буюу 2015 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд өөрөө ажилдаа ирээгүй учир уулзаж чадаагүй. Ингээд би 1 дэх өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр ажилдаа орохоор очтол ажилд авахгүй тушаалыг чинь гаргахаар болсон маргааш ирж аваарай гээд гаргасан. Ингээд намайг хууль бусаар, хувийн хонзон, таарамжгүй харьцааны улмаас үндэслэлгүйгээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах тушаал гаргасан. Би удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай үйлдэл гаргаагүй, мөн удаа дараа сахилгын шийтгэл авч байгаагүй, Хэлтсийн даргын Б/60 тоот тушаал гаргаснаас хойш би ямар нэг сахилгын шийтгэл хүлээхээр зөрчил гаргаагүй ба албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан атлаа дахин энэ үндэслэлээр ажлаас халж байгаа нь нэг зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулах гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн байгууллагын дотоод журмын 4.10.5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 1 өдрөөс дээш өдрөөр тасалсан гэж үзэж байгаа нь хууль бусаар хувийн сэдлээр намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байгаагаа Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргахад Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянаад ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул шүүхээр үнэн зөвийг тогтоохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Т нь бусдыг дарамталж, Хийн группийг хоёр удаа хууль бусаар сунгаж, тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон, мөн хууль бус ЭХМК-ийн хоёр актад өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж тамга дарсан зэрэг үйлдэл нь төрийн албанаас халагдах хангалттай үндэслэл болох тул хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн А.Тгийн өвчтэй байсан гэсэн хугацааг тооцоход ажилд орох хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусчээ. Даргын аав нас барсан, ажилдаа ирээгүй байсан гэсэн шалтгаанаар ажилдаа орохгүй ажил тасалж, хэлтсийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.10.5 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа (2 ба түүнээс дээш) албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 1-ээс дээш өдөр тасалсан... гэснийг зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болно. Мөн Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.5 дахь заалтыг зөрчсөн болох нь хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, фэйсбүүкээр байцаагч Я.Бтай холбогдож бичсэн зүйлээс нотлогдож байна гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-60 тушаалаар үүрэгт ажилдаа тэнцэхгүй, ажлын алдаа гаргаж байгаа учраас үйлчилгээний албаны даргын албан тушаалаас бууруулан тухайн үед авч буй цалингийн хэмжээг бууруулахгүй өөр албан тушаалд шилжүүлж, орлого шимтгэлийн байцаагчаар томилсон юм. 2 ба түүнээс дээш удаа гэдэг нь энэ өмнөх тушаалын үндэслэлтэй хамаарна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тгийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 дугаар тушаалын 1 дэх заалтын эхний өгүүлбэрээр А.Тг төрийн албанаас чөлөөлж талуудын хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болж, дараагийн өгүүлбэрээр түүнийг байцаагчийн албан тушаалд томилж эрх зүйн шинэ харилцаа үүсгэжээ. Дээрх тушаалын 3 дахь заалтад А.Тгийн ажлыг хүлээлцүүлэхийг холбогдох хүмүүст даалгасан байна. Гэвч ажлыг нь хүлээлцүүлэх даалгаврыг тухайн захиргааны ажилтнууд гүйцэтгээгүй байна. Иймд хүлээн аваагүй ажил-ыг таслах боломж байхгүй юм. Тухайн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдахдаа А.Тг ажилдаа ирэхээр нь ажлаас халъя гэсэн шийдвэр гаргасныг нэхэмжлэгч тухайн үед нь мэдсэн. Б/60 дугаар тушаалын 3 дахь заалтын дагуу ажлаа хүлээн аваагүй А.Тгийн хувьд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгууллага дээрээ очихдоо ажлаа хүлээн авъя, эсхүл хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ажлаас халсан тушаалаа авъя л гэж очсон. Гэвч эрх бүхий албан тушаалтан болон өөр бусад ажилтан түүнд ямар нэг зүйл огт хэлээгүй ба 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тушаал гардуулан өгсөн. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу зөрчил гаргагчид зөрчлийн талаарх баримттай танилцуулж, эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах заалтыг огт хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ц.Т нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ А.Т тус хэлтэст үйлчилгээний албаны даргаар ажиллаж байхдаа байцаагч Ё.Нг гуйж иргэн н.Хийн хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон актыг хугацаа нь дуусаагүй байхад сунгуулсан, иргэн Ц.Ц, Б.Э нарын комиссын актыг хуурамчаар үйлдэж тамга дарсан, фэйсбүүкээр байцаагч Я.Бтай холбогдохдоо хамт ажилладаг хүмүүсээ доромжилж ёс зүйн зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарлаж, маргаж байна.

Шүүх н.Хийн хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон актыг хугацаа нь дуусаагүй байхад сунгуулсан, фэйсбүүкээр хамт ажилладаг хүмүүсээ доромжилсон гэх зөрчлүүдийн тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ч бусад зөрчлүүдэд нэхэмжлэгч гэм буруутай эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн эмнэлгийн чөлөөтэй байсан хугацаа дуусч ажилдаа орвол зохих 4 дүгээр сарын 16, 17, 20-ний өдрүүдэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан эсэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хэлтсийн дарга ажил дээрээ байгаагүй тул уулзаж чадаагүй, 20-ний өдөр уулзахад ажлаас халсан тушаалаа маргааш аваарай гээд ажил хийлгээгүй гэж, маргаан бүхий актыг гаргасан Н.Э 16, 17-ны өдрүүдэд ажил дээрээ байсан гэж тус тус тайлбарлаж байхад дээрх зөрүүтэй тайлбарын үнэн зөвийг тогтоогоогүй, энэ талаар холбогдох баримтыг цуглуулаагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажилдаа ирсэн боловч эрх бүхий албан тушаалтан түүнд ажлаа хийх боломжийг олгоогүй, ажлаас халж байгаа тухайгаа мэдэгдсэн тохиолдолд А.Тг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10.5-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчилд буруутгах эсэх нь эргэлзээтэй болох тул ажил тасалсан зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн, иргэн Ц.Ц, Б.Э нарын комиссын актыг хуурамчаар үйлдэж тамга дарсан гэх зөрчилд эрүүгийн хэрэг үүсч шалгаж байгаа талаар хэргийн оролцогчид тайлбарлаж байхад эрүүгийн хэрэг ямар шатандаа явж байгаа, уг хэрэгт А.Т сэжигтнээр татагдсан эсэх зэргийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

 

Учир нь хэрэгт авагдсан гэрч Г.Аын Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд хэлсэн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бичгээр гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байх тул хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Тг дээрх зөрчилд гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй байх ба тэрээр уг зөрчилд гэм буруутай эсэх, гэм буруутай бол зөрчил хэзээ гарсан, хэзээ илрүүлсэн зэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх нь маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байна.

 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-т заасан шаардлагатай нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН