Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

 

              

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Э-,

хохирогч Б.Тодбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б.Э-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905007790271 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Автомашин засварын газарт засварчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... аймгийн ... сум 6 дугаар баг ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо нийтийн байрны .. тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.Э-

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тодбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа Б.Тодбаярын биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тодбаяр мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой ахтайгаа Fire баар руу ороход Энхтөр хоёр найзтайгаа сууж байсан. Намайг 00 ороод байж байтал манай дүү Алтанхуяг ирээд Энхтөрийг Алтансүх ах руу агсраад байна гэж хэлсэн. Тэгээд би Энхтөртэй маргалдсан ба намайг баарнаас гараад тамхи татаж байтал Энхтөр гарч ирээд намайг мөргөсөн. Алтанхуяг, Энхтөр нар хоорондоо зодолдоод манай ах тэднийг салгасан. Миний шанаа цөмөрч, нүдний ухархайн яс цөмөрсөн. Шанаагаа татуулсан ба нүдний хагалгаанд ороход 1.300.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би нүдний хагалгааны 1.300.000 төгрөгийн нэхэмжилж байна” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Гэрч Э.Алтанхуягийн “... би баарны баруун тал руу гүйгээд очиход Тодбаяр ах нүүрээ дараад доошоо суучихсан Энхтөр гэх залуу хоёр найзтайгаа тойроод зогсож байхад би Энхтөр гэх ахтай барьцалдаад ноцолдож байхад ах Тодбаяр боль гээд салгасан чинь ах Алтансүх ирээд Энхтөр гэх ахыг зодох гээд дайрсан чинь Энхтөр гэх ах халааснаасаа урт отверка гаргаж ирэхэд ах Алтансүх гарыг нь бариад би отверкыг нь салгаж аваад хаясан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

         

          Хохирогч Б.Тодбаярын “... дүү Алтанхуяг бие засах өрөөнд орж ирээд нөгөө найз чинь Сүхээ ах руу агсараад байна гэж хэлэхээр нь би сууж байсан ширээн дээр очоод Энхтөрд чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд та нар ингэдэг болчихсон юмуу гээд намайг  гарах уу гэхээр нь би хамт баарнаас гараад Fire баарны ард талд байрны орцны үүдэнд очоод би тамхи асаагаад зогсож байх үед Энхтөр чи ингэж ярьдаг байсан юм уу гээд намайг заамдахаар нь би бас заамдалцаад барихаар нь миний нүүр лүү шууд мөргөсөн. Би доошоо тонгойгоод сууж байсан чинь дүү Алтанхуяг гарч ирээд ах яаж байгаа юм бэ гээд Энхтөртэй заамдалцаад зодолдоод дүү Алтанхуяг доор нь орчихсон дээр нь Энхтөр байхаар нь би босоод тэр хоёрыг салгаад босгосон чинь Энхтөр босож ирээд отверка гаргаж ирээд ална шүү гээд хойшоо ухарахад ах Алтансүх дайраад тэр хоёр барилцаад хоорондоо зодолдоод отверканы гараас нь ах Алтансүх цохиод унагаагаад цохилцоод байхаар нь Энхтөрийн хоёр найз тэр хоёрыг салгаад би ах Алтансүхийг дүү бид хоёр салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн 2035 дугаартай эмнэлэгийн шинжилгээ:

          “1.Б.Тодбаярын биед зүүн хацар духны заадас, зүүн хацар яс цөмөрсөн, зүүн хацар ясны-зүүн их далавч нийлэх заадас хэсгийн зөрүүтэй, зүүн нүдний ухархайн доод хана,хамрын зүүн хажуу хана, хоншоор ясны хугарлууд, хамрын таславчний мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт хамаарна.

          5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Б.Э-ийн яллагдагчаар өгсөн “ ... Энэ гэмтлийг Тодбаярын биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Тодбаярын зүүн талын нүд, нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Мөргөснөөс болж гэмтэл учирсан байх. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Тодбаяраас уучлал гуйна” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тодбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа Б.Тодбаярын биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Тодбаяр нь өөрийн эмчилгээний зардалд нийт 1.300.000 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэгт хохирлын талаар 70.000 төгрөгийн, 90.000 төгрөгийн 2 ширхэг баримт авагдсан бөгөөд уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй бөгөөд харин нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байгаа тул гаргуулах боломжгүй байна.

Гэхдээ хохирогч  Б.Тодбаяр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-өөс нийт 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 дугаар гудамжны 1198 тоотод оршин суух Борлууд овогт Батболдын Тодбаярт /РД:ТЯ97071134/ олгосугай.

 

7. Хохирогч Б.Тодбаяр гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ