Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1527

 

 

2018           11              12                                                  2018/ШЦТ/1527

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгий н хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

 

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

шүүгдэгч Ж.Б, Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.Б, Д.Т нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706017960010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24 дүгээр гудамжны 607 тоотод оршин суух иргэн М.Жгийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Жгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

 

Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрийн түлхүүр дүү аваад явчихсан байсан учир цонхоороо орж ирээд унтсан. Орж ирээд харахад зурагт байхгүй болохоор би дүүгээ аваад явсан юм байх гэж бодсон. Маргааш өглөө ажил дээрээ очоод дүү рүүгээ ярьсан чинь би авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгэхээр нь би хажуу айлын залууг хулгай хийсэн гэж бодож байна. 42-инчийн "Самсунг" маркын хар өнгийн зурагт байсан. 2012 онд "БСБ"-гээс 700.000 төгргөөр авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлнэ. Ямар нэгэн эвдрэл, гэмтэл содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Залгуур нь тасраад шонг нь сольж байсан гэх мэдүүлэг /хх-н 17/

 

Гэрч Э.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

 

...гэрээсээ юмаа алдсан Ж бид хоёр Төмөр замын тэнд "Мөнх хаан" зочид буудлын Энэтхэг ресторанд хамт ажилладаг юм. Тэгээд би Жгаас гуйгаад Жгийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-607 тоот хашаанд нь 09 дүгээр сарын эхээр бууж амьдарч байна. Тухайн өдөр буюу 09 дүгээр сарын 08-ны өдөр Жгийн гэрт хулгай орж зурагт алга болсон байна гэж Ж надад ажил дээр уулзахдаа хэлсэн. Маргааш шөнө нь манай нөхөр Б гэртээ ирэхдээ надад "би Жавхаагийн байшингийн цонхоор ороод зурагтыг хулгайлаад авчихсан юм. Сансарт ломбарданд тавьчихсан байгаа би өөрөө авч өгнө гэж хэлсэн. Маргааш нь нөгөө хамт хулгай хийсэн хоёр залуугаа хайна гэж гараад одоог хүртэл утас нь холбогдохгүй, холбоо барихгүй алга болчихоод байна гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн БЗ2-96 дугаартай: Самсунг брендийн 42 инчийн ЛСД зурагт 2017 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар 180.000 төгрөгийн үнэтэй байна гэх дүгнэлтйн тайлан /хх-ийн 33-34/

 

  • хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-10/

 

  • хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 67-68/

 

Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

 

Нэлээд согтсон байсан. Цайз дээр Т ахтай 2 шил архи уучихаад Цайз ороод хамт бас нэг шил архи уусан. Хамт манай гэрт очно гэж хэлээд дагуулаад би явсан. Тэгээд Жгийн гэрт очоод би эхэлж цонхоор нь ороод дотроос нь хаалгыг нь нээж Тыг оруулаад хамт зурагтыг нь авч гарсан. Манайх Жгийн гэрээс цонхоор тогны утас оруулж тог авсан байсан. Тэгээд цонх нь онгорхой байсан. 250.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Согтуу байсан учраас аль ломбард вэ гэдгийг санахгүй байна. Хохиролыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 87/

 

Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:

 

...тухайн өдөр би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны зүүн талын замын зүүн талд байх "ХААН" банкны гадаа ганцаараа хүнтэй уулзах гээд зогсож байтал Б тааралдаад манай зурагтыг ломбарданд тавьчихъя, хамт явъя гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа такси бариад Дарь-Эх рүү яваад тэндээ нэг хашаа руу ороод хашаанд байх байшингийн цонхыг Б гаднаас түлхэж онгойлгоод дотогшоо орсон. Тэгээд дотроосоо хаалгаа тайлаад намайг дотогш оруулсан. Тэгээд зурагтаа тогноос нь салгаад надад бариулан "та аваад гарч бай" гэсэн. Тэгээд би гараад Б ардаас гарч ирэн бид хоёр хамтдаа такси бариад Сансар орсон. Тэнд нэг ломбарданд зурагтыг Б өөрөө барьцаанд тавьсан. Тэгээд бид хоёр буцаж Цайз-16 руу ирээд дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уугаад Цайзын урд талын гуанзанд хамт хоол идээд салсан. Мөнгө нь Бт үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 81/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Түвшинжараглын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 16-р хорооны тодорхойлолт /хх-ийн 60-63/, шүүгдэгч Ж.Бын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-66/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Д.Т нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

 

  1. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Т нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар,

 

хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ бүлэглэж гэмт хэрэг үйлдэснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд, хохирол бүрэн барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдууллаа.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос хохирогч М.Жгийн гэрээс 42 инчийн телевизор хулгайлж, шүүгдэгч Ж.Б нь 200.000 төгрөг, шүүгдэгч Д.Т нь 150.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн, хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б нь 34 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Ө овогт Жийн Б, О овогт Дгийн Т нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Т нарт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Т нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын цагдан хоригдсон гучин дөрөв хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.
 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ