Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Т ,

хохирогч Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.Т т холбогдох эрүүгийн 1711001980010 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Э.Т , 1974 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56-862 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56-862 тоотод орших гэртээ хамтран амьдрагч Г.М тай хардалтаас үүдэн маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, согтуудаа эхнэрийгээ хардаад нүүрэнд нь нэг удаа цохисон. Дахин ийм хэрэг хийхгүй…” гэв.

Хохирогч Г.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Э.Т ийн ах нь 20.000 төгрөг баяраар хэрэглээрэй гээд үлдээсэн. Тэгээд нэг шил архи аваад хоол хийж идээд, архиа ууж байгаад намайг хардаад цохисон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Г.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Э.Т ийн ах Э.Төрмөнх хөдөөд явахдаа хэрэглээрэй гээд мөнгө өгсөн. Э.Т  бид хоёр баяр болох гэж байгаа юм чинь гээд баярын хүнс цуглуулаад баяраар хэрэглэнэ гээд дэлгүүрээс 0.5 литрийн хараа нэртэй архи болон 2 литрийн савалгаатай боргио нэртэй пиво нэг савыг аваад гэртэй очоод хоол идээд сууж байхдаа баяр болох гэж байгаа юм чинь гээд Э.Т  бид хоёр дэлгүүрээс авсан нэг шил хараа нэртэй архиа хувааж уугаад дуусаад 2 литрийн том пивоноос нэг нэг аягыг уугаад байж байсан чинь миний утас дуугараад би авахгүй байсан юм. Тэгээд надаас хэн гэж асуухад нь би ах залгаж байна гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд бид хоорондоо маргалдаж байгаад Э.Т  миний нүүрэн тус газарт болон толгой руу гараараа цохиод гэмтээсэн. Тэгээд бас миний баруун гараас хүчтэй татаад зөөлөн эдийн гэмтэл учирсан...” гэжээ /хх-7-8/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 8914 дүгээр дүгнэлтэд

“1. Г.М ын биед тархи доргилт хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд доод мөчдөд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-16/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27-28/, хохирогч Г.М ын гаргасан “Г.М  миний бие гомдол санал байхгүй” /хх-31/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56-862 тоотод орших гэртээ хамтран амьдрагч Г.М тай хардалтаас үүдэн маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Э.Т т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Т  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН