| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 102/2017/00847/И/Т |
| Дугаар | 101/ШШ2017/03352 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/03352
2017 оны 10 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2017/03352 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Горкийн 0 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Х овогт Гын Дын /**********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Таривлан хотхон, 0 байр, 0 тоотод оршин суух, 28 настай, эрэгтэй, Ч овогт Нгийн Бид /**************/ холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Д миний бие Н.Бтой 2009 онд танилцаж, 8 жил хамтран амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй болно. Хамтын амьдарлын хугацаанд хүү Б овогтой Ч нь 2012 онд төрсөн.
Хамтран амьдралын хугацаанд байнгын сэтгэл санааны дарамт үзүүлэн, айлган сүрдүүлж, архи уун удаа дараа зодох болсон нь цаашид хамтран амьдрах боломжгүй байдалд хүргэсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Гэр орондоо дарамталдаг байсан нь даамжирч ажлын байран дээр ирэн дарамт үзүүлэх болсон.
Иймд хүү Б.Чийг өөрийн асрамжинд аван хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлттэй гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр хариу тайлбартаа:
Н.Б миний бие Г.Дтай 2009 онд танилцан 8 жил хамтран амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтын амьдралын хугацаанд Б овогтой Ч нь 2012 онд төрсөн нь үнэн болно.
Миний бие Н.Б нь хамтран амьдралын хугацаанд байнга сэтгэл санааны дарамт үзүүлэн айлган сүрдүүлж, архи уухаараа удаа дараа зоддог гэсэн мэдүүлэг нь худал болно.
Г.Д нь хүүхдээ авах гэж над руу удаа дараа холбогдсон гэдэг нь худал юм. Хүү ээжийгээ санаад байхаар нь ээж рүү нь удаа дараа холбогдсон боловч надад хариу өгөөгүй. Нэхэмжилж байгаа Г.Ж гэдэг хүнээр дамжуулж уулзаад хүүгээ өгсөн. Авангуутаа хөдөө хүүгээ хүргээд өгчихсөн байсан. Одоо Г.Д хүүхэдтэйгээ нэг ч яриагүй. Хүүтэйгээ би олон удаа ярьсан. Хү маань аавыгаа санаад байна, намайг хэзээ ирж авах вэ гэж байнга асууж байгаа тул Г.Д хүүхдийг маань сэтгэл санаа, эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд эрүүл бие хүн төлөвшүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Иймд миний бие үр хүүхдээ өнчрүүлэх хүсэлгүй байгаа тул Г.Дтай эргэн нийлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Н.Бид холбогдуулан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эргэн амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Нэхэмжлэгч тус шаардлагын зэрэгцээгээр Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, Таривлан хотхон, ** байрны ** тоот урьдчилгаа төлбөр болох 30% буюу 19 500 000 төгрөгийг төлөн уг байранд хамтран амьдарсан бөгөөд урьдчилгаанд төлсөн төлбөрөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус шаардлагаар хэргийг тусгаарласан байгааг дурдах нь зүйтэй.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хүүхдийг эхийн асрамжинд үлдээх шаардлагын хувьд,
Зохигчид 2009 онд танилцан хамтран амьдрах хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Бийн Ч төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний ********** тоот гэрчилгээний хуулбар /х.х-ийн 4 дэх талд/ зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч захиргааны журмаар эцэг тогтоон хүүхдийг эцэг Н.Боор овоглосон /х.х-ийн 4 дэх талд/ байна.
Зохигчид тусдаа амьдарснаас хойш хүү Б.Ч нь эцэг, эхийн хэн алины асрамжинд амьдарч байсан талаар зохигчид тайлбарлах бөгөөд хүүхэд тус хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар эхийн асрамжинд амьдарч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар “...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байна.
Хариуцагч энэ шаардлагын хүрээнд маргаж байх бөгөөд үндэслэл нь тусдаа амьдрах хүсэлгүй, хамтдаа амьдрах хүсэлтэй байгаа гэж тайлбарлажээ.
Шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/04601 дугаар бүхий захирамжаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эцэг эхийн хэн алины нөхцөл байдалд тэнцвэртэй дүгнэлт хийгээгүйгээс эцсийн тодорхой дүгнэлтэд хүрээгүй талаар дурджээ.
Нэхэмжлэгч хүүхдийг өөрийн асрамжинд үлдээх талаар тайлбартаа эцэг Н.Б нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргадаг байсан гэх боловч энэ талаар хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, хэн аль нь тайлбараа нотлохоор нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар ажил эрхлэх боломж, боловсролын талаарх холбогдох баримтаа шүүхэд гаргасан байсан. Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй хамтран амьдрах хүсэлтэй гэх боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй зохигчдын хувьд эвлэрүүлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, эвлэрэх талаар талууд харилцан тохиролцоонд хүрээгүй байх тул хариуцагчийн татгалзлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч хүүхдийг өөрийн асрамжинд үлдээх талаар сөрөг шаардлага гаргаагүй, эхийн асрамжинд үлдээснээс илүүтэйгээр хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Хэдийгээр эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэх хуулийн урьдчилсан нөхцөлийн хувьд эцэг, эхийн хэн алиныг илүү гэж дүгнэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй ч харгалзвал зохих нэг үндэслэл болох “хүүхдийн нас”-ны хувьд эхийн асрамжинд үлдээх нь хүүхдийн эрхийг илүүтэйгээр хангана гэж үзэв.
Ийнхүү дурдсан үндэслэлээр хүү Б.Чийг эхийн асрамжинд үлдээн шийдвэрлэх нь хуульд зааснаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд харгалзах хүчин зүйлсэд харшлахгүй, хүүхдийн ашиг сонирхолд нийцэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг ханган шийдвэрлэв.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт тусгайлан тайлбар өгөөгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Н.Боор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Тус шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон хэргийн оролцогчдод мэдэгдсэн байна. Хариуцагч талд хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Бийн Чийг эх Г.Дын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Бийн Чд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Боор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан нэхэмжлэгчээс хүүхдийн асрамж шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.Боос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож, 31 248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН