| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00366/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 365
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах ХААН банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Шандын 4-6 тоотод оршин суух Додоод овогт Өлзийсайханы Төрмөнх /ЗЙ88100477/, Олгонууд овогт Нармандахын Дашнанжид /ЗМ87060201/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, лавлагааны хураамж 12536665,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Н.Дашнанжид, Ө.Төрмөнх нар нь ХААН банкны Дундговь тооцооны төвөөс 2016 оны 02 сарын 02-ны өдөр №ЗГ16/218 тоот зээлийн гэрээ байгуулан 14500000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. ...Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 үгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3381455,69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2497990,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7770,31 төгрөг, нийт 5887216,48 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /231 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээл 11118544,31 төгрөг, зээлийн хүү 1351040,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52881,17 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4200 төгрөг, лавлагааны хураамж 10000 төгрөг, нийт 12536665,71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Төрмөнх, Н.Дашнанжид нар шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банкны Дундговь салбараас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 12522465,71 төгрөг, нотариатын хураамж 4200 төгрөг, лавлагааны хураамж 10000 төгрөг, нийт 12536665,71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХААН банкны нэхэмжлэлтэй иргэн Н.Дашнанжид, Ө.Төрмөнх нараас 12536665 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ХААН банкны зүгээс тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмэлт шаардлага байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, лавлагааны хураамж 12536665,71 /арван хоёр сая таван зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран таван төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Төрмөнх, Н.Дашнанжид нар нь ХААН банкны Дундговь салбараас нэхэмжилсэн 12536665,71 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч талууд тайлбараа бичгээр гарган шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтооа ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215537 төгрөгийн тал хувь болох 107768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 107768 төгрөг, хариуцагч нараас 107768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ХААН банкны Дундговь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, лавлагааны хураамж 12536665,71 /арван хоёр сая таван зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран таван төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Додоод овогт Өлзийсайханы Төрмөнх, Олгонууд овогт Нармандахын Дашнанжид нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215537 төгрөгөөс 107768 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 107768 төгрөгийг, хариуцагчаас 107768 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ