Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

                                                           

 

 

 

 

 

2021           01          13                                   2021/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч С.Солонго,

Өсвөр насны шүүгдэгч Н.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунханд, өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонго Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-т холбогдох эрүүгийн 2011 0125 41036 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их бүрд” зочид буудалд хохирогч Я.Доржрагчаагийн Самсунг эс-6 маркийн гар утас, Голомт банкны 120513892 дугаартай данснаас 1.810.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнийн 03:00 цаг өнгөрч байхад манай найз н.Тэнүүнсайхан над руу утасдаж, “Баянбүрдэд зодоон болж байна. Хүрээд ир” гэж дуудсан. Би түүнийг зочид буудалд байна гэж мэдээгүй. Намайг Баянбүрд дээр очиход Тэнүүнсайхан зочид буудлаас гарч ирж, намайг буудал руу дагуулж орсон ба хүмүүстэй танилцуулсан. Гэтэл Я.Доржрагчаа буйдан дээр тасарчихсан согтуу унтаж байсан. Я.Доржрагчаагийн найз түүнийг орон дээр өргөж хэвтүүлэхэд түүний халааснаас гар утас нь унаж, буйдан дээр үлдсэн тул би гар утсыг авч, буудлаас гарсан юм. Тэгээд гэртээ харьж унтсан. Маргааш нь би гар утасны кодыг тайлсан ба гар утасны кэйсний ар хэсэгт Мобиком болон Юнителийн хоёр ширхэг сим байсан. Би гар утас дээрх Голомт банкны и-мэйл рүү ороход Мобикомын дугаар бүртгэлтэй байсан тул тухайн гар утсанд Мобикомын симийг хийж, Голомт банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг сольсон” гэв.

Өсвөр насны ш¿¿ãäýã÷ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн шөнө Н.Хг гэрээсээ гарч явсныг мэдээгүй. Маргааш өглөө нь гэртээ унтаж байсан. Гэтэл 2-3 хоногийн дараа мөрдөн байцаагч над руу Н.Х хэрэгт холбогдсон байна гэж утасдсан. Түүний дараа Я.Доржравжаа над руу утасдсан. Би тэр үед л мэдэж “Яаж байгаа юм бэ. Энэ тухайгаа шууд хэлэхгүй яасан юм бэ” гэхэд Н.Х “Би мөнгийг нь өгчихнө. Хэргээ хүлээнэ” гэж хэлж байсан. Н.Х нь нөхөр бид хоёр дээр өссөн, цайлган цагаан сэтгэлтэй хүүхэд юм. Бидний хараа хяналтгүйгээс ийм хэрэгт холбогдсон байна. Хүүхдэдээ анхаарал халамж, хараа хяналт тавиагүйгээс Н.Х ийм хэрэг хийсэнд гэмшиж байна. Миний хүүд хорих ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Үүнд: Хохирогч Я.Доржрагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19-р хуудас/, гэрч С.Төмөрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24- 25-р хуудас/, гэрч Т.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/, Голомт банк дахь төгрөгийн 1205137892 дугаартай Я.Доржрагчаагийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Хаан банк дахь төгрөгийн 5926156199 тоот Т.Ган-Эрдэнийн дансны хуулга /хавтаст хэргийн 48-50-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-р хуудас/, өсвөр насны яллагдагчаар мэдүүлсэн Н.Хгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44-р хуудас/, Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-35-р хуудас/, хохирогч Я.Доржрагчаагийн хүсэлт /хавтаст хэргийн 86-87-р хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 76-р хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52-р хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 53-75, 77-78-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, өсвөр насны шүүгдэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна. 

Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их бүрд” зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогч Я.Доржрагчаагийн Самсунг эс-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар уг гар утсыг ашиглан хохирогч Я.Доржрагчаагийн Голомт банкны 120513892 дугаартай данснаас 1.810.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Я.Доржрагчаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед Төмөр надад хандан “Мань чинь найз охинтойнгоо уулзах гэж байна, цуг явчихаад ирье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд найз Төмөртэй цуг Ганзоригийн гэрээс гараад Өргөө кинотеатрын ард талд Төмөрийн найз охин болох Учрал болон түүний найзуудтай цуг уулзацгаасан юм. Тухайн үед Учралтай цуг Учралын найз Ариунаа, Амина танихгүй хоёр залуутай цуг байсан. Тэгээд бид нар хамтдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн ард талд байрлалтай “Их бүрд” гэх нэртэй зочид буудлын 2 дугаар давхарт орцгоосон бөгөөд бид нар өөд өөдөөсөө харсан хоёр өрөө авсан. Ингээд тухайн үед буудлын нэг өрөөнд нь орж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгтэл бид нарын араас Учралтай хамт явж байсан танихгүй хоёр залуугийн найз нь болох Н.Х гээд залуу манай өрөө рүү орж ирсэн ба тэдгээр залуучууд Н.Хг танилцуулахдаа “..Манай найз машин барих гэж ирсэн юм” гэж хэлж байсан. Тэрний дараа би дэлгүүрээс авсан архи, пивоо ууж сууж байгаад тухайн өрөөнд байсан сандал дээр суугаагаараа унтчихсан байсан. Тэгээд намайг нэг сэрэхэд өрөөнд Төмөр, Амина, Учралын найз болох хоёр залуу байсан ба тухайн үед өөрийнхөө гар утсаараа ярих гээд үзтэл гар утас маань алга болчихсон байсан. Тэгэхээр нь найз Төмөрт хандан “манийн чинь гар утас олдохгүй байна наагуураа хайгаад үздээ” гэж хэлэхэд гар утас буудлын өрөөнд байхгүй байсан. Тэгэхээр нь за яахав олдчих байлгүйдээ гэж бодоод буцаад унтаад өгсөн юм. ингээд намайг унтаж байхад дахиад сэрэхэд тухайн буудлын өрөөнд Амина бид хоёроос өөр хүн байгаагүй ...өрөөгөөр бид хоёр мөн цугтаа хайхад байхгүй байсан ба бид хоёр тухайн буудлаас хамтдаа гарсан. Би тухайн үед буудлаас гараад Аминагийн найз Ариунаа дээр очиж уулзаад болсон асуудлын талаар ярьж учир байдлыг тайлбарлаад өөрийнхөө гар утасыг асуухад Ариунаа “..Гар утсыг чинь ерөөсөө хараагүй” гэж надад хэлэхээр нь олдохгүй юм байна гэж бодоод орхичихсон байсан юм. ингээд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр юу ч гэсэн алга болсон гар утсан дээр ашиглаж байсан Голомт банкны 1205137892 дугаарын данстай холбогдсон интернет банк үйлчилгээний мэдээллээ шалгаад үзье гэж бодоод Голомт банкны салбар дээрээс шүүлгэж үзэхэд миний ашигладаг дээрхи данснаас интернет банк үйлчилгээг маань ашиглан Хаан банкны 5926156199 дугаарын данс руу 1.810.000 төгрөгийг шилжүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг, Гэрч С.Төмөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг өрөөнд нь бөөнөөрөө сууцгаагаад 0.75 литрийн агууламжтай “Eden” гэх нэртэй архи уугаад сууж байхад гаднаас Н.Х гээд нэртэй нүүрэн дээрээ шивээстэй нэг залуу орж ирсэн. Тухайн залуу бид нартай явж байсан танихгүй 2 залуугийн найз нь юм шиг байсан. Ингээд бид нар юм ярьж сууцгаагаад байж байхад Н.Х гэж өөрийгөө танилцуулсан залуу болон тэдний 2 найз нь гараад явчихсан. Тэгээд намайг буудлын өрөөнд сууж байтал Доржоо сандал дээр унтаж байгаад сэрснээ надад хандан “...маний чинь гар утас алга болчихлоо” гэж хэлэхээр нь бид нар тухайн өрөөнд гар утсыг нь хайсан ба олдоогүй” гэх мэдүүлэг, Гэрч Т.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дансны хуулгыг үзлээ. Тухайн өдөр миний бие Монгол Ардын намын сонгуулийн сурталчилгаанд яваад Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо байрлах орон сууцны үүдэнд өдөр 13 цагийн орчим сууж байтал нэг шивээстэй залуу ирээд “түр картаа хэрэглүүлээч” гээд гуйгаад байхаар нь би эхэндээ эргэлзэж байгаад яах аргаггүй карт маань ил харагдахааар нь халаасанд маань байсан учраас шууд картаа ашиглуулсан. Тэрхүү залуу миний картаар мөнгө шилжүүлж авахыг гуйгаад миний бие түүнд дансаа өгөөд харин би картаа авч АТМ-ээс мөнгийг нь гаргаж өгсөн. Тэгээд тэрхүү залуу надад баярлалаа гэж хэлээд дансанд маань 10.000 төгрөг үлдээгээд яваад өгсөн. Тэрхүү залууг гаднаас нь хараад андашгүй, хүзүүн дээрээ шивээстэй өндөр залуу байсан” гэх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Голомт банк дахь төгрөгийн 1205137892 тоот Я.Доржрагчаагийн данснаас 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.810.000 төгрөгийн зарлага гарсан баримт, Хаан банк дахь төгрөгийн 5926156199 тоот Т.Ган-Эрдэнийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.810.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, 1.800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна. Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 03:00 цагийн үед гэртээ унатж байхад танил Тэнүүнсайхан над руу залгаад машин шүргэчихлээ Баянбүрд дээр байна, хүрээд ир гэхээр нь гэрээсээ гараад Баянбүрдийн тойрог дээр таксидаад очиход Тэнүүнсайханы машин зүгээр байсан. Тэгээд машинаа тавьчихаад Баянбүрдийн тойргийн хажууд байрлах “Их бүрд” зочид буудлын 2 дугаар давхарт өрөөнд ороход танихгүй 3 эмэгтэй, 3 эрэгтэй 750 граммын архи, 2-3 том пиво уугаад сууж байсан.  ...хохирогч гэх Доржрагчаа буйдан дээр сууж байгаад унтчихсан. Түүнийг найз нь өргөөд орон дээр хэвтүүлсэн. Тэгэхээр нь Доржрагчаагийн сууж байсан сандал дээр суухад хар хүрэн өнгийн кейстэй, Самсунг эс-6 маркийн гар утас байхаар нь нууцаар хэнд ч хэлэлгүй кармаандаа хийгээд буудлаас гараад гэрлүүгээ харьсан. Гэртээ унтаж байгаад өдөр 12 цаг өнгөрөхөд сэрээд өмдний халаасан байсан гар утсыг асааж үзэхэд ямар ч кодгүй, хэвийн ажиллагаатай утас байсан. Тэгээд утсан доторхыг нь үзэж байтал Голомт банкны интернет банк байсан ба дээд хэсэгт нь мобикомын гар утасны дугаар бичээстэй байсан. Тэгээд  гар утасны кейсийг нь автал Мобикомын 2 ширхэг сим унаад ирсэн. Тэгэхээр нь гар утсанд нь нөгөө 2 симээ хийтэл Голомт банкнаас та нууц үгээ солиход бэлэн үү гэсэн мессеж ирэхээр кодыг нь солиод нэвтэрч ороод шалгахад Голомт банкны нэг харилцагчтай гурван данс байсан. ... энгийн харилцах 1.830.000 төгрөгтэй данс байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад 100 айлын “Ардын эрх”-ийн хажууд 3 дугаар сургууль руу явж байхад нэг сааданд үл таних залуу сууж байхаар нь данс руу чинь мөнгө хийе, аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд тэр залуугийн Хаан банкны данс руу 1.810.000 төгрөгийг шилжүүлээд тэр залуугаар АТМ-ээс  мөнгө авхуулсан. Би өөрөө 1.800.000 төгрөг, нөгөө залууд аваарай гээд дансанд нь 10.000 төгрөг үлдээсэн” гэх мэдүүлэг,  Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд Samsung S6 загварын гар утсыг 170.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Х болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, өсвөр насны шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Я.Доржрагчаад 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Samsung S6 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан, мөн хохирогч нь “...миний бие Н.Хгээс 1.810.000 төгрөгийг буцаан авсан. Гомдол саналгүй”, “...алдагдсан гар утас болон данснаас алдсан 1.810.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй” гэх хүсэлтүүдийг гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тус тус харгалзан үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/1566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хд оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их бүрд” зочид буудлын өрөөнөөс хохирогч Я.Доржрагчаагийн гар утас, данснаас нь бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Тодруулбал өсвөр насны шүүгдэгч Н.Х нь хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон боловч Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/1566 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Хг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Хд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх шаардлагад нийцүүлэн, өсвөр насны шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялын хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Хд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас албан ёсоор суралцаж буй сургууль, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан өсвөр насны хүний эрхэлж болох хуульд заасан ажил, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажлын газар руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихийг хязгаарлаж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/1566 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Хд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Н.Хд сануулж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 18.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 18.7 дугаар зүйл, мөн хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Н.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Х-д 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүдэгч Н.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Х нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас албан ёсоор суралцаж буй сургууль, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан өсвөр насны хүний эрхэлж болох хуульд заасан ажил, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажлын газар луу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихийг хязгаарлаж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/1566 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Хд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Өсвөр насны шүүгдэгч Н.Х нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж өсвөр насны шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ГАЛБАДАР