| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2019/0687/З |
| Дугаар | 128/ШШ2019/0553 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2019/0553
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Л төв” НҮТББ
Хариуцагч: СДЗД.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/2019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, СДЗДд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбайгаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай хүртэлх гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай “Л төв” НҮТББ-ын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19/38 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...“Л төв” ТББ нь жил бүрийн 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт “Тэгш эрх, бахархлын өдрүүдийг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Тэгш эрхийн төлөө” алхалтыг зохион байгуулах мэдэгдлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 19/36 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэлд “Танай үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн хугацаа, байршилд Нийслэлийн засаг даргад хандан зохих ёсоор бүртгэгдсэн арга хэмжээ давхцаж байгаа тул бүртгэж авах боломжгүй мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс аливаа нэг үйл ажиллагаатай давхцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулахын тулд 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 19/38 тоот мэдэгдлийг хүргүүлэхдээ жагсаал хийх мэдэгдэл хийгээд чиглэлийг шинэчилж хүргүүлсэн. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/2019 тоот албан бичгээр хариу өгөхдөө “Та бүхний жагсаал, цуглаан зохион байгуулах чиглэлд байх гудамж, талбай нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, талбайн жагсаалтад бүртгэгдээгүй тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад тусгагдсан дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй, мөн таны мэдэгдэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байх тул бүртгэж авах боломжгүйг мэдэгдэж байна” хэмээн дахин татгалзсан хариуг өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан байдаг нь ... Монгол улсын иргэн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн цөөнх буюу ЛГБТИ хүн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л төв” ТББ-аас 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 19/36 дугаар албан бичигтээ тайван жагсаал цуглаан хийх мэдэгдэл хүргүүлсэн. Судалж үзэхэд Нийслэлийн Засаг даргаас уг байршил, цагт бүртгэлтэй жагсаал цуглаан байсан тул 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1987 дугаар албан бичгээр бүртгэж авахаас татгалзсан. Тус байгууллагаас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19/38 дугаар албан бичгээр дахин жагсаал цуглаан хийхээр албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийг судалж үзэхэд Хүүхдийн урлан бүтээх төвийн талбай нь нийтийн эзэмшлийн зам талбай биш бөгөөд Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшлийн газар учир Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тусгасан дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд тусгасан шаардлагыг хангахгүй байсан” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/2019 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах мөн СДЗДд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбайгаас Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай хүртэлх гудамж, талбайд жагсаал цуглаан хийх тухай “Л төв” ТББ-ын 2019 оны 08 дутаар сарын 14-ний өдрийн 19/38 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах тус тус нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажпын 3 өдрийн дотор шүүхэд гаргана”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан хэлбэрт нийцүүлэхгүйгээр актыг гаргасан. Нийслэлийн гудамж талбайн бүртгэх журмын талаар тодорхойлон заагаагүй байдаг. Хариуцагчийн оруулж ирсэн иргэн н.Уранбилэгийн нэр дээр эзэмшил байдаг тухай хүлээн зөвшөөрсөн. Сүхбаатар дүүрэг ямар нэгэн байдлаар хориг тавих биш нээлттэй ханддаг талаар ойлгож байна. 1998 оны 31 дүгээр журмын тогтоолын дагуу гэж тавьсан бол бидэнд маргалдах шаардлага байхгүй. Анхнаасаа гарсан захиргааны акт хүчин төгөлдөр байх ёстой гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтийн эзэмшлийн газар гэдгийг нотлох ёстой. Өмнөх шүүх хуралдаанд н.Уранбилэгийн нэр дээр тухайн Урлан бүтээх төвийн урд талбай бүртгэлтэй талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн. Тус журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 31 дүгээр тогтоолоор баталсан нийслэлийн гудамж талбайд спорт, урлаг уран сайхан, баяр ёслолын болон тэдгээртэй адилтгах арга хэмжээг зохион байгуулах тухай журам байдаг. Бидэнд ном хэлбэрээр ирсэн. Номонд хуулбар үнэн даруулах болон нотлох баримтын шаардлага хангуулан ирэх боломжгүй байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай асуудал нь 1998 оны 31 дүгээр журмаар зохицуулагдсан. Хувийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа зохион байгуулах байдлаар хүсэлт гаргасан учраас бид хүлээн авах боломжгүй байсан. Зөвшилцөх тухайд манайд хүсэлт ирснээс хойш 3 хоногийн дотор шийдвэрлэдэг. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Манайх актаа гаргахдаа Нийслэлийн гудамж талбайд спорт урлаг, уран сайхан, баяр ёслол болон тэдгээр арга хэмжээг зохион байгуулах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын журмын дагуу тавьсан байдаг. Он сар бол хэлбэрийн төдий зүйл юм. Огт дурдаагүй зүйл бол биш. Нийтээр олж авах боломжтой асуудал юм” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “Л төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.М Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/2019 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэгчийн жагсаал хийх тухай 19/38 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Л төв” НҮТББ-аас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тэгш эрхийн төлөө тайван жагсаал хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/2019 дугаар албан бичиг хууль бус гэж, хариуцагч тус төрийн бус байгууллагын жагсаал хийх чиглэл гудамж талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журмын дагуу батлагдсан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн жагсаалтад бүртгэгдээгүй тул бүртгэх боломжгүй гэж тус тус маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
“Л төв” НҮТББ-аас бэлгийн цөөнх болох хүмүүсийн эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа хэрэгжүүлж жил бүрийн 08 дугаар сарын сүүлийн 7 хоногт болдог “Тэгш эрх, бахархлын өдөр”-үүдийг тэмдэглэх хүрээнд “Тэгш эрхийн төлөө” жагсаал зохион байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч СДЗДас тус мэдэгдлийг бүртгээгүй хариу хүргүүлсэн 1/2019 дугаар албан бичиг уг харилцааг зохицуулсан хууль. журамтай нийцээгүй хууль бус болжээ.
Хариуцагч СДЗД тус төрийн бус байгууллагын жагсаал хийх тухай мэдэгдлийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам”-ын дагуу батлагдсан жагсаалтад бүртгэгдээгүй гэж бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж, талбайд жагсаал.хийх тухай мэдэгдлийг.дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал хийхээр төлөвлөсөн гудамж, талбайн нь хоёр буюу түүнээс дээш.дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол.нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.” гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн жагсаал хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хариуцагч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбайгаас Ю.Цэдэнбалын талбай хүртэл явахаар чиглэлээ тодорхойлон зургаар гаргаж хавсарган хүргүүлсэн байхад хуулийн дээрх заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 өөр дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарсан гудамж, талбайд жагсаал хийх талаар мэдэгдэлд тусгаагүй байхад хуулийн энэхүү заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзах боломжгүй.
Харин нэхэмжлэгчийн жагсаалд оролцох 250 орчим хүнийг цуглуулж жагсаалыг эхлүүлэхдээ цуглах цэг болгосон Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбай нь нийтийн эзэмшлийн бус хувь хүний нэр дээр газар эзэмших бүртгэлтэй байсан нь тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 1461300402 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургаар нотлогдсон байна.
Гэвч нэхэмжлэгчийн жагсаал эхлэх цэгээ сонгосон талбай нь бусад этгээдийн эзэмшилд байдаг нь тогтоогдсон хэдий ч хариуцагч “Л төв” НҮТББ-ийн мэдэгдэлд дурдсан “.....жагсах чиглэлийг өөрчлөх шаардлагатай эсэх талаар хариу өгнө үү.” гэсэн зөвшилцөх агуулгатай хүсэлтийг харгалзалгүй бүртгэхээс татгалзсаныг зөвтгөх боломжгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайг сонгосон нь жагсаал хийх мэдэгдлийг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн бол энэ талаараа хуульд нийцсэн шийдвэр гаргаж, маргаан бүхий 1/2019 дугаар албан бичигт ойлгомжтой тусгах үүрэгтэй.
Гэтэл дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн тайван жагсаал хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзахдаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ.”, энэ зүйлийн 4 дэх хэсэгт “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй.” гэсэн заалтуудтай нийцээгүй гэж дүгнэв.
Түүнчлэн хариуцагч жагсаал хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзахдаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд бүртгэхээс татгалзах өөр нэг үндэслэл болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам”-д жагсаал, цуглаан хийх түүнийг бүртгэхтэй холбоотой ямар нэг зохицуулалт тусгагдаагүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн жагсаал хийх мэдэгдлийг татгалзсан шийдвэр гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, талбайд спорт, урлаг, уран сайхны, баяр ёслолын болон тэдгээртэй адилтгах арга хэмжээг зохион байгуулах журам”-ыг үндэслэсэн бөгөөд энэ журмыг мэдэгдэлд заагаагүй хэдий ч агуулга нь тусгагдсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Учир нь хариуцагч жагсаал хийх мэдэгдлийг татгалзсан хариу өгөхдөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргахдаа дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан дээрх журмын заалтаас үндэслээгүйн дээр, өмнөх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны үед мөн “Нийслэлийн гудамж, талбайд спорт, урлаг, уран сайхны, баяр ёслолын болон тэдгээртэй адилтгах арга хэмжээг зохион байгуулах журам”-ыг ишлэж тайлбарлаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Жагсаал цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Л төв” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/2019 дугаар мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, “Л төв” НҮТББ-ын жагсаал хийх мэдэгдлийг хуульд нийцүүлэн бүртгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СДЗДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР