Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 006/2015/0007/З |
Дугаар | 221/МА2015/0297 |
Огноо | 2015-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2015/0297
Ч.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Э-н нэхэмжлэлтэй, Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 05/10564 дугаар бүхий албан тоотын дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэн миний албан тушаалын цалингийн хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэгдсэн үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнгээр 90.1 оноо А буюу маш сайн гэж дүгнэгдсэн дүнг надад мэдэгдэж, зөвшилцөлгүйгээр дур мэдэн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 85.1 оноо В буюу сайн гэсэн үнэлгээ болгон засварласан ба ингэж үнэлгээг бууруулсан үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 05/10564 дугаар бүхий албан тоотын дагуу албан тушаалтанд тавигдах хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж байгаа нь нэгэнт цаг хугацаандаа дүгнэгдээд баталгаажсан байсан. Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг дураараа засварлажТөрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах зааврыг зөрчсөн цаашлаад хэрвээ ТМ телевизэд ажил үүргийнхээ дагуу хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд өгсөн ярилцлагыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх тохиолдолд уг үйлдэлд цалингийн 30 хувиар 2 сар бууруулах тушаал, үр дүнгийн гэрээний үнэлгээг бууруулсан үйлдэл зэрэг нэг зөрчилд нэг хариуцлага ногдуулан, нэг зөрчилд хэд хэдэн хариуцлага давхардуулан оногдуулахыг хориглоно гэсэн хуульд тусгагдсан үндсэн зарчмыг зөрчсөн.
Иймд Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай тушаалыг хүчингүй болгуулж, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хэвээр үлдээлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, ....бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах-аар заасны дагуу МАХЦЧХ-ын улсын байцаагч Ч.Э-т албан тушаалын цалингийн хэмжээг нь 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар хүлээлгэсэн болно.
Нэгжийн менежер Д.Н нь Улсын байцаагч Ч.Э-н 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүтэн жилээр дүгнэж, 90.1 буюу А үнэлгээ өгсөн ба дараагийн шатны дарга менежерийн үнэлгээг эс зөвшөөрч сахилгын шийтгэл хүлээлгэсэн тул тусгай захиалгат 4 ажил, үйлчилгээний нэг дэх ажил, үйлчилгээ Улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, сахилга хариуцлагаа дээшлүүлэн манлайллыг төлөвшүүлэх-ийн оноог хасч бууруулсан ба дундаж оноо 28 гарсан. Ингээд нийт ажил үйлчилгээ, тусгай ажил үйлчилгээ, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлтийн дундаж оноонуудыг нэмж 85.1 буюу В үнэлгээ өгч баталгаажуулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийн хэлбэр гэдэгт сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах гэсэн ойлголт хамаарна. Тус газрын удирдлагын гаргасан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар улсын байцаагч Ч.Э-т хуульд заасанчлан сахилгын шийтгэлийн нэг хэлбэр болох цалинг бууруулах арга хэмжээ авсан болно.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.9, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6, 5 дугаар зүйлийн 5.17, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаартай Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай тушаалыг хүчингүй болгож, үлдсэнийг буюу 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Сахилгын шийтгэл ногдуулсан талаар:
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан үзээд Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Ч.Э- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Иймд улсын байцаагч Ч.Э-т дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэж, цаашид хууль тогтоомж хэрэгжүүлэн ажиллах талаар тодорхой арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэсэн тул Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/10564 тоот албан бичгийг тус газар нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор хүлээн авсан.
Улсын байцаагч Ч.Э-т сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал хамаардаг тул 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хуульд заасан хязгаарлалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон байх тул сахилгын шийтгэл хүлээлгэх хариуцлагын хэлбэрийг хэлэлцэж шийдвэр гаргасан болно.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрт ...Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Э-н гаргасан тухайн зөрчлийг дээрх хууль, журамд заасны дагуу шалгаж тогтоох бүрэн эрх, чиг үүргээ холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэлгүй зөвхөн Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоосон гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан, түүний Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан гомдлыг албан ёсоор хянан шалгаж шийдвэрлээгүй нь тухайн харилцааг зохицуулсан хууль болон журмыг зөрчжээ гэсэн байна.
Улсын байцаагч Ч.Э- нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргасан байх ба хариу албан тоотоор 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/184-д дурдсанаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газар аливаа иргэн, хуулийн этгээдээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг тул манай байгууллагын зүгээс түүний гаргасан шийдвэрийг хянан үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй болно. ...Таны үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлтсийн дарга 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, дээд шатны албан тушаалтан буюу газрын дарга 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус баталгаажуулж зурсан байх бөгөөд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичгийг үндэслэл болгон үнэлгээг бууруулснаа тайлбарласан байна. Та дээрхи үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Д- аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын нийтлэг үндэслэлийн 1.2 дахь хэсэг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлийг зүйлчилж тусгасан байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна-аар, заасан зөрчлийг гаргаагүй тул дээрхи журмыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь эрх зүйн үндэслэлтэй болно.
Олон нийтэд хяналт шалгалтын талаархи мэдээллийг хэрхэн түгээх талаар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 107 дугаар тушаалаар батлагдсан Олон нийтэд мэдээлэл түгээх журам-ыгнийт улсын байцаагч нар үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана. Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг энэхүү журмыг Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд мөрдөх бөгөөд журмын заалтыг зөрчих нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ыг баталсан. Энэхүү байгууллагын стандартад удирдамж гэдэг нь хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд удирдлага болгох баримт бичиг. Улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бүрт удирдамж батлуулна гэж заасан.
Улсын байцаагч Ч.Э- нь батлагдсан удирдамжид заасан асуудлын хүрээнд хяналт шалгалт болон урьдчилан сэргийлэх хяналтыг тавьж ажиллах ёстой. Гэтэл ТМ телевизэд өгсөн гэх мэдээлэлд өмнөх онуудад хийгдсэн хяналт шалгалтын үеийн эрсдэлийн үнэлгээг дурдсан нь батлагдсан удирдамжид заасан асуудлын хүрээнд мэдээлэл хийгээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалтын дүн эцэслэн гарсан бол шалгалтын дүн мэдээг өмнөх онтой харьцуулж ярьж болно. Гэхдээ шалгалтын эцсийн зорилго, хийж гүйцэтгэх ажил маань юу билээ гэдгийг улсын байцаагч ойлгох нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн тухайгаа улсын байцаагч Ч.Э- нь нэгжийн удирдлага болох Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Н, Сургалт, олон нийттэй харилцах багт албан ёсоор тухайн үед нь мэдэгдээгүй, жилийн эцсийн тайланг гаргах явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн тухайгаа нэгтгэлд мэдүүлсэн.
Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар:
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журмын 2 дугаар хавсралтад заасан Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал-ын 6 дугаар зүйлийн Дараагийн шатны даргын тэмдэглэл-ийн 6.2 дахь заалт Хэрэв дараагийн шатны дарга менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байвал Зөвшөөрөхгүй гэсний дараах нүдэнд гэж тэмдэглэнэ. Энэ тохиолдолд дараагийн шатны дарга менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, өөрийн үнэлгээг бичнэ. Энэхүү үнэлгээ нь гэрээний биелэлтийн эцсийн үнэлгээ болно гэж заасны дагуу үнэлгээг бууруулсан тэмдэглэл хийсэн. Энэ тухай нэгжийн менежер Д.Н, улсын байцаагч Ч.Э- нарт мэдэгдэж танилцуулсан.
Нэхэмжлэгчийн зүгээс тавьсан нэг зөрчилд хэд хэдэн хариуцлага давхардуулан ногдуулсан гэх асуудал нь
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийн хэлбэр гэдэгт сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах гэсэн ойлголт хамаарна.
Тус газрын удирдлагын гаргасан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар улсын байцаагч Ч.Э-т хуульд заасанчлан сахилгын шийтгэлийн нэг хэлбэр болох үндсэн цалинг бууруулах арга хэмжээг авсан болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах-аар, заасан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан шийдвэр гаргаж хариуцлага хүлээлгэсэн асуудал байхгүй.
Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь хэсэгт заасны дагуу харьяалах газарт нь асуудлыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Үр дүнгийн гэрээний илтгэх хуудасны үнэлгээг бууруулсан асуудал нь сахилгын шийтгэл ногдуулсны үр дагавар юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо хамааралтай нэг асуудлыг хоёр салангид асуудал мэтээр авч үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
Иймд Захиргааны анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Ч.Э- нь Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/10564 дугаар бүхий албан бичгээр Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Ч.Э- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг баримтлан хариуцлага хүлээлгэж, хууль тогтоомж хэрэгжүүлэн ажиллах талаар арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу хариуцагч нь зар сурталчилгаатай холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.
Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралт Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулсан байна гэж, мөн журмын 5-т сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана а/зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах гэж заасан.
Хариуцагч Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоосон гэх үндэслэлээр төрийн захиргааны албан хаагч болох нэхэмжлэгч Ч.Э-т сахилгын шийтгэл ногдуулахдаа зар сурталчилгааны хязгаарлалтыг зөрчсөн эсэхийг буюу сахилгын зөрчил гаргасан эсэхийг дээрх журамд заасны дагуу шалгаж тогтоох үүрэгтэй байтал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн...бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулахаар тус тус заажээ.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуй нэгж байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь Д- аймгийн Мэргэжлийн хяналтын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10-02-007/288 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Дархан meat фүүдс ХХК-д хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх явцдаа ТМ танин мэдэхүйн телевизээр Таны мэдээ мэдээллийн хөтөлбөрөөр тус компанийн махны үйлдвэрт олон улсын НАССР стандартыг нэвтрүүлжээ нэртэй 10 минутын нэвтрүүлэгт оролцож Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байна. 2012 онд дунд эрсдэлтэй үнэлэгдэж байсан бол НАССР тогтолцоо нэвтрүүлснээр тус үйлдвэр нь 2013 онд эрсдэл буурч бага эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр гэж албан үүрэгтэйгээ хамаарал бүхий мэдээлэл өгснийг тухайн компанийн талаар зар сурталчилгаа явуулсан гэж үзэх боломжгүй юм.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.1-д Төсвийн шууд захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл менежер нь гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно гэж заасан байх тул 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ