Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 12

 

2019            01              23                                                 12

 

О.М, М.Мя нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: О.М, М.Мя,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан, Ю.Нямсүрэн,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.М, М.Мя нарт холбогдох, эрүүгийн 201710000124 дугаартай, 2 хавтас, 502 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ю.Нямсүрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн .......суманд төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрмийн мастер мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ....... ХХК-д жолоочоор ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44 дүгээр гудамжны ....... тоотод оршин суух, урьд 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Гөрөөчин овогт О-ийн М /РД:ЙР900....../-нд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, аав дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ....... сумын 3 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, Дөвхөн овогт М-ын Мя /РД:ЙР900........../ нарт мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.О-ийн гэрт байхдаа түүний алтан ээмгийг цүнхнээс нь авч хулгайлсны улмаас 483550 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сард тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.О-ийн Бүрдэнэ булаг дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 3050000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө яллагдагч М.Мятэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин хэрэглэж тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.О-ийн Бүрдэнэ булаг дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 11680000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч М.Мя нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14 нд шилжих шөнө яллагдагч О.Мтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин хэрэглэж тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.О-ийн Бүрдэнэ булаг дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 11680000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Мг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч М.Мяг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих, шүүгдэгч М.Мяд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, М.Мя нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн цагдан хоригдсон 293 хоногийг, шүүгдэгч М.Мягийн цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгаас 4000000 төгрөг гаргуулан улсын орлого болгож,

Шүүгдэгч О.М, М.Мя нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч М.Мяд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсанаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Мя-гийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан.  Гомдол гаргасан гол үндэслэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангиар шийтгэгдсэн энэ нөхцөлтэй холбогдуулаад хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Мягийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд хамрагдаж байгаа. Энэ анх удаагийн үйлдэл маань тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн байдаг. Учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Хэрэг үйлдэгдсэнээс хойш цаг хугацааны хувьд тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Мягийн хувьд өөр ямар нэгэн хэрэгт холбогдоогүй, ажил төрөл хийж, өөрийн хөдөлмөрөөрөө тодорхой хугацаанд төлөвшиж хүмүүжсэнээ харуулж чадсан нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хэлмээр байна. Тухайн хэрэгт түүний оролцооны байдлаараа онцлог. Учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд хоригдсон ч гэсэн өмгөөлөгчөөрөө дамжуулан ар гэрийнхэнтэйгээ холбогдож хохирол төлбөрөө төлж барагдуулсан учраас хохирогчоос ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлсэн байдаг. Эрүүгийн хариуцлагын эцсийн зорилго нь хувь хүний төлөвшил, хүмүүжилд чиглэгддэг учраас түүний эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.М-гийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс 2018.12.18-ны өдөр 167 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Мд 2 жил 3 сарын хорих ялыг оногдуулсан. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 11337950 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан байгаа. Мөн хохирогч Оийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Дагийнамжилаар дамжуулан хэлсэн байдаг. Шүүгдэгч Мгийн хувьд 327 хоног цагдан хоригдсон, энэ хугацаандаа гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж ухаарсан. Түүний хувьд 2004.09.09-ний өдөр анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээд ялын хэмжээ дуусч 2006 онд суллагдсан байдаг ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байсан хугацаа нь тухайн хууль үйлчилж байх хугацаанд дуусгавар болсон учраас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс эдгээр нөхцөл байдал болон хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд 2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Мя давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбаргүй гэв.

Шүүгдэгч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би 1 жил гаруй хоригдсон. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгосон. 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгч нарын гаргасан саналтай холбогдуулан хэлэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийг хэрэглэх эрх зүйн зохицуулалт нь өөрөө шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүхэд гаргаж байсан. Энэ ялын саналаа дэмжиж байна. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, хохирол төлбөрийг харгалзаад хорих ялыг сонгож хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.М-г хохирогч Н.О-тэй түр амьдарч байх хугацаанд  буюу 2016 оны 10 дугаар сард түүний цүнхнээс нь алтан ээмэг хулгайлж 483.550 төгрөгийн,  Сайншанд сумын 2 дугаар багт орших хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт ганцаараа нэвтэрч 2 нэрийн 3.050.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө шүүгдэгч О.М, М.Мя нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт нэвтэрч бэлэн мөнгө 2050.000 төгрөг, 6 нэрийн тамхи, Сэрүүн нэрийн пиво 24 ш зэрэг 11.680.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О.Мд 2 жил 3 сарын хорих ял, М.Мяд 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолд хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Мяд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч М.Мягийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын давж заалдсан гомдлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Н.Оийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Х.Ариунаа, М.Болортуяа, Н.Одонтунгалаг, Д.Чулуунбат нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцуулсан, хэргийн оролцогчдоос нэмж шалгуулах хүсэлтийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд гаргаагүй, хохирогч Н.Оээс шүүхийн шатанд хохирол бүрэн төлөгдсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “Хууль ёсны байх” зарчмын дагуу явагдсан,  оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангаж ажилласан байна гэж тус тус үзэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэгдэх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар дээрх үйлдэл нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 1-д нийцжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Тэнсэх” зохицуулалт нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жил жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэсэн нөхцөл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Тэнсэх, албадлагын арга хэмжээ” болж өөрчлөгдсөн.

Тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заагджээ.

Эндээс үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулсны дараа тэнсэж хянан харгалздаг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн өөр агуулга бүхий нөхцөлтэй зохицуулалт болж өөрчлөгдсөн, шүүгдэгч нарт холбогдох хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэхэд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь шинэчлэгдсэн хуулиар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймээс эдгээр үндэслэлүүдээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх зохицуулалтыг одоо хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан  гомдлыг хангах боломжгүй юм.

Харин шүүгдэгч М.Мя нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж арилгасан, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж, гэмшиж байгаа, МСҮТ-д мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрэхгүйгээр буюу 1 жил 3 сарын хорих ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ түүнийг нийгэмшүүлж хүмүүжүүлэх гэсэн “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж үзлээ.

Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох нөхцөл болж байна.

Шүүгдэгч О.Мгийн ялтай байдал дуусаж ялгүй болсон хэдий ч урд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан, одоо 3 удаагийн давтан үйлдлээр хохирогч Н.Оийн эд хөрөнгийг хулгайлсан зэрэг байдлуудыг харгалзаж давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба түүнд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд нь тус тус тохирсон, хүнд биш ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан нь “Шударга ёсны зарчим”-д нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Мягийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын “шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч М.Мяд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтын “... шүүгдэгч М.Мяд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

“... Шүүгдэгч М.Мяд эд хөрөнгө хураахгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүгдэгч М.Мягийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч О.М, М.Мя нар нь тус бүр 36 хоног цагдан хоригдсныг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС