Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2017/00073/И |
Дугаар | 326 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р баг, тоотод оршин суух овгийн С О //-ын, аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух А.Уээс // 101075000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
Хариуцагч А.Уийн С.Оаас 102000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 4 сарын 24-ний өдөр,
Нэхэмжлэгч С.Оын нэхэмжлэлийн шаардлагаа 39300000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2017 оны 8 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.О
Хариуцагчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга И.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Уээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү нь 47,800,000 төгрөг, нийт 137,800,000 төгрөг болж байгаа юм. Гэтэл миний бие 2015 оны 11 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 13-ны өдөр м2 үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон 70м2 гурван өрөө, 56,25м2 хоёр өрөө нийт 138,875,000 төгрөгийн үнэ бүхий байрыг А.Уийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 238,875,000 төгрөг болж байна. Иймд А.Уээс зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238,875,000-137,800,000=101,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэвч 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш зээлсэн зээл, өмнөх зээл, зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэлтэй болоод байна. Учир нь 2015 оны 03 сарын 01-ний өдөр 17а байрны 01 тоот 70м2 гурван өрөө, 13 тоот 56,25м2 хоёр өрөө байрыг үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 138,875,000 төгрөгийн үнэ бүхий байрыг тус тус А.Ут шилжүүлэн захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Ийнхүү зээл, зээлийн хүүг нарийвчлан бодож үзвэл 90,000,000 төгрөгийн зээл 8,500,000 төгрөгийн хүү, нийт 98,500,000 төгрөг гарч байгаа юм. А.У нь миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Тэгэхээр зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238,875,000-98,500,000=140,375,000 төгрөг болж байна. Иймд өмнөх нэхэмжилж байсан 101,075,000 төгрөг дээр нэмэгдүүлэн 39,300,000 төгрөг нэмж, нийт 140,375,000 төгрөгийг А.Уээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.У шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Отай 2014 оны 12 сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 02 сарын 01-нд 20,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 90,000,000 төгрөг авсан. С.Онь үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 44,700,000 төгрөг, алданги нь 67,350,000 төгрөг, нийт 202,050,000 төгрөг төлөх ёстой. Үүнээс С.Онь 2015 оны 11 сарын 06-нд 45,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгт тооцож Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг тооцож шилжүүлж нийт 100,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 102,000,000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд С.Оаас 102,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Мөн С.Оын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаад байгаа 2 байрыг Жигүүр оргил ХХК-аас 2015 оны 11 сарын 03-нд шилжүүлэн авсан. Иймд С.Оын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 09 сарын 07-нд товлогдсон шүүх хуралдаанд миний бие оролцохгүй, өмгөөлөгч Х.О оролцох болно. С.Оын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч А.Ут холбогдуулан 140,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч А.У нь нэхэмжлэгч С.Оаас 102 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “А.Уээс нийт 90 сая төгрөг зээлж авсан, түүний хүүд 8500000 төгрөг төлөх ёстой. Түүнд өгсөн байрны үнэ 138875000 төгрөг, бэлнээр 100000000 төгрөг, нийт 238875000 төгрөг болж байгаа ба түүнээс зээл, зээлийн хүү нийт 98500000 төгрөгийг хасаж үлдэх 140375000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнд шилжүүлж өгсөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 17А байрны 1 давхрын 1 тоот 70 м.кв талбайтай 3 өрөө, 3 давхрын 13 тоот 56,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь миний өмчлөлийнх бөгөөд тухайн үед 1 м.кв нь 1100000 төгрөгийн үнэ ханштай байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдоно” гэж,
Хариуцагч нь “4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 90 сая төгрөгийг С.Од зээлүүлсэн. С.О нь 100000000 төгрөгийг төлсөн. Түүний хүү, гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход одоо 102000000 төгрөг төлөх дутуу байгааг гаргуулж өгнө үү. Яриад байгаа 2 орон сууц нь “Жигүүр оргил” ХХК-тай холбоотой өөр тооцооны асуудал байгаа тул зээл, зээлийн хүүд оруулан тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч С.О нь хариуцагч А.Уэс 2014.12.1-ний өдөр 50 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй /хх-ийн 4-5-рт/, 2015.2.1-нд 20 сая төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй /хх-ийн 8-9-рт/, 2015.4.1-ний өдөр 10 сая төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй /хх-ийн 6-7-рт/, 2015.4.30-ны өдөр 10 сая төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй /хх-ийн 2-3-рт/ тус тус зээлж авсан болох нь нотлогдож байна. Үүний төлбөрт 100000000 төгрөгийг 2015 оны 12 сард мөнгөөр өгсөн гэдгийг 2 тал 2-уул хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно. Харин нэхэмжлэгч нь Жигүүр оргил ХХК-аас авах ёстой 2 орон сууцыг хариуцагч А.Ут шилжүүлж, А.Унь зөрүү тооцоог бодон надад буцаан өгөх ёстой байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч нь зөвшөөрөхгүй, уг байр нь Жигүүр оргил ХХК-тай өөр тооцоотой байр юм гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Их тойруугийн 17 А байрны 1 давхрын 1 тоот 3 өрөө 70 м.кв, 3 давхрын 13 тоот 56,25 м.кв талбай бүхий орон сууцнуудын өмчлөгч болох нь Жигүүр оргил ХХК, С.О нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах хэлцэл” /хх-ийн 106/, “Жигүүр оргил” ХХК-ий Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2015 оны 11 сарын 12-ны өдрийн 2015/65 дугаар албан бичиг /хх-ийн 105/, гэрч О.Сгийн мэдүүлэг /хх-ийн 141-рт/-ээр тус тус тогтоогдож байна. Мөн орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1100000 төгрөг байсан /хх-ийн 130-132–рт/ бөгөөд нийт үнэлгээ нь 138875000 төгрөг болж байна. Хариуцагч тал нь дээрх орон сууцнуудыг Жигүүр оргил ХХК-аас өөр тооцоонд авсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь дээрх баримтуудыг үгүйсгэж чадахгүй байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 17 А байрны 01 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай гурван өрөө орон сууц /хх-ийн 56–рт/, мөн байрны 13 тоот хаягт байршилтай 56,25 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц /хх-ийн 35-рт/-нуудын өмчлөгчөөр А.У нь 2015 оны 11 сарын 3-ны өдөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оын өмчлөх эрх дуусгавар болж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хариуцагч А.Ут үүсжээ. Иймд 2015 оны 11 сарын 3-ны өдөр дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх ёстой байсан өрөнд төлсөн гэж үзэхээр байна.
Зохигчийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-нүүдийн 3.1 дэх заалтад “Зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно.Энэ нь хоёр талын гарын үсэг эсхүл банкны баримтаар баталгаажна” гэж /хх-ийн 2, 4, 6, 8-рт/ заажээ. Эндээс харахад зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг эргүүлэн төлж болохыг талууд гэрээгээр харилцан тохиролцсон байна. Иймээс 2014 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээний /хх-ийн 4-5-рт/ хугацаа дуусахаас 28 хоногийн өмнө, 2015 оны 4 сарын 30-ны өдөр байгуулсан 10 сая төгрөгийн зээлийн гэрээний /хх-ийн 2-3-рт/ хугацаа дуусахаас 27 хоногийн өмнө, 2015 оны 2 сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний /хх-ийн 8-9-рт/ хугацаа дуусахаас 28 хоногийн өмнө тус тус зээлийг төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Эндээс тооцож үзэхэд 2014 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 27667000 , 2015 оны 4 сарын 30-ны өдөр байгуулсан 10 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 3050000, 2015 оны 2 сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү 9067000, 2015 оны 4 сарын 1-ний өдөр байгуулсан 10 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 1200000, нийт 40984000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Үндсэн зээл нийт 90000000 төгрөг, түүний хүү 40984000 төгрөг, нийт 130984000 төгрөгийг С.О нь А.Ут төлөх ёстой байсныг 2015 оны 11 сарын 3-ны өдөр 2 орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр төлсөн байна.
Хариуцагч А.Уийн өмчлөлд шилжүүлсэн 2 орон сууцны нийт үнэ 138875000 төгрөгөөс, нэхэмжлэгч С.Оын хариуцагчид төлөх ёстой байсан 130984000 төгрөгийг хасч тооцоход гүйцэтгэх ёстой үүргээс 7891000 төгрөгийг илүү төлсөн байна гэж үзэхээр байна. Үүнээс гадна 2015 оны 12 сард төлсөн гэх 100000000 төгрөгийг хариуцагч авсан гэх тайлбарыг /хх-ийн 21–рт/ шүүхэд ирүүлсэн, аваагүй гэж маргахгүй байгаа тул нийт 107891000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч С.Од буцаан өгөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч А.Уийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь нийт 140375000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас дээрхи төлбөл зохих үнийн дүнгээр хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч А.Уийн нэхэмжлэгч С.Оаас 102000000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээл, зээлийн хүү төлөгдөж дууссан байхад гэрээнд зааснаар гэж үндэслэн алданги тооцон нэхэмжилж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Аын Уээс 107891000 /нэг зуун долоон сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32184000 /гучин хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Уийн нэхэмжлэгч С.Оаас 102000000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1017775 төгрөгийг, хариуцагч А.Уийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 667950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уээс 697405 /зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ