Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0244/З |
Дугаар | 806 |
Огноо | 2019-11-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 806
2019 оны 11 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2019/0806 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б /РД:**********/, Д.Т /РД:**********/
Хариуцагч: БОАЖС,
Нэхэмжлэлийн шаардлага: “иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг БОАЖС-д даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, нэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь тухайн газарт 2005 оноос хойш оршин сууж байсан. 2008 оноос Х дүүргийн 1******* хорооны иргэдийг хаягжуулах ажил явагдсан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нар 2008 оноос хойш тухайн газарт албан ёсны хаягтай болсон. 2015 оноос эхлэн тухайн газартаа удаан хугацаагаар оршин суусан иргэдэд газар эзэмших эрх олгож байсан боловч тухайн үед БОАЖЯ-наас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгоогүй юм. Гэтэл тухайн газрыг “Т” ХХК-нд давхардуулан олгосон байсан ч одоо энэ зөрчил бүрэн арилсан байгаа тул бусад иргэдийн адил газар эзэмших эрхийг олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан..., ...Тухайн үед хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний гэрчийн мэдүүлгээс харахад нэхэмжлэгч нар нь тухайн газарт 2005 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа бөгөөд тухайн газартаа хаягийн бүртгэлтэй болсон байгаа юм. “Т” ХХК нь гуравдагч этгээдээс хассан шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй болохоор хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нь БХУ-ын ХЗ-нд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт “газар эзэмших гэрчилгээ гарчихсан байгаа” гэж хэлж байна. Хэрэв үнэхээр нэхэмжлэгч нарын газар эзэмших гэрчилгээ гарчихсан байсан бол миний хувьд арай өөр тайлбар хэлэх байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг БХУ-ын ХЗ-ны саналыг үндэслэн БОАЖЯ олгодог..., ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байдаг. “Т” ХХК-ийн газар эзэмших эрх нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар үүссэн. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтээ гаргасан гэдгээ бичсэн байсан. Тэгэхээр “Т” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Х*******, 1******* хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө ******* гудамж 8б тоотод оршин суудаг гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага нь зураг төслөө батлуулаад, түүнийгээ үндэслэн БОАЖЯ-нд хүсэлт гаргаж, нэгж тайлбарыг дугаар аваад манай байгууллагаас түүнийг зөвшөөрсөн тохиолдолд Улсын нэгдсэн бүртгэлд оруулдаг..., 1981 оноос эхлэн Богд Хан-Уулыг тусгай хамгаалалтад авсан. Тухайн газрыг хамгаалалтад авсан тушаал шийдвэр байсаар байтал өөрсдийн дураар очиж амьдардаг зөндөө иргэд байдаг. Үүнтэй холбоотойгоор маш их маргаан үүсэж байдаг болохоор тодорхой болзолтойгоор гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх олгодог. Гэтэл нэхэмжлэгч нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр буусан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэг, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь анх Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхардуулан “Т” ХХК-д олгосон БОАЖС-ын 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 тоот газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаалын дээрх хоёр иргэний газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг БОАЖС-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг БОАЖС-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс Х*******-ийн 1******* хороо, ******* гудамж, 8 тоот хаягт, Д.Т нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс Х*******-ийн 1******* хороо, ******* гудамж, 8 тоот хаягт бүртгэлтэй болсон нь УБЕГ-ын УБТА-ын иргэний бүртгэлийн лавлагаагаар, тухайн хаягт амьдардаг болох нь Х*******-ийн 1******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, мөн иргэний паспорт зэргээр тогтоогджээ.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2005 оноос 2018 он хүртэлх сансрын зургийг нэхэмжлэгч нарын кадастрын зурагтай давхцуулан ирүүлсэн байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нар нь 2008 онд тус хаягт бүртгэлтэй болсон ч дээрх 2005-2018 оны агаарын зургаар нэхэмжлэгч Г.Б, Д.Т нар гэр барин амьдарч байсан болох нь харагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богд Хан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах ЗА-ны 1******* хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 6 дугаар сар, 2018 оны 0******* сарын 28-ны өдөр тус тус БОНХАЖЯ-ны Богд хан уулын дархан цаазат газрын ХЗ-нд хандан газар ашиглах гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байжээ.
Гэвч БОНХАЖЯ-ны Богд хан уулын дархан цаазат газрын ХЗ уг хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд сүүлд 2019 онд дахин хүсэлт гаргахад “өргөдлийн хавсралтад байгаа кадастрын зургийн солбилцлын цэг нь дархан цаазат газарт, газар ашигладаг “Т” ХХК-ийн ашиглалтын талбайтай давхцалтай байна” гэх хариуг хүргүүлсэн байна.
Түүнчлэн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр газар ашиглах гэрчилгээ бүхий “Т” ХХК-ийн ашиглаж байгаа газартай нэхэмжлэгч Г.Б-ийн газар бүхэлдээ, Д.Т-гийн газар тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/141******* албан бичгээр ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь 2005 оноос маргаан бүхий газрыг ашиглан, уг газар дээр бодитойгоор амьдарч байснаас үзэхэд маргаан бүхий газрыг “Т” ХХК-ийн ашиглалтын талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарт ашиглуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус бөгөөд Газрын тухай хуулийн 3******* зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой байхад “Т” ХХК-д газар ашиглуулах шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргахдаа тухайн газрыг бодит байдал дээр өөр бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг үзээгүй, хэмжилт, кординатжуулах ажлыг хийлгүйгээр олгосон нь буруутай байна.
Дээрх байдлаар амьдран сууж буй газраа ашиглахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгч нарт нээгдсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 1.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа гэж шүүх дүгнэв.
Гэхдээ БОАЖС-ын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын хавсралтаар “Т” ХХК-д 1.0 га газрыг ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал арилсан гэж үзэхээр байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн газарт газар ашиглуулах харилцааг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
Шүүхээс хариуцагчийн эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцож, нэхэмжлэгч нарт газар олгохыг даалгах эрх байхгүй тул нэхэмжлэгч Г.Б, Д.Т нарын газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль журмын дагуу шийдвэр гаргахыг хариуцагч БОАЖС-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Б, Д.Т нарын газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг БОАЖС-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ