Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар  2020/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

 

2020       10         16                                                2020/ШЦТ/327

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нударган сартуул овогт Ваангүрийн Гүрдорж, Сэнгэ овогт Чимэддагвагийн Цэрэндондог нарт холбогдох 2021004690335 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг Ульхан гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Нударган сартуул овогт Ваангүрийн Гүрдорж. /РД: *******/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг Атар гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сэнгэ овогт Чимэддагвагийн Цэрэндондог. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Нударган сартуул овогт Ваангүрийн Гүрдорж нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “Зүүн зүрх” гэх газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөө, 54-42 УНЯ улсын дугаартай Бонго Фронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж зөвшөөрөлгүйгээр ойд шинэс модыг бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч Сэнгэ овогт Чимэддагвагийн Цэрэндондог нь 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 54-42 УНЯ улсын дугаартай Бонго Фронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Улсын баярын дараа ...Цэрэндондог нар руу залгаад “ахаа хашааны шон байна уу, хашаагаа сэлбэх гэсэн юм ... та бэлдээд өгөх боломж байна уу” гэхээр нь би зөвшөөрсөн... 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Цэрэндондогийн эзэмшлийн “BONGO FRONTER”  маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр бензин моторт хөрөөгөө ачаад гэрээсээ 10 гаруй км газарт байх “Зүүн зүрх” гэх газарт очиж 16 ширхэг шинэс төрлийн модыг тайрч унагаад  2.50 метрийн урттайгаар голоор нь хөрөөдөж тайраад  гэртээ тээвэрлэж ирсэн... Ингээд Цэрэндондогт модоо ирж ав гэж хэлсэн. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-10 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Р.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын ... экологийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батбаярын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад ... тус сумын 4 дүгээр баг Хар хошуу гэх газрын баруун талын замаар мод ачсан тээврийн хэрэгсэл урд зүг рүү явж байхад нь шалгасан. Уг тээврийн хэрэгсэл Фронтер маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба жолооч нь ******* гэх хүн жолоодож байсан. Тухайн автомашины тэвшин дээр нийт 33 ширхэг бөөрөнхий шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн явж байсан. ... Баян-Уул сумын сум дундын ойн ангийн инженер А.Оюунтөгсийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр 264334 төгрөгний байгаль, экологид хохирол учирсан ... тус хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар тал/

 

Гэрч Р.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  манай найз ******* өөрийнхөө эзэмшлийн 5442 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баян-Уул сум руу рашаан, болон хуучин муудсан малын хашааны шонг солих санаатай явсан. ... Баян-Уул сумын Ульхан гэх газарт байх Гүрдорж гэх айлын гэрт бид хоёр очсон. Цэрэндондог тэр таньдаг ах болох Гүрдоржоос ямар модыг нь сайн мэдэхгүй байна малын хашаандаа шон хийнэ гээд 33 ширхэг бөөрөнхий мод авсан. ... улмаар урагшаа Цагаан-Овоо сум явдаг  замаар явж байхад их удалгүй араас нэг машин хүрч ирээд зогсоотол машин дотроос цагдаа, байгаль хамгаалагч нар бууж ирээд шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

 

 - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15 дугаар тал/

- Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/76 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 17-19 дүгээр тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 дугаар тал/

- Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/74 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 24-25 дугаар тал/

- Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зргийн үзүүлэлт /хх-ийн 28 дугаар тал/

- Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/75 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 29-30 дугаар тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар тал/

- Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зргийн үзүүлэлт /хх-ийн 34 дүгээр тал/

- Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  ******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “Зүүн зүрх” гэх газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөө ашиглан ойд мод бэлтгэж, 54-42 УНЯ улсын дугаартай “BONGO FRONTER” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд 264334 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 54-42 УНЯ улсын дугаартай “BONGO FRONTER” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн  гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.Бямбадорж, гэрч Р.Бат-Амгалан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/74, 4/75, 4/76 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч *******, *******  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас 264334 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ийн хууль бусаар бэлтгэсэн 33 ширхэг шинэс модны экологи эдийн засгийн хохирлыг 793002 төгрөг гэж тогтоов.

 

Шүүгдэгч ******* нь хууль бусаар бэлтгэсэн модны хохирол болох 793002 төгрөгөөс 265000 төгрөгийг Дорнод аймгийн Баян-Уул сумын Байгаль хамгаалах сангийн 10007115405 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшилийн BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,  шүүгдэгч *******ийн өмчлөлийн мотортой хөрөө зэргийг хураах  санал гаргасныг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Нударган сартуул овогт Ваангүрийн Гүрдорж, Сэнгэ овогт Чимэддагвагийн Цэрэндондог нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Уг тээврийн хэрэгсэл нь Даваа овогтой Гантөмөр гэх хүний нэр дээр байдаг. Би 2015 онд 7.500.000 төгрөгөөр худалдан авч, тооцоогоо бүрэн барагдуулсан. Өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм...” гэх мэдүүлгээр /хх-ийн 42 дугаар тал/ тогтоогдож байх тул прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14ий өдрийн 4/74, 4/75, 4/76 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмчлөлийн “BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******ийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотортой хөрөө, гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйл болох 33 ширхэг шинэс мод  зэргийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн эзэмшилд, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотортой хөрөө *******ийн эзэмшилд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 264334 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 33 ширхэг шинэс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотортой хөрөө, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 264334 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 33 ширхэг шинэс модыг хураан авахдаа гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 793002 төгрөгийг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нударган сартуул овогт Ваангүрийн Гүрдоржийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн, шүүгдэгч Сэнгэ овогт Чимэддагвагийн Цэрэндондогийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ваангүрийн Гүрдоржийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Чимэддагвагийн Цэрэндондогийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч *******оос  гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 793002 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 264334 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4/74, 4/75, 4/76 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хураан авч улсын орлогод,

шүүгдэгч *******ийн эзэмшлээс БНХАУлсад үйлдвэрлэсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотортой хөрөө, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 33 ширхэг шинэс буюу 264334 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 793002  төгрөгийг нөхөн төлүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “BONGO FRONTER” маркийн 54-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн, мотортой хөрөө нь шүүгдэгч *******ийн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 264334 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 33 ширхэг шинэс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн *******, шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улсаас учруулсан хохиролд 265000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА