| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0598/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/65 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, Улсын яллагч Д.Цолмон, Хохирогч Д.Баттуяа, Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох 2016 2501 2536 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Жаргалант суманд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 20 дугаар гудамжны 315 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, М овогт Пгийн Н /РД: / Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: П.Н нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автомашины замаар 04-26 УНМ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 13-45 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Д.Баттуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Нын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баттуяагийн өгсөн: “Цэцэрлэгт хүрээлэнгийг замаар явж байхад шүүгдэгч сигналдаад байхаар нь би зам тавьж өгөөд нөгөө талын эгнээ рүү дарахад өөр машин явж байхаар нь би буцаад эгнээндээ орсон. Тэгэхэд шүүгдэгч яаж яваад байгаа юм өлөн гичий минь буугаад ир, алъя гэхээр нь би буугаад очиход миний гарыг хугаласан. Би юм оёдог хүн. 2 сар гараа гипсдүүлээд явсан. Наадмын өмнө нилээд захиалга авсан байсан ч тэрийгээ хийж чадаагүй. Одоо ажлаа хийж чадахгүй байна. Тухайн үеийн өвчний акт баримт байхгүй. Би 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баттуяагийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр хойд талын зам дээр баруунаас зүүн чиглэлтэй зам дээр өөрийн эзэмшлийн 13-45 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай явж байхад 04- 26 УНМ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашинтай залуу миний зүүн талаар шахаад байхаар нь зай тавьж өгөөд явж байхад дахин буруу талаар орж ирээд шахаад байхаар нь миний уур хүрээд уг автомашины урдуур өөрийн автомашины хамрыг оруулаад зогсоосон юм. Тэгээд би автомашины аятайхан явж болохгүй байна уу гэж хэлээд явах гэж байхад нөгөө автомашин барьж явсан залуу өлөн гичий минь буугаад ир гэж хэлэхээр нь чамайг цагдаад хэлнэ шүү гэж хэлэхэд цагдаа хүртэл чинь хамт явна шүү гичий минь буугаад ир гэж хэлэхээр нь автомашинаасаа бууж очоод одоо чи буугаад ир яах гэж байгаа юм гэж хэлэхэд нөгөө залуу автомашинаасаа бууж ирээд миний цээжнээс зуурахаар нь тавиулах гээд хоёр гарнаас барихад зүүн гарын чигчий хурууг мушгисан бөгөөд тухайн үед гар эвгүй болсон нь цагдаа дуудах гээд гар утсаа гаргаж ирээд залгах гэтэл яриулахгүй миний баруун гарыг цохиж гар утас газар унагаасан юм” гэх мэдүүлэг /хх.9/, Мөрдөн байцаалтанд гэрч Н.Лувсандоржийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 04-26УНМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота королла маркийн автомашинтай Баянзүрх дүүргийн 26 дутаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ертөнцийн зүгээр хойд талын автомашины замын баруунаас зүүн чиглэлтэай замаар явж байсан юм. Тухайн үед миний автомашиныг манай найз Наагий барьж явсан бөгөөд харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан юм. Тэгээд бид хоёрыг явж байхад дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинтай эмэгтэй манай автомашины урдуур хааж зогсож байгаад автомашинаас бууж ирээд манай найз Наагийг жолооч талын онгорхой байсан цонхоор гараа оруулж ирээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар цохиж маргаан үүсгэсэн юм. Тэгээд манай найз Наагий автомашинаас буугаад нөгөө эмэгтэйтэй маргаж зууралцаад ноцолдоод байсан бөгөөд харин автомашинаа хөдөлгөөд Цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлуулаад байж байхад манай найз Наагий хүрээд ирсэн. Тэгээд бид яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.11/, 3 Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Октябрийн өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24- ний орой 20 цаг өнгөрч байхад манай эхнэр Баттуяа миний гар утас руу залгаад миний чигчий хуруу хугарсан юм шиг байна. Сая нэг автомашинтай залуу намайг зодчихоод явлаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дээр ирэхэд эхнэр Баттуяагийн зүүн гарны чигчий хуруу нь хавдсан байсан. Тэгээд эргэж Баттуяагийн хамт Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан. Тэгээд ГССҮТ орж эхнэр Баттуяагийн гарыг үзүүлэхэд зүүн гарны чигчий хуруу нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд гарандаа гипс тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх.46/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8895 дугаартай: “1. Баттуяагийн биед зүүн сарвуу 5 дугаар хурууны 4 дүгээр шивнүүрийн далд хугарал, баруун мөрөнд зулгаралт, зүүн тавхайн 1 дүгээр хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.13/, Мөрдөн байцаалтанд шинжээч Б.Ганзоригийн өгсөн: “... зүүн сарвуу 5 дугаар хурууны 4 дүгээр шивнүүрийн далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь хатуу, мохоо зүйл, цохих, цохилцох, хурууг мушгих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.50/, Мөрдөн байцаалтанд П.Нын сэжигтнээр өгсөн: “... тэгээд би нөгөө эмэгтэйгийн зүүн гарыг таллаж атгаад ар талд нь гараад тэвэрсэн юм” гэх мэдүүлэг /хх.55/, Гэрч Г.Оюунтунгалагийг байцаасан тэмдэглэл /хх.40-41/, Гэрч Н.Лувсандоржийг байцаасан тэмдэглэл /хх.42/43/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.64/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн 4 байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ. П.Н нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автомашины замаар 04-26 УНМ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 13-45 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Д.Баттуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх.9/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баттуяагийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Н.Лувсандорж /хх.11/, Ц.Октябрь /хх.46/, шинжээч Б.Ганзориг /хх.50/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 8895 дугаартай дүгнэлт /хх.13/, мөрдөн байцаалтанд П.Нын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх.55/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо. Иймд шүүгдэгч П.Ныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч П.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын 3.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул хохирогч Д.Баттуяа нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг мөн дурдвал зохино. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. М овогт Пгийн Ныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 5 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг П.Нд сануулсугай. 4. П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Хохирогч Д.Баттуяа нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдэс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Нд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР