Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 14

 

 2019            01              23                                                 14

Э.С, Э.Г нарт холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: Э.С, Э.Г,  

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан, Б.Дагийнамжил,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.С, Э.Г нарт холбогдох, эрүүгийн 1819003110149 дугаартай, 1 хавтас, 173 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эгч, 3 дүүгийн хамт Сайншанд сумын 4 дүгээр баг, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хондогочой овогт Э-ын Г /ЕС98032........./,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн МСҮТ-ийн туслах машинистын 1 дүгээр курст суралцдаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Сайншанд сумын ..... дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Начин овогт Э-ийн С /ЕЮ9......../ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.С, Э.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүгд найрамдах Өмнөд Солонгос улсын иргэн Park keunwoo-г зодож, улмаар 750000 төгрөгийн үнэ бүхий гар утас, түрийвч зэргийг нь авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсны улмаас 1168750 төгрөгийн хохирол, хохирогч Park keunwoo-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Начин овогт Э-н С, Хондогочой овогт Эр-ын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Э.С нарыг тус бүр 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Э.С нарт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Э.Г нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Э.Г, Э.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ггийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ггийн хувьд 20 настай бөгөөд насны онцлог байдлаараа Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтад хамаарагдах бөгөөд гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээс өсвөр насны хүнд тооцогдох аливаа үйл баримт тогтоогдоогүй гэсэн нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь бие физиологи, сэтгэл зүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санааны хөгжлөөр тодорхойлогдож хязгаарлагдах бус гагцхүү уг хүний төлөвшил хүмүүжилтэй холбогдон энэ бүгд хөндөгдөн дүгнэгдэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна. Тиймээс Г-гийн хувьд гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсны гадна тохиолдлоор анх удаагаа уг хэрэгт холбогдсон байдал, түүний хувийн төлөвшил засрал хүмүүжлээрээ заавал нийгмээс тусгаарлагдах хэмжээнд хүрээгүй болох онцлог байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.С-ийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо хохирогчид учруулсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн гэмтэл мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөхрөлт няцралт үүсээгүй, зовиур шаналгаа байхгүй, биеийн байдал сайн, нүд бага зэрэг улайлттай байдал нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний эргэлзээд байгаа нэг зүйл бол тухайн хүний биеийн байдлыг тодруулж чадаагүй юм бол дахиад үзүүлж харуулаад ч юм уу, эргэлзээгүй байдлыг тодруулах байсан. Мөн анхан шатны шүүх үргэлжилсэн гэмт хэрэг үү, хэд хэдэн гэмт хэрэг үү гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийлгүй тус тусад нь ял оногдуулсанд гомдолтой байна. Миний хувь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь үргэлжилсэн үйлдэл биш гэж үзэж байгаа. Эдгээр хүүхдүүд санамсаргүй байдлаар хохирол учруулсан юм уу, зодоё гэж байгаад дээрэмдчихсэн юм уу, дээрэмдье гэж байгаад зодчихсон юм уу гэсэн асуудал байгаа. Мөн хохирлын талаар тодорхой бус байна. Яг юу юуны үнэ нийлээд 1168750 төгрөг болоод байгаа нь тодорхойгүй байгаад гомдолтой байна. Утас, түрийвч 2-ыг үнэлсэн байдаг. Утас түрийвч 2-ыг үнэлэхдээ воноор үнэлчихлсэн. Воныг яаж үнэлээд байгаа нь тодорхойгүй байна.  Хэргийн бодит байдлаас үзэхэд... гэмтэл учруулах санаа зорилго агуулсан юм уу, хөрөнгөд халдах зорилготой юу гэдэгт прокурор яллах дүгнэлтдээ хүч хэрэглэж авахаар довтолсон гэж заасныг шүүх үндэслэн ял шийтгэсэн байна. Машин дотор шүүгдэгч нарыг хохирогч цохиж зодсон асуудал байдаг. Ийм үйлдэл болсон талаар шалгаагүй, орхигдуулсан байна. Хохирогч гадаад явчихсан. Ингэхээр хөнгөн хохирол учруулсан гэж үзэж ял ногдуулах үндэслэлтэй эсэх талаар дахин хянаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр Солонгос хүн машин дотор С бид 2-ыг цохиод байсныг хэргийн нөхцөл байдалд оруулаагүй байна лээ гэв.

Шүүгдэгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгос иргэн машинд сууснаас эхлээд ардаас хашгирч, цохиж байсан. Утасны дэлгэцийг хагалсан байгаа гэв.         

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын хувьд хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэдэг асуудлыг гаргаж ирж байна. Анхан шатны шүүхэд мөн энэ асуудал яригдаж байсан. Үүн дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээд хохирогчийн биед бодит үзлэг хийсэн болох нь тогтоогдож байна. Хохирогчийн биед бодит үзлэг хийгээгүй гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн шинжээч 2018.10.30-ны өдөр гаргасан дүгнэлтэндээ БНСАУ-ын Park Keunwoo-ийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв. Орчуулагчийн хэлсэнээр одоо зовиурлах зүйл байхгүй. Нүд бага зэрэг улайлттай гэж байгаа. Ухаан санаа саруул, асуусан зүйлд хариулна. Хэсэг газрын үзлэгт дээд, доод зовхины улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн нүдний дотор салстад улаан ягаан өнгийн цус харвалттай, энэ нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нарын үйлдэл оролцооны хувьд Дагийнамжил өмгөөлөгч хөнгөн хохирлыг шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс учруулчихав гэдэг нь эргэлзээтэй гэж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс харахад хоёулаа хохирогчийн нүүрэнд цохисон, мөн өшиглөсөн гэдэг нь тогтоогддог. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

Хохирол төлбөрийн тухайд гар утасны болон түрийвчний үнэлгээнээс өөр үнэлгээ байхгүй гэдэг асуудлыг ярьж байна. Үүн дээр шүүгдэгч нар нь хохирогчоос түрийвчийг нь авсан. Гар утсыг үнэлүүлсэн. Түрийвчинд байсан виза карт, бичиг баримтууд мөн 155000 вон, 70000 төгрөг байсан. 70000 төгрөгийг шүүгдэгч нар 35000, 35000 төгрөгөөр хувааж авсан байдаг. 155000 воны үнэлгээг тухайн өдрийн Монгол банкнаас авсан ханшаар монгол мөнгөөр тооцож тогтоосон байгаа. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ггийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Сий өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокурорын яллах дүгнэлтэд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн орчимд шүүгдэгч нар нь таксины үйлчилгээ хийж явахдаа БНСУ-ын  иргэн Park Keunwoo-г баранд хүргэх явцдаа түүнийг харанхуй газар аваачин зодож улмаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэний улмаас түүнд 1168750 төгрөгийн хохирол учруулсан, ийнхүү эд хөрөнгийг нь дээрэмдэх явцдаа түүний бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргүүдийг тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэж буюу бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ггийн гэрчээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... машинаас буухгүй машин дотор тамхи татаад суугаад байхаар нь би машины хаалгыг онгойлготол буугаад ирсэн. Тэгээд би таксины мөнгөө авъя гэж хэлтэл гадаадаар яриад байхаар нь гэдэс рүү нь баруун хөлөөрөө нэг удаа жийсэн чинь грашны үүдэнд унаад цаашаа босоод гүйхээр нь араас нь гүйж очоод бариад автал намайг цохих шиг болохоор нь араас нь боогоод газар унагаагаад дээрээс нь дараад сууж байтал С нэг удаа өшиглөөд би зүүн гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон, тэгтэл С грашны үүднээс нэг утас олоод наад хүний чинь утас мөн үү гэж асуугаад газраас аваад буцааж өгөөгүй авсан, тэгэхээр нь би тэр хүний куртик рүү хартал түрийвч нь халаасанд нь харагдаж байхаар нь би түрийвчийг аваад машин руу гүйгээд цааш явсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-р талд/,  шүүгдэгч Э.Сий гэрчээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ггаар буулгаад урагшаа яваад эргээд хартал Г нөгөө солонгос хүнтэй зууралдаад зогсож байхаар нь би салгах гэж очоод солонгос хүний нүүр лүү баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, хөлөөрөө мөр рүү нь нэг өшиглөсөн, тэгтэл тэр үед гар утас нь уначихаар нь утсыг нь би аваад, түрийвчийг нь манай найз Г авсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р талд/ -ээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч нар хоёулаа хохирогчийн нүүрэн тус газар нь тус тус нэг, нэг удаа гараараа цохисноо хүлээн мэдүүлж байгаа, мөн харилцан бие биенээ гэрчлэн мэдүүлсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Park Keunwooд зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд учирсан ба зүүн нүдний дотор салстын цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирлыг учруулсан болох нь 02/0357 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/-ээр тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцуулсан, хэргийн оролцогчдоос нэмж шалгуулах үндэслэл бүхий санал хүсэлт гараагүй, хохирогч болох БНСУ-ын иргэн Park Keunwoo нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гар утас, мөнгөө буцааж авсан, надад энэхүү дээрмийн талаар цаашид ямар ч гомдол байхгүй бөгөөд Солонгост буцаж очих ажлын нарийн хуваарьтай учир миний хүсэлтүүдийг хүлээж авна уу” гэсэн хүсэлтийг бичгээр /хх-ийн 73-74/ гаргасан байна.

Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийн талаар мөн хэргийн оролцогчдоос дүгнэлтийг зөвшөөрөөгүй, нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах талаар санал хүсэлт гаргаж байгаагүй,  02/0357 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/ нь хохирогчийг өөрийн биеэр нь болон 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн зовиуруудад тус тус үндэслэж гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар “Шинжилгээ хийлгэх журам”-д нийцэж гарсан гэж үзнэ.

эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчимд нийцсэн, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна.

Шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба анхан шатны шүүх шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй  1 жилийн хорих ялыг шүүгдэгч тус бүрт оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ба  “Шударга ёсны зарчим”-д нийцсэн хүнд биш ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтээр дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг прокурор 1.168.750 төгрөг гэж үнэлснийг  хохирогчид хүлээлгэн өгсөн Солонгос улсын мөнгөн тэмдэгт буюу 155.000 вон /хх-ийн 15/-ыг Монгол банкнаас зарласан ханш /хх-ийн 106/ -аар тооцоход 348750 төгрөг, шүүгдэгч нарын мэдүүлснээр хохирогчийн түрийвчинд байсан 70.000 төгрөг байсныг 35.000, 35.000-аар нь хувааж авсан гэсэн мэдүүлсэнд үндэслэж монгол төгрөг 70.000 төгрөг, ipone7 маркийн гар утсыг үнэлгээний  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлснээр 750.000 төгрөг зэргээр тус тус тооцоход яллах дүгнэлтээр тогтоосон 1.168750 төгрөгийн хохирлын хэмжээнд хүрч байна.

Шүүгдэгч Э.Г 20 настай, цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсрол эзэмшиж бие физиологийн болон оюун санааны хувьд нийгмийн харилцаанд төлөвшсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1,  8.7 дугаар зүйлийн 1-т зааснуудыг тус тус журамлан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв, үндэслэлтэй болсон.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Э.Г-гийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1,  8.7 дугаар зүйлийн 1-т зааснуудыг тус тус журамлан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай,  шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Б.Дагийнамжилаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд нь тус тус үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ггийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Сий өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Г, Э.С нар нь  36 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС